Showing posts with label 103. Яруу найраг - Б. Эрдэнэсолонго. Show all posts
Showing posts with label 103. Яруу найраг - Б. Эрдэнэсолонго. Show all posts

2020/05/18

103-2. Хавар – Б. Эрдэнэсолонго

Өвснүүд шөнөжин архидаж хоноод
Өглөө нь шараа тайлмагц дахин үргэлжлүүлж
Өдөржин уугаад, үдэш нь төрсөн өдрөө тэмдэглэж


Төд удалгүй хоорондоо зодолдож эхэлмэгц
Уурандаа тэднийг цагдаа дуудаж өгчхөөд
Унтахаар хэвтэхэд нойр хүрэхгүй,


Шөнөжин хар дарж согтуу өвснүүд зүүдлэгдээд
Хашхирсаар сэрэхэд, суллагдсан өвснүүд


Дахин ямар нэгэн баяр тэмдэглэж, намайг зүхэн
Хундага харшуулж байхыг сонсоод
Хавар болсныг ойлгов.


Уйлах хэцүү, инээх хэцүү


103-1. Намар – Б. Эрдэнэсолонго

Цэцэгс, эрвээхий болон нисэх нь намар цаг


Галзуурсан үнээнүүд хашааны оройд суугаад
Саяхан татсан өвсний үнэрт мансууран
Галуудын тухай ярилцаж чанга чанга хөхрөлдөнө


Чийртэй хүйтэн бороо эцэс төгсгөлгүй цутгаад
Чилж хүндэрсэн зовхио буулгахад ч тээртэй


Цус сорогчдоос хамгийн хорлонтой нь шумуулууд
Тэд хүртэл хэн нэгэнд дайсагнахаа болиод
Хошуугаа тэврэн уйлалдах нь намар цаг


Навчис өндрөөс унаж амиа хорложээ
Нар өндрөөс унаж амиа хорлохыг завджээ


Үхэх нь үхэж, үлдэгсэд зөвхөн хахир өвлийг
Хэрхэн угтах талаар нухацтай ярилцана …
Цэцэгс эрвээхий болон нисэх нь намар цаг