Showing posts with label 102. Яруу найраг - Б. Батзаяа. Show all posts
Showing posts with label 102. Яруу найраг - Б. Батзаяа. Show all posts

2020/05/27

102-18. Ганцхан удаа ... - Б. Батзаяа

Ганцаараа, хүмүүсийн дунд чихээ бөглөөд
Ганцаараа, хүмүүсийн дунд нүдээ аниад
Ганцаараа, энэ бүхнээс залхахдаа хүмүүсийн дунд
“Ганцхан удаа, ганцхан удаа” гэж өөртөө хэлдэг


Хүнд өдрүүд, бүрхэг ирээдүйд дараатай сэтгэлээ
Хүмүүсээс нууж үлдсэн сүүлчийн ганц мэдрэмжээ
Гартаа атган, дэлхийтэй “баяртай” гэж салах ёс хийгээд
“Ганцхан... одоо ганцхан удаа” гэж өөртөө хэлдэг


Анхны гэхээр зүйл надад юу ч үлдсэнгүй ээ
“Ай, үүнийг л тэвчихгүй” гээд гараа дэлгэдэг
Атгасан гараа зөөлөн дэлгэвэл алган дотор минь
Амьдралаас үлдсэн сүүлчийн таашаал гэрэлтэж үзэгддэг
Чимх чимхээр хөөрөх мэдрэмж... тэгээд мэдээж
Чиний тухай хамгийн сайхан дурсамж, бас хөгжим


Ганцхан удаа мэдрэхийг хүсэвч
хэн нэгний төлөө, яагаад ч юм
Гараа атган халаасандаа хийгээд
хүмүүсийн дунд шингэдэг
Хүмүүсийн дунд, хүмүүсийн дунд, хүмүүсээс залхаад
Хүслээ чагнавал “Ганцхан удаа, ахиад ганцхан удаа...


102-17. Бүх зүйл нойтон байх болно... - Б. Батзаяа

уйтгар минь ердөө л энэ-одоо би хутга барьж чадахгүй
гутарлаа ч согтотлоо уухгүй, гудамжаар гуйван алхахгүй
цасаар бөмбөлөг хийж, бас, чамайг тэвэрч уйлахгүй
цаашид миний харах, бүх зүйл нойтон байх болно... 


өвдөлт  минь ердөө л энэ-ахиж би чин сэтгэлээсээ инээхгүй
өмнөх шигээ бардам байхгүй, өширлөө ч гомдохоос хэтрэхгүй
хожихгүй бас ялахгүй, хэзээ ч ил гарахгүй
хойшид миний мэдрэх, бүх зүйл нойтон байх болно...


102-16. Алив нулимсаа арч, уруулаа буд, хөшиг нээгдэх нь, нүдээ ань... - Б. Батзаяа

Агшин хором бүрийг анзаараагүй, өвдөөгүй дүр эсгэе
Амьдрал ийм хойно яая гэхэв, амьдарч л байя
Чи нүдээ ань, би ч нүдээ аньчихъя
Чихгүй, нүдгүй, зүрх сэтгэлгүй болж жүжиглэе
Тэгвэл л, тэд биднийг жүжигчид гэхгүй!


Уруулдаа бага зэрэг инээмсэглэл зуугаад
Урдуур чинь огт танихгүй хүн шиг өнгөрье
Ямар нэг юм сэмхэн шиг солилцож
Янжуурын утаан дундаас нууцхан харалцъя
Тэгвэл л, тэд биднийг хуурамч амьтас гэхгүй!


Алга ташилт хүлээх хэрэггүй, мэхийж болохгүй, зүгээр л жүжиглэ
Алив нулимсаа арч, уруулаа буд, хөшиг нээгдэх нь, нүдээ ань... 


2020/05/24

102-15. Унтарч ч мэдэх зул минь - Б. Батзаяа

Унтарч ч мэдэх зул минь
гэрэлтүүлэх чадвараа гээж болохгүй шүү!
Тэмтрэх төдийхөн тэмүүллийг минь
тээж яваа хүндлэлийг минь
ургаж байгаа ширхэг өвсийг
угаар нь суга татчихаж болохгүй шүү!


Өндөрт намайг аваачдаг үүл минь
салхинд сарниж болохгүй шүү!
Харахын төдий хайрыг минь
үнэрлэх төдийхөн шуналыг минь
үргэхдээ амархан итгэлийг минь
унтраалгүй авч үлдсэн бяцхан цуцлыг
усанд дүрчхэж болохгүй шүү!

2020/05/22

102-14. Ганцхан удаа ... - Б. Батзаяа

Ганцаараа, хүмүүсийн дунд чихээ бөглөөд
Ганцаараа, хүмүүсийн дунд нүдээ аниад
Ганцаараа, энэ бүхнээс залхахдаа хүмүүсийн дунд
“Ганцхан удаа, ганцхан удаа” гэж өөртөө хэлдэг


Хүнд өдрүүд, бүрхэг ирээдүйд дараатай сэтгэлээ
Хүмүүсээс нууж үлдсэн сүүлчийн ганц мэдрэмжээ
Гартаа атган, дэлхийтэй “баяртай” гэж салах ёс хийгээд
“Ганцхан... одоо ганцхан удаа” гэж өөртөө хэлдэг


Анхны гэхээр зүйл надад юу ч үлдсэнгүй ээ
“Ай, үүнийг л тэвчихгүй” гээд гараа дэлгэдэг
Атгасан гараа зөөлөн дэлгэвэл алган дотор минь
Амьдралаас үлдсэн сүүлчийн таашаал гэрэлтэж үзэгддэг
Чимх чимхээр хөөрөх мэдрэмж... тэгээд мэдээж
Чиний тухай хамгийн сайхан дурсамж, бас хөгжим


Ганцхан удаа мэдрэхийг хүсэвч
хэн нэгний төлөө, яагаад ч юм
Гараа атган халаасандаа хийгээд
хүмүүсийн дунд шингэдэг
Хүмүүсийн дунд, хүмүүсийн дунд, хүмүүсээс залхаад
Хүслээ чагнавал “Ганцхан удаа, ахиад ганцхан удаа...”


2020/05/21

102-13. Шүүрс алдам ийм уянгалаг хорвоод - Б. Батзаяа

Шүүрс алдам ийм уянгалаг хорвоод
Шүлэг уншдаггүй хүмүүсийн дунд амьдрах...
Хавар явж буйг,
зун үргэлжилж, намар ирж буйг
Харах, төсөөлөх
эсвэл, юуг ч юм хүлээх


Шүүрс алдам ийм амьдрал
Шүлэг уншдаггүй хүмүүсийн дунд
Шүлэг бичих, ганцаардах
эсвэл, санаашрах
Навч, үүлсийн гоо үзэсгэлэн, бас
шувуу нисэх эрх чөлөө
Намар цагийн хувирал хийгээд
үхэл, хагацал, төөрөгдөл


Шүүрс алдам ийм уянгалаг хорвоод
Хавар мартагдаж, зун өнгөрөөд
Намар, өвөл ирж буйг
Харсаар байж
шүлэг бичдэггүй хүмүүсийн дунд
Шүлэг бичиж амьдрах минь даанч...


102-12. Шиврээд дуусчихсан борооны дараа ... - Б. Батзаяа

Шиврээд дуусчихсан борооны дараа
чиний тухай бодох...
Чиний тухай бодож суухад
чийг үнэртэх...


Шийдвэр гаргах хэцүүг мэдэн
чимээгүй суух...
Чив чимээгүй суух тусам
чиний л тухай бодлууд...


Болоод л өнгөрчих агшнуудыг
хадгалан үлдэх тухай
Бороо зогссоны дараа
нойтон өвс ширтэнгээ бодох...


102-11. Хайран юм - Б. Батзаяа

Хайран юм. 
Ахиж чиний шүдэнд хазуулж
Уруулд чинь шимүүлэхгүй нь
Ахиж чамайг харуулдан сууж
Ахиж чамд хардуулахгүй нь


Нүд рүү чинь ширтэж инээмсэглээд
Нүцгэн биеийг чинь арчиж өгөхгүй нь
Хүнгүй өрөө хайн тэнэж
Харанхуй шөнөөр хашгиран гүйлдэхгүй нь
Хайран юм.


"Амьдрал бол хууран мэхлэгч дөчтэй эр"
гэхийг чинь сонсож
Ахиж чамтай согтотлоо уухгүй нь
Галт тэрэгний зогсоолд хөтлөлцөн очоод
Ганцаархнаа ямар нэг өртөөн дээр шартсан сэрэх шиг
Чамтай ахиж уулзахгүй нь
Чамайг инээтэл чинь ярьж, уйлтал чинь хайрлахгүй
Хайралмаар цангинасан хоолойноос
Хамгийн итгэмгүй зүйлсийг олж сонсохгүй нь
Хайран юм.


102-10. Бүх зүйл ингэж буруугаар эргэхийг мэдсэн бол ... - Б. Батзаяа

Бүх зүйл ингэж буруугаар эргэхийг мэдсэн бол
би мөрөөдөхгүй
юунд ч итгэж найдахгүй байсан, гэвч
Бүгд л залуухан
ганцаардмал
бас, хэнийг ч юм эрж хайж явсан
Дуу хоолой ингэж ганцхан өндөрсөөд л, ахиж хоорондоо
дуугарахгүй болно гэж хэн нь ч санаагүй дээ...


Ахиад л ганцаардмал
чимээгүй
бас, юунд ч юм найдаад
Амьдарсаар л яваадаа би итгэж чадахгүйнээ.


102-9. Өвдөлт шинэ зүйл байхаа больж - Б. Батзаяа

Өвдөлт шинэ зүйл байхаа больж, заримд нь бууж өгөөд
Үс чинь нэг нэгээрээ унасаар л байвал
Чи амьд гэсэн үг.


Дурсамжуудаа шатаан дулаацаж
яагаад нисэж үзэж болохгүй гэж
Дурлах ч дээ, арай хүчтэй юм
мөөг ч юмуу олж идсэн нь дээр


Жинхэнэ мэдрэмж хүмүүсийн нүдэнд харагддаггүй, тиймээс
Жингүйдэж явааг чинь хэн нэг нь харчихна гэж зоволтгүй
Араасаа хөөлгөж хар хурдаараа зугатах уу
Амьсгаадана гэдэг дандаа сайхан зүйлийн ард ирдэг
"Одоо яг гурав тоолоод шүү! Нэг, хоёр, гурав..."
Ойр ойрхон ингэж хэлж байвал
Чи амьд гэсэн үг.


Үхэхээсээ өмнө ахиухан шиг хийж үзэх юмс:
Үнсэлцэх, хайрлах...
Хэрэв чи явах гэж байгаа бол
үлдэж буй хүмүүс
Тэмүүлэн одох мөчийг чинь хаанаа ч юм
тэмдэглэн авах болно
Тиймээс, Чи амьд гэсэн үг.


102-8. Амьдралд ийм их хагацал... - Б. Батзаяа

Амьдралд ийм их хагацал...
гэхдээ, учирлаасаа бага
Ахиад нэг л удаа намайг орхивол чинь
би чамайг үнэнээсээ хайрлана
Хайраар дүүрнэ...
Хайранд живнэ...
Хайрын жинхэнэ хүчийг...
Хамгийн хэцүү нь энэ бүхнийг ганцаараа мэдэрнэ.


Хайр хүнийг үхэлд хүргэж болох уу?
Болно гэж би боддог
Хамгийн гол нь үхэхийн тулд сэтгэл амьд байх хэрэгтэй гэж санадаг
Загасны хувьд гэрэл үхэл байдаг шиг
Заримдаа хайр, хэн нэгний сэтгэлд хор болж шингэдгийг мэддэг.


"Ирж яваа..."
Энэ л үгийн ид шидээр
Ийм олон сарыг цонхоор ширтэж барснаа гайхдаг
Нэг амьдралд даанч их хагацал
гэхдээ, учирлаасаа бага 
Нэг л удаа намайг орхивол чинь
би чамайг жинхэнээсээ хайрлана


102-7. Амьдралыг огт ойлгоогүй ... - Б. Батзаяа

Амьдралыг огт ойлгоогүй
Зүгээр л харсан, сонссон
Амьдралаас юу ч олж аваагүй
Ердөө л хүрсэн, амталсан
Амьдралаас юу ч сураагүй
Дандаа л алдсан, харууссан
Ахиад бүгд орхин явж, гэнэт эргээд ирэхэд нь
"Амьдрах хэрэгтэй" гэж өөртөө хэлсэн, дараа нь мартсан
Азгүй амьтныг цаашид ч хайрласаар байх уу?


Хэнийг ч ойлгох хүсэлгүй
Зөрүүд, өөрийнхөөрөө
Хэнд ч өргүй, хэнээс ч авлагагүй
Зоргоороо, тайван
Уйлж гомдоллохоос өөрөөр
хүнтэй харьцаж мэдэхгүй
Ухаангүй өдөр шөнүүдийн эцэст сая нэг тамхи асаагаад
"Уухаа болино" гэж өөртөө хэлсэн, дараа нь мартсан
Урагшгүй амьтныг цаашид ч хайрласаар байх уу?


102-6. Хүйтэнд даарахдаа би ... - Б. Батзаяа

Хүйтэнд даарахдаа би
чамайг боддог.
"Хөл чинь жижигхэн, алхаа чинь богинохон, зам урт"
ингэж бодохоор
хүйтэн санагдахаа больчихдог.


Хүнд гомдохдоо, итгэж хүлээхдээ
чамайг боддог.
"Хүлээсэн болов уу, гомдсон л байх даа"
гэж бодохоор
хүлээж гомдсон минь
хүлээж гомдсон шиг санагдахаа байчихдаг.


Амраглаж цэнгэсэн мөчүүд яахав дээ
тэнэглэл төдий
аль гэрлийн дор, ямар үгний илчинд
амьдарсан нэртэй үхэж
хагацсан нэртэй дотносов?


Гэрлийн жил шиг урт шөнүүдэд
бие чинь гэр
гэр чинь огторгуй шиг цэлийвч
цэлийсэн тэр их хоосон дунд
цэнхэр дэлхий шиг зүрхэндээ
цэг, цэг, цэг

102-5. Үл зогсох зүрхэн цаанаа ... - Б. Батзаяа

Үл зогсох зүрхэн цаанаа
нэг нэг совинтой, нэг нэг нууцтай
Үг байвч чи бидэн модод шиг дуугүй
Үхмэл цагийн чимээ салхи мэт
Үнгэгдсэн нандин-
алдран хийссэн навчис;
дурсагдах төдий өнгөрсөн.


Бийр биеийн минь нэг хэсэг
Бэх чиний минь нэг хэсэг
Бидний бичсэн-
биелээгүй ч зүүдлэгдсэн зүүд
Үг бидний хувьд хойд төрөл
Үнсэлт тиймээс түрхэн зуурын марталт
Алтан навчис, сэвхэт сар магадгүй учрах цаг
Алган дээр огтлолцсон зураас бүхэн уулзах ерөөл
Амьдрал ийм уудам, гунигтай байгаа нь зөн
Ай тэгээд чам руу гүйчихэж болохгүй байгаа нь үнэн.


Үл цохилох зүрхэн цаана үнэн бий
Үйрэн хорох өвлийн цаана он жилүүд бий
Уяран гэгэлзэх, уймран догдлох, итгэж хууртах
Уулзсан минь бодсон шиг бишийн цаана чи бий.


102-4. ... - Б. Батзаяа

Үлдэж хоцорсон хүмүүс юуг ч мартаагүй хэрнээ
үггүй, сэтгэл хөдөлгөх юмгүй аялгуу шиг болчихдог.
Хэн ч үгүй ганцаар үлдсэн тийм хүний дэргэд
хэлж ярих юмгүй, зүгээр л удаан суух дуртай, би.


Хамтдаа холоо алхаж
хэрэгтэй үед нь тэвэрч, хүсвэл нь унтаж, дурсамж үлдээж
хайртай байсан хүмүүсээ үгүйлж эхлэхэд нь
тамхи асаагаад
"хэнийг нь эхэлж ярих бол" гэж
хүлээж суух дуртай, хэн ч биш би.


Өргөсөөр хамгаалсан өндөг шиг
сахалтай уруул
өвдөлт дундаас ургасан жижигхэн эмэгтэй
даарсан үед нь дулаацуулдаг дурсамжуудыг үлдээсэн
дараа нь үхчихсэн
хэн ч биш байсан хүмүүсийн тухай
сонсох дуртай.


2020/05/18

102-3. 40 нас магадгүй - Б. Батзаяа

Амьдрал бол хууран мэхлэгч дөчтэй эр


Дөчин нас магадгүй амар амгалан байх
Дөнгөж сэрээд хувцаслахгүй ... халуун кофе байх
Эсвэл, дөчин нас Венедикт Ерофеев ч юм уу
Эвгүй нүд, мушгирсан царай, ширүүн сахал байх


Юу ч болсон огло харайхгүй хүнд бие
Юм бүхэнд Хөндлөнгөөс оролцох Камю, Сартр
Дөчин нас Петушки хүрэх галт тэрэгний тасалбар
Дөнгөж үхлийг таньсан Хуурмаг нүд, Ху Ши байх


Дөчин нас магадгүй Ян Тьерсен, Амели
Дөчин ширхэг хайч, дөчин ширхэг цэцэг байх
Хэн нэгнийг дурсахуй, хэн нэгнийг хүлээхүй, эсвэл
Хэзээ ч дуусахгүй найдвар, хэсэгхэн тэвчээр байх


Жинхэнэ бүхнийг хайх цуцаагүй жигүүр ч юм уу
Жизель, дуусашгүй шунал, дур тачаал байх
Дөчин нас, Ванесса Парадиг өвөртөө оруулсан Ницшэ
Дөрөвдүгээр сарын Сиена, аравдугаар сарын Рёккен байх


Дөчин нас магадгүй жинхэнэ хайр, өөрийгөө үл тоохуй
Дөт замаар удаан, маш удаан алхахуй байх
Эсвэл, дөчин нас талдаа орсон янжуур, гүн ухаан ч юм уу
Эмили Дикинсон, магадгүй, хүлцэн тэвчихүй байх


Хэнийг ч үзэн ядахгүй, нүдээ аньсан бүргэд
Хэврэг зөөлөн үүлсийн "Та..." гээд үлдэхүй байх
Дөчин нас магадгүй хэтэвч дүүрэн мөнгө
Төсөөллөө алдчихаад халаасаа нэгжихүй...
Өнөөдрөөрөө амьдрах эрх чөлөө байх