Showing posts with label 201. Клайв Эррикэр - Буддын шашин. Show all posts
Showing posts with label 201. Клайв Эррикэр - Буддын шашин. Show all posts

2020/05/21

201-4. Буддын шашин өнөө үед

Буддын шашин хэдийгээр Энэтхэгээс гаралтай боловч хэд хэдэн шалтгааны улмаас уугуул нутагтаа ихэд доройтож бараг мөхсөн байна. Гэсэн ч шашны номлогч нарын хичээл зүтгэлээр ялангуяа 1956 онд үүсгэн байгуулагдсан доктор Амбэдкарын хөдөлгөөний ачаар Энэтхэгийн хойд, урд, зүүн зүгт эргэн сэргэсэн болно. Амбэдкарын хөдөлгөөн нь нийгмээс гадуурхагдсан хүмүүсийг эл шашинд олноор нь хамруулах болсноос одоогийн байдлаар 3 сая 500-гаад мянган хүн эл шашинд ороод байна. Уг хөдөлгөөнд 1959 онд Хятадууд Төвдөд нэвтрэх үед зугтан гарсан олон тооны иргэд Энэтхэгт суурьшсан нь мөн нөлөөлжээ.


Буддын шашин Төвдөөс гадна Шри Ланка, Бирм, Таиланд, Японд ихэд дэлгэрч Хятад, Солонгос, Камбож, Вьетнамын улс төрийн тогтолцоонд тод нөлөөгөө үлдээсэн байдаг. Викториа хатан хааны үеэс Буддын шашин Англид дэлгэрч Ананд Мэйтрэй (Алан Бэннэт хэмээх англи хүн) ламын сургаалаар дамжин түгэн дэлгэрчээ. 1907 онд Их Британи, Ирландад буддын шашны сургаалыг номлох нийгэмлэг байгуулагдаж, энэ нь 1924 онд Британийн Буддын нийгэмлэг болон өргөжжээ. 1926 онд Лондоны Чизикт буддын вихара байгуулагдсан нь Их Британи дахь анхны сүм болно.


1979 оны байдлаар 74 нийгэмлэг бүртгэлтэй байсан бол 8 жилийн дараа 191 болон нэмэгдэж эдүгээ ч өсөн нэмэгдсээр байна. Эдгээрээс хамгийн том нь Тэравада буюу Зүүн Өмнөд Ази, Шри Ланкад түгсэн урсгал болно. Шри Ланкаас гаралтай нийгэмлэгүүд нь Лондонгийн буддын вихарад төвлөрдөг. Үүнээс гадна Ажан Чагийн үүсгэн байгуулсан Хартфордшир дахь Амаравати (мөнх настнуудын тив), Сассэкс дахь Ситтавивека (аниргүй ухамсар) сүмд төвлөрсөн Тай урсгалын ойн тусгаарлах нийгэмлэгүүд байна. Эл нийгэмлэгүүдийн лам, гэлэнмаа нар нь буддын шашинд орсон европ хүмүүс байна. Мөн Лондон хотын захаар тай урсгал, Бирмийн буддын сүм хийдүүд байрлана.


Төвдийн бурхан шашны 4н урсгал бүгд Их Британид дэлгэрсэн байдаг. Эдгээрээс томоохон нь Алвэрстон дахь Манзушрийн институт, Камбриа, Эскдалэмьюр дэх Сэмье Линг, Дамфрисшир, Йоркоос холгүй байрлах Мадьямика нар болно. Японы сото-зэн урсгалын томоохон төв нь Нортумбэрлэнд дахь Хэксэмээс холгүй орших төв, Бэркширийн Рэндинг дэх төвүүд байна. Түүнчлэн 1967 онд Их Британид Баруун дахь Буддагийн нийгэмлэгийн анд нөхөд хэмээх байгууллага байгуулагдаж Дэннис Лингвүүд хэмээх буддын шинэ урсгалыг ч бий болгосон байна.


АНУ-ын тухайд 19-р зууны сүүлээр олон тооны Япон, Хятад хүмүүс Калифорнид суурьшжээ. Ялангуяа 1902 онд цагаачлалын хуулиа чангатгасны дараа Хавайн арлууд дээр олон тооны япончууд очин суурьшсан байна. Ингэснээр Хавайн арлууд нь буддын номлогчдын гол түшиц газар болж уг шашин АНУ-д тархах үндэс болжээ. Энд түгэн дэлгэрэхдээ Буддын шашин багагүй өөрчлөгдсөн ч Америкийн урлаг соёлд маш ихээр нөлөөлж, тэр нь улмаар буддын шашны сонгодог институтийн хүрээ хязгаараас давж гарсан болно. 20-р зууны 2-р хагаст АНУ даяар хааяагүй буддын төвүүд олноор байгуулагдаж эхэлсэн Япон багш нар, тэр дундаа Шүнрю Сүзүки, түүний шавь Ричард Бэйкэрийн гавьяа хэмээдэг.


1959 онд Хятадууд Төвдөд нэвтэрснээр Далай лам Энэтхэг рүү зугтан гарсан явдал 20-р зууны буддын шашинд тохиолдсон хамгийн том үйл явдал хэмээн үздэг. Тухайн үед Төвдөд 6 сая хүн амтай байснаас тал хувь нь нүүдлийн аж ахуй эрхэлж байв. Ажил хийх чадвартай хүмүүсийн 1/3 нь хөдөө аж ахуйд ажил хөдөлмөр эрхэлж, нийт хүн амын 15% нь лам, нийтээрээ маш ядуу зүдүү амьдралтай байжээ. Олон зуун жилээр Төвд тусгаарлагдан нийгмийн хөгжилд анхаарал тавиагүйгээс хэдэн зуун жилийн тэртээ Далай лам нь шашин төрийг хослон барьсан тогтолцоо хэвээр байсан юм. Анхны Далай лам зүүн Төвдийн нүүдэлчин айлд мэндэлж түүнийг Чэнрэзи Бодьсадвагийн (Авалокитешвара) хойд дүр хэмээн хүндлэн биширчээ.


Төвдийн дүрвэгсэд Энэтхэг, Балба, Бутанд суурьшиж, дэлхий даяар 83 сургууль байгуулан, гадаад улс орнуудад нийт 117 сүм хийд барьж босгосон байдаг. Дармасалад Төвдийн анагаах ухаан, сансар судлалын их сургууль, Төвдийн судар бичгийн хүрээлэн, архив, Төвдийн гар урлалын сургуулийг тус тус байгуулсан болно.


20-р зуунд Барууны нийгэм, нийгмийн үнэт зүйлд тэравадын урсгал багагүй нөлөөгөө үзүүлсэн байдаг. Барууны нийгэмд Буддаг бүх цаг үеийн агуу эрдэмтэн, шинийг илрүүлэгч, нийгмийг шинэлэгч хэмээн таниулдаг. Тухайн үед Их Британид түгэн дэлгэрсэн протестант урсгалын адил эдүгээ Буддын шашны практик ач холбогдлыг илүү үзэн, сансар оршихунй зүй тогтол, бясалгалыг чухалчилдаг байр сууринаас татгалзах хандлагатай болжээ. Энэ шинэ байр сууринаас Буддаг танилцуулбал “Будда нь хүмүүсийн дундаас тодрон гарсан аугаа эрдэмтэн бөгөөд орчин үеийн эрдэмтдийн саяхан нээн илрүүлсэн тэрхүү зүйлсийн анх олж харсан гавьяатай. Тэрээр орчлон ертөнцөд матери буюу ухамсар хэмээн тусдаа орших зүйл нэгээхэн ч үгүйн дээр энэ хоёрыг ахуй орчинд бүрдүүлдэг төрөл бүрийн хүчний харилцан үйлчлэлийн үр дүнд юмс үзэгдэл бий болсон гэж үзэж байна. Эдгээр хүч нь заримдаа үүсэж, заримдаа устан алга болдог” гэж дүрсэлжээ.


201-3. Буддын шашны урсгалууд

Будда наян насандаа нирваан дүр үзүүлтлээ 45 жил сургаал номлолоо айлдаад паринирваан буюу төрөл арилжихаас үүрд ангижирчээ. Үүнээс цааш түүний шавь нар сургаал номлолыг нь аман хэлбэрээр дамжуулж байгаад МЭӨ 480 онд Буддын сургаалыг судар болгох цуглааныг зохион байгуулжээ. Раднашагрихд зохион байгуулагдсан уг цуглаанаар Буддын сургаалыг бичиглэн буулгах зорилго тавьж МЭӨ 380 онд Вайшалид буддын лам нар Винай-н ёсыг сахиж байгаагаа батлах зорилготой 2 дахь цуглааныг зохиожээ. Гэтэл 2 дахь цуглааны үед лам нар Буддын сургаалыг харилцан адилгүй ойлгож байгаа нь илэрч зөрчил үүссэн байна.


Уг зөрчил даамжирч 2 томоохон урсгалыг бий болгосны нэг нь Махаяна буюу Их хөлгөний урсгал, нөгөө нь уламжлалт арга барилыг өвлөн авсан Тэравада буюу Бага хөлгөний урсгал болно. Махаяна нь Энэтхэгийн зүүн хойд хэсэгт тархаж улмаар өнөөгийн Балба, Хятад, Төвд, Япон, Солонгос, Вьетнамд түгэн дэлгэрсэн бол Тэравада нь Энэтхэгийн зүүн өмнөд хэсгээр тархаж өнөөгийн Шри Ланка, Бирм, Тайланд, Камбож, Лаост тархжээ.


Буддын ариун судруудыг тэравадын лам нар МЭӨ 1-р зуунд Шри Ланкад 4 дэх удаагаа цугларахдаа бичиж тэмдэглэсэн гэдэг. Эдгээр судрууд нь Буддагийн ярьж байсан эртний Энэтхэгийн ярианы хэл болох пали хэлээр бичигдсэн байна. Ингээд судруудыг далдуу модны навчин дээр буулгаж Палийн ёс буюу Типитака хэмээн нэрлэдэг. Типитака нь гурван сагс гэсэн утгатай үг бөгөөд уг судар нь Винай-питака, Сутта-питака, Абхидам-питака гэсэн 3-н хэсгээс бүрдэж буйг илэрхийлжээ.


Винай-питакад лам нарын баримталбал зохих 227 зүйлийн ёс жаягийг бичиж тэмдэглэжээ. Сутта-питакад Буддын номлосон 4-н үнэн, 8-н шатлалт зам мөр, Буддын шашны ихэд дэлгэрсэн Дармападын судар болон Жатака-гийн номлол бичигджээ. Үнэний зам мөр гэсэн утгат Дармапада-д МЭӨ 563-483 онуудын хооронд цуглуулсан Буддын сургаал номлол багтана. Эдгээр нь тэравадын урсгалынхны даган мөрддөг ариун сургаалууд юм. Жатака нь Буддагийн урьд төрлүүдийн тухай домог ярианууд багтах ба 10-н зүйлийг /ууч сэтгэл, сайн санаа, элдэв төсөөллөөс зайлсхийх, мэргэн ухаан, зоримог шулуун зан, эрч хүч, тэсвэр тэвчээр, шударга зан, тусч сэтгэл, сэтгэл хөдлөл/ төгс эзэмшсэнээр буддын шашны туйлын зорилгод дөтлөх боломжтойг өгүүлнэ.


Абхидам-питакад буддын шашны ертөнцийг үзэх тухай өгүүллэгүүд багтана. Бодит амьдралаас ишилж бусад сургаал номлолуудаас ялгарч, ямар учраас давуу талтай болж байгааг ухуулан таниулах зорилготой эдгээр өгүүллэг нь гүн ухаан, сэтгэл зүйн хэв шинжийг тусгасан байдаг.
Тэравадын урсгалд хүн сансар оршихуйн тасралтгүй эргэлдэх хүрднээс мултарч архад /арахант/ болохын төлөө хичээн зүтгэх ёстойг номлодог. Тэравадын урсгалд Буддын сургаалыг ёсчлон мөрдөж, амьсгал хураасныхаа дараа нирваанд хүрэх учиртай гэгээнтэн мэргэдийг архад хэмээн нэрлэдэг. Архад болсноор сансар оршихуйгаас бүрэн холдож хойд төрлөөс ангижрах болно.


Архад нарыг хэрхэн ойлгох, архад, будда 2-ыг хэрхэн ялгах салгах дээр нэг биш удаа мэтгэлцээн явагдаж байсан ба Махаяана буюу Их хөлгөний ёсныхон архадууд Буддагийн хүслийг гүйцэхгүй хэмээсэн дүгнэлтэд хүрсэн байна. Учир нь архадууд хойд төрлөөс ангижирдаг бол Буддагийн хүсэл нь бусдыг хайрлан хамгаалж, өрөвдөн ойлгосноор өөрийгөө бус өрөөлийг аварч энэрэхийн төлөө ахин төрөх буюу ариун зорилгынхоо төлөө нэгэнт ангижирсан төрлөө эргэн авахад оршдог хэмээн үзжээ.


Тэравадын урсгалынхан өөрсдийн номлолыг Буддагийн өөрийнх нь хэлсэн сургаал номлол болохыг баталдаг бол Махаяаны урсгалын ихэнх судар бичиг нь түүхийн үүднээс авч үзвэл Буддатай ямар ч холбоо хамааралгүй боловч мөн л түүний сургаал хэмээн үздэг болно. Жишээлбэл Их хөлгөний ёс заншилд ихээхэн чухал Пражняпарамита сударт /төгс мэргэн ухааны тухай/ өгүүлж буй сургаалыг Будда айлдсан гэх боловч тухайн үеийн хүмүүс энэхүү айлдварыг ухаж  ойлгоход бэрх байсан учраас дунд тивд орших могойн ордонд хадгалуулсныг тохиромжтой цаг нь ирэнгүүт буддын агуу их гүн ухаантан Нагаржуна олонд таниулсан гэдэг.


Их хөлгөн судрууд сонгодог самгард хэл дээр бичигдэж Тэравадын сударт байдаггүй том жижиг хэмжээний үлгэр домог, өгүүллэгээр баяжсан байдаг. Эдгээр судруудад бодит Будда болох Сиддхартаг үлгэр домгийн баатрын дүрээр дүрсэлсэн нь элбэг. Мөн эдгээр сударт Сиддхарта ганцаараа Будда байгаагүй, түүнээс өмнө олон Будда байсан, хожим ч гэсэн нэг бус Будда төрнө гэдгийг онцлон тэмдэглэжээ.


Их хөлгөний ёсонд бусдад туслахын төлөө нирваанд хүрэхээ хойшлуулсан бодьсадва нар чухал үүрэгтэй. Хэдий нирваанд хүрч сансар оршихуйн хүрднээс мултрах боломжтой байсан ч бусдыг энэрэн нигүүлсэх үүднээс тэдэнд туслахын төлөө сансар оршихуйд эргэн ирсэн бодьсадва гэдэг үгний бодь гэдэг нь гэгээрсэн, садва /саттва/ нь махбод гэсэн утгатай болно.
Жишээ нь Авалокитешвара /Аръяабал буюу Жанрайсиг/ нь сансрын бүх амьд биетийг аврах үүрэг хүлээсэн бодьсадва. Үүргээ биелүүлэхийн төлөө бүхий л хүчээ шавхаж, эцэст нь гутарчээ. Ингээд уйлахад нь унасан нулимс газарт хүрмэгцээ бадамлянхуа болон цэцэглэж /нигүүлсэнгүй сэтгэлийг ийн дүрсэлдэг/ уг цэцгээс Цагаан Дарь эх, Ногоон Дарь эх төржээ. Тэд Жанрайсигт туслах үүрэгтэй болно.


Лянхуан судар буюу Үнэнхүү ёс журмын лянхуа /Саддарма пундарика/ судрыг Их хөлгөний урсгалынхан Буддагийн сүүлчийн сургаал хэмээн онцгойлон үзэж, оройлон дээдэлдэг болно. Энд хүн бүрийн авьяас чадварт зориулан үнэнд хүрэх харилцан адилгүй арга замууд болох упая хэмээн сонгомол аргачлалуудын тухай өгүүлсэн байдаг. Ингэснээр хүн бүр ижил замаар замнах албагүй, хүн бүр өөрт тохирсон арга замаар замнах учиртайг өгүүлсэн практик ач холбогдолтой сургаал хэмээн үздэг.


Хятад, Япон орнуудад буддын шашин дэлгэрснээр хоёрын зэрэг шинэ урсгалыг бий болгосон бөгөөд эдгээрийг энхжингийн орны буддизм гэх ба Хятадад Чань, Японд Зэн нэрээр дэлгэрчээ. МЭ-ний 2-р зуунд бичигдсэн Сукхавативьюха-гийн хоёр сударт энхжингийн орон болох Сугавад хэмээх зовлон зүдүүрээс ангид орших газар орныг дүрсэлжээ. Сугавад бол оюун сэтгэлээ хөгжүүлэх бололцоо цөм бүрдсэн Буддагийн үүсгэсэн газар болно. Амар амарлингуй /суккха/ бялхсан энхжингийн орон нь бүх зүйл нь дуккха-д өртсөн /сэтгэл ханамжгүй байдал ноёлсон/ сансар оршихуйтай эсрэгцэн оршино.


Улмаар МЭ-ний 5-6р зуунд Сукхавативьюха-гийн судар Хятадад түгснээр буддын шашны өвөрмөц нэгэн урсгал үүсжээ. Энэ урсгалынхан Амитаба буюу Цаглашгүй гэрэл, нигүүлсэнгүй Буддагийн /Японоор Амида/ энхжингийн орныг эрхэмлэн дээдэлнэ. Хүн амьсгал хураах тэрхэн мөчдөө энэ бурхны нэрийг арвантаа дуудахад Будда тэр даруй өөрийн дүрээр бий болоод тухайн хүнийг Сугавадид хөтлөх болно хэмээдэг. Ингэснээр хүн энэ насандаа гэгээрэлд хүрч чадахгүй ч гэгээрэлд тэмүүлсээр насан эцэслэх үед бурхан туслах болно гэсэн утгатай.


13-р зуунд Японд амьдарч байсан буддын багш Нитирэн Дайшониний дагагчид энэхүү урсгалыг даган мөрдөж “Наму Мёхо Рэнгэ Кё” тарнид анхаарлаа төвлөрүүлж ахин дахин уншсаар бие сэтгэлээ ариусгаж, ахуй амьдралаа өөд нь татахын зэрэгцээ мэргэн ухаанд тэмүүлж, өршөөл нигүүлслээ хөгжүүлнэ гэжээ.


Чань /хятад/ Зэн /япон/ үгс нь Энэтхэгийн дьяна /даян/ буюу бясалгал гэсэн утгатай үг юм. Энэ нь тухайн нутагт 4-р зууны үед Энэтхэгт амьдарч байсан лам Бодьдармагийн сургаалд үндэслэсэн бясалгалын сургууль үүссэнтэй холбоотой. Бодьдарма нь буддын шашны ёс заншлыг баримталж буй хүмүүс ариун судруудад хэтэрхий ихээр хүлэгдэн баригдаж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж хүн оюун ухамсраа сайтар ажиглаж зүрх сэтгэл рүүгээ өнгийснөөр Буддагийн сургаалыг ойлгох боломжтой гэсэн юм. Ном судар эргүүлж унших шаардлагагүйгээр зөвхөн бясалгал хийн анхаарлаа төвлөрүүлснээр Буддаг нээнэ хэмээн ихээхэн хялбарчилсан энэ аргачлал нь хятадуудад ихээр таалагдаж хурдан дэлгэрсэн болно.


Буддын шашин 650 оны үед Төвдөд дэлгэрсэн боловч тухайн үеийн ихэс дээдсийн ивээлд багтсан бон хэмээх бөөгийн хэв шинжтэй шашинд дарагдан зуун жилийг элээжээ. 817-836 онд төр барьсан Ралпачан хааны үед /Ландарм хаан/ бон шашныг халж буддын шашныг эрхэмлэжээ. Энэ үеэс сүм дуган олноор байгуулж, буддын ариун судруудыг сайтар судалж орчуулахаар Энэтхэгээс багш залж байв. Төвдийн лам Падмасамбава нь Энэтхэгээс бурхны шашинг дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. 


Буддын шашин Төвдөд зөвхөн Энэтхэгээс нэвтэрсэнгүй Хятадаас ч орж ирсэн боловч Хятадаас орж ирсэн урсгал нь төдийлөн дэлгэрээгүй нь Хятад Төвдийн хоорондох харилцаа сайнгүй байсантай холбоотой. Төвдийн соёл олон зуун жилээр хаалттай байснаар Их хөлгөний урсгалыг мянга гаруй жил үрслүүлж, өөрийн гэсэн өнгө аястай болоход чухал нөлөө үзүүлсэн гэдэг. 1959 онд Хятадууд Төвдөд нэвтэрснээр Төвдөд хадгалагдаж байсан эртний ховор нандин судруудыг дэлхий мэдэх болжээ. Хятадууд Төвдөд халдсанаар олон лам нар Энэтхэг, Баруун дүрвэн гарч улмаар Их хөлгөний ёс дэлхий дахинаа түгэн дэлгэрч эхэлжээ.


Одоогийн байдлаар Төвдөд өөр өөрийн гэсэн аман болон бичгийн сургаалтай ньингма /нямапа/, кагьюд /гармапа/, сахья /сажапа/, гэлүг /гэлүгпа/ хэмээх 4 урсгал байна. Мөн Буддагийн эргэцүүлэл бүхий Ганжуур, шастирын товчоон бүхий Данжуур хэмээх хоёр их хөлгөн судар байна. Түүнээс гадна бурхны сургаалыг тайлсан маш их судруудыг дэлгэн харуулжээ. Их хөлгөний урсгал хэрэв Төвдөд дэлгэрээгүй бол одоог хүртэл уламжлагдан ирэхгүй байсан гэдгээрээ Төвдийн шашин ихээхэн ач холбогдолтой болно. 


201-2. Буддын сургаал

Будда Варанаси /Бэнарэс/ хотын Исипатаны ойролцоох гөрөөсний цэцэрлэгт аж төрөн суухдаа 5 баккхуд /гэлэн – лам нар/ хандан сургаалаа айлджээ. Буддад төрсөн бодол санааг /даршана/ судар бичигт /сутра буюу судар, утас, шижим гэсэн утгат/ хэрхэн тэмдэглэн үлдээснийг дэлгэрүүлж үзье. Сутрад Будда дөрвөн үнэний тухай дурдаж, төвийг сахих талаар өгүүлнэ.


Будда ордонд амьдрахдаа хүсэл шуналдаа автахыг мэдэрч, хатуу дияныг сахихдаа өөрийгөө тарчлаан зовоох гэдэг юу болохыг 2-уланг нь үзэж туулжээ. Ингэсний хүчинд төвийг сахих замаар замнах учиртайг сэхээрч, ингэвэл мэргэн ухаан, машид амарлингуйд хүрч, зөн билгээ хөгжүүлснээр гэгээрч нирваанд хүрэх боломжтойг ухаарчээ. Төвийг сахих нь Буддагийн айлдсан 4 үнэний сүүлчийн үнэн билээ. Үүнийг ойлгохын тулд эхний гурван үнэнийг дэлгэрүүлэн судалваас зохилтой. Эдгээр нь буддын ёсоор аж төрөхийн үндэс болдог. 


Буддагийн 4 үнэн нь:
  • Дуккха буюу зовлон зүдгүүр, сэтгэл ханамжгүй байдал
  • Самудая буюу дуккхагийн шалтгаан
  • Ниродха буюу дуккхаг гэтлэх
  • Магга буюу дуккхаг таслан зогсоох арга зам

Дуккхаг зовлон зүдүүр, сэтгэл ханамжгүй байдал төдийгөөр орчуулах юм бол алдаа болно. Хүмүүс сэтгэл дундуур үлдсэн зүйлийнхээ талаар зовлон зүдүүр хэмээн ярьдаг ч зовлон зүдүүрийг туулах үедээ туршлага хуримтлуулдаг болохыг мартаж болохгүй. Мөн түүнчлэн Будда хүний амьдралыг сайн сайхан үе, муу муухай үе хэмээн үеүдэд хувааж үзэлгүй бүхэлд нь авч үзэн тоймлох нь зүйтэй хэмээжээ. Амьдралыг тэр чигээр нь баяр баясгалан, зовлон зүдүүр мэтээр ярих утгагүй бөгөөд бидний бүхий л амьдралынхаа туршид хуримтлуулсан туршлага ч өчүүхэн билээ.


Дуккха нь хүн бүрийн сэтгэлд гүн бат суусан аливаад үл ханах тэр л мэдрэмж юм. Бид яаж ч хичээгээд хүссэн болгоныг авах боломжгүй талаар дуккхад өгүүлсэн болно. Бид яаж ч хичээгээд хүрээлэн буй орчноо өөрчилж, улмаар төгс төгөлдөржүүлж чадахгүй болно. Тиймээс хязгааргүй шунал хүслээ дарах эм танг олох нь илүү чухал гэжээ.


Орчлон ертөнц бүхэлдээ хувьсамтгай чанартай /аничча/ бөгөөд орчлон ертөнцийн хувьсамтгай чанар нь дуккхагийн шалтгаан болдог гэжээ. Хүмүүс цаг үргэлж тогтвортой байдалд тэмүүлж олж авсан зүйлээ хадгалахыг эрмэлздэг ч орчлон хорвоод үүрдийн юм гэж үгүй билээ. Өөрчлөлт бол бидний амьдралыг тэтгэх амин хүч боловч бүх зүйлийг мөн тогтворгүй болгож байнгын гэх ойлголтыг үгүй хийдэг юм. Орчлон ертөнц ийм хувьсамтгай шинж чанартай учраас л түүнийг сайн эсвэл муу хэмээн харах хэрэггүй, орчлонгийн мөн чанарыг олж хар буюу оршихуйн үндэс нь энэхүү хувьсамтгай чанар юм гэжээ.


Та уурлан бухимдаж, уйтгар гунигт автах хэрэггүй, орчлон ертөнц өөрөө ийм хувирамтгай аашийг үзүүлдэг юм аа. Аливаа биетийн төлөв байдлыг тайван буюу тогтвортой төлөв, эмх замбараагүй буюу тогтворгүй төлөв гэж үзвэл уг биеийн оршин тогтнох үндэс нь хаос буюу тогтворгүй төлөв юм. Хүмүүс нэгэнт олж авсан зүйлээ хадгалж үлдэхийн төлөө тогтвортой зүйлд тэмүүлдэг ч өөрийгөө оршин тогтнох үндэс рүү халдсанаар өөрийгөө устгахаар тэмүүлж байдаг гэсэн утгатай юм. Тогтвортой хөгжил гэж байдаггүй, тогтвортой хөгжил гэдэг нь зогсонги байдал уруу оруулдаг бөгөөд үүнийг одооны нөхцөлд авч үзвэл хямрал юм шүү дээ, тогтвортой байдалд оронгуутаа сүйрчихдэг. Хүмүүс эмх замбараагүй байдлыг үзэн ядаж үгүйсгэдэг ч энэ өөрийнх нь оршин байгаа учир шалтгаан болохыг мартдаг. Орчлон ертөнц өөрөө амьд ийм хувирамтгай аашийг үзүүлдэг тул чамд баригдахдаа нэг бол сайн эсвэл муу мэт аль нэг төлөвөөрөө таарах болно. Орчлон хорвоог бүхэлд нь сайн эсвэл муу гэж төсөөлж болохгүй, чамтай таарахдаа аль нэг шинжээ үзүүлэх тул үүнийг орчлонгийн ааш гэж таньмой.


Хоёр дахь үнэн Самудая нь дуккхагийн талаар илүү нарийн ойлгоход бидэнд тусална. Орчлон хорвоо хувьсамтгай шинж чанартай боловч хүн өөрөө түүнтэй адилхан хувьсамтгай шинж чанартай бишээс болж зөрчил үүсдэг байна. Ингэснээр энд анатта буюу тухайн хүний би-г үгүйсгэдэг буддын шашны ухагдахуун гарч ирнэ. Дуккха, аничча, анатта гурвыг ахуйн гурван тулгуур ойлголт гэнэ. Мөнхөд хувьсан өөрчлөгдөж буй орчлон ертөнц дотор оршдог мөртлөө төдий л хувьсан өөрчлөгдөж чаддаггүй би гэж хэн бэ? гэсэн асуулт урган гардаг.


Будда “Би” гэдгийг үргэлжид хувьсан өөрчлөгдөж байдаг 5 энергиэс /цогц буюу скандх/ тогтох махбод юм хэмээн хариулжээ. Эдгээр 5 энерги буюу цогцод:
  • Махбодын цогц
  • Мэдрэхүйн цогц
  • Танин мэдэхүйн цогц
  • Ухамсарт төсөөллийн цогц
  • Ухамсрын цогц

Махбодын цогцод 5-н мэдрэхүй болох харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэх, түүнчлэн оюун ухаантай холбоотой сэтгэн бодох, танин мэдэх үйл явц орно. 


Мэдрэхүйн цогцод таатай, таагүй, дундын мэдрэмжүүд орно. Махбодын цогцыг ашиглан хүрээлэн буй орчинтой харьцаж түүний талаар туршлага хуримтлуулснаар мэдрэхүйн цогц үүснэ. Ингэснээр бид аливаа зүйлийн талаар таатай, таагүй, дундын гэх мэт бодолтой болж амьдралын туршлага хуримтлуулдаг байна.


Танин мэдэхүйн цогц нь мэдрэхүйн зургаан эрхтнээрээ дамжин гадаад орчинтой харилцсанаар танин мэдэх үйл явц өрнөж аливаа зүйлийг танин мэднэ.


Ухамсарт төсөөллийн цогцод Будда сэрж мэдрэх, сэтгэн бодох, зөн билэг, эргэлзэж тээнэгэлзэх, эргэцүүлэн тунгаахыг төлөөлүүлжээ. Үүнээс гадна шунах, хорсох, мунхаглах 3-н хорыг үүндээ багтаасан болно. Ухамсарт төсөөлөл нь хүний үйл хөдлөлтэй салшгүй холбоотой чухал ойлголт болно.


Ухамсрын цогцод танин мэдэхтэй холбоогүйгээр аливааг мэдэрсний үр дүнд үүсдэг үйл явцыг ойлгоно. Өөрөөр юмс мэдрэхүйн эрхтнээр дамжин заавал танин мэдэх үйл явцад оролгүйгээр шууд оюун ухаанд дүрслэгдэхийг ухамсар хэмээн ойлгоно.


Буддын шашинд хүн гэдэг нь эдгээр таван зүйлийн нэгдэл хэмээн ойлгоно. Шүд өвдлөө гэдэг зүйлийг энэхүү 5 цогцын онолоор тайлбарлавал:
  • Шүд бол бодитой хүчин зүйл
  • Өвдөлт бол мэдрэмж
  • Шүдийг олж харахуйц бодитой бөгөөд хэлбэр дүрстэй төдийгүй өвдөж буйн ухамсарт мэдрэгдэж байна.
  • Өвчнийг мэдэрсэн хүн өвчнийг дарах хүслээ илэрхийлнэ.
  • Ингээд нэгтгэвэл шүд өвдөх гэдэг нь ухамсарт байгаа зүйлийг танин мэдэх үйл явц юм.

Ингэж үзвэл би гэж байхгүй болно. Бүхий л зүйлд эдгээр 5 цогц харилцан адилгүйгээр оролцож харин хувь хүн болох би энэ дунд байхгүй.


Гэвч амьдрал дээр хүмүүс ингэж хүлээж авдаггүй. Би зүйлийг би-дээ уях байдлаар хүлээж авдаг. Хүмүүс шүд өвдчихлөө, би өвдчихлөө хэмээн бүх зовлонг өөртөө тусгаж авснаар өөрийгөө тойрсон дуккхаг /энэ тохиолдолд дуккхаг зовлон гээд шууд ойлгож болно/ үргэлж үүсгэж байдаг байна. Ингээд товчхондоо биед уягдах нь дуккха юм. Үүнээс ангижирч чадвал жинхэнэ жаргалыг мэдэрнэ гэжээ.


Одоо товчоор саяны ойлголтыг тайлбарлая. Орчлон хорвоо хувьсамтгай бөгөөд энэ түүний мөн чанар болохыг мэдэх болсон. Гэтэл энэ дунд орших би хэмээх өөрчлөгддөггүй зүйлийг орчлон хорвоогоос тусгаарлан авч үзсэнээр зөрчил үүсэж байгаа юм. Хувьсан өөрчлөгддөг орчлон хорвоо доторх түүнээс тусгаарлан авч үзсэн өөрчлөгддөггүй би хэмээх ойлголтоос болж дуккха буюу зовлон үүснэ. Иймээс хувьсан өөрчлөгддөг орчлон доторх өөрчлөгддөггүй би хэмээх ойлголтоосоо татгалзаж өөрийгөө 5н цогцийн нэгдэл хэмээн үзэн би-гээс татгалзсанаар хүн хувьсан өөрчлөгддөг орчлон дотор тусгаар зүйл биш, мөн л хувьсан өөрчлөгддөг зүйл болон хувирна. Ингээд би өөрийгөө хувьсан өөрчлөгддөггүй би биш, би-гээс татгалзаж хувьсан өөрчлөгддөг 5 цогцын нэгдэл хэмээн ойлгох хэрэгтэй. Ийнхүү суурь ойлголтуудыг үндсээр нь өөрчлөхийг санал болгосноороо Будда цоо шинээр өөрийгөө авч үз, өмнөх бүх ойлголтоо хая гэсэн юм шүү дээ.


Би хэрэв үгүй бол хүний амьдрал утгагүй болж уйтгар гунигт автах бус уу хэмээн зарим нь өгүүлдэг. Гэвч буддын шашин ингэж номлодоггүй билээ. Мөн би үгүй бол түүний зан чанар ямар байх ерөөс ач холбогдолгүй болж адын сэтгэлд автан, аль муухай бүхнийг хийхэд саад тотгор үгүй болно хэмээн зарим нь үздэг. Алдах юмгүй болсон учраас аль болох ая тухтай зүйлсийг мэдэрч, шунал хүслийг дээдлэх бус уу хэмээн асуудаг. Гэвч энэ бүхэн үүнээс чанх эсрэг утгатай бөгөөд дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явбал кармын хууль ёсоор хамгийн адгийн төлөвт шилжих бөлгөө.


Энэтхэгт дэлгэрсэн Кармын хууль буюу үйлийн үрийн зарчим нь хүний амьдралыг зайлшгүй тавилан, үйлийн үр маягаар тайлбарладаг. Карма нь үйл хөдлөл гэсэн утгат үг болно. Таны үйл хөдлөл тавилан заяатай чинь хэрхэн холбогддог болохыг кармын тусламжтайгаар тайлбарладаг. Тухайн хүн хэдий муу муухай үйл хийгээгүй ч зовлонгоос салахгүй явааг кармагаар уг үйлийн учир шалтгаан нь тухайн хүний урьд насанд бүрэлдсэн байх магадлалтай. Тиймээс урьд насандаа үйлдсэн үйлийг энэ насандаа цайруулах учиртай хэмээдэг.


Хүний бодит амьдралд ямарваа зүйлд сэтгэл ханах гэдэг ойлголт ховор тул хийсэн үйл хуралдан хуралдсаар гэтлэх аргагүй саад болж буйг анзаардаггүй. Муу муухай зуршилдаа толгойгоо мэдүүлснээр энэ цаашдаа ямар ноцтой үр дагавартайг олж харах билгийн нүд сохорно. Будда ийн оршихыг мунхгийн харанхуйд автаж, мунаг хүсэлдээ татагдах бурангуй оршихуй хэмээн нэрлэжээ. Бурангуй оршихуйг бид хянах чадваргүй тул нүдэн балай чихэн дүлий энэ замаар цааш замнах боломжтой ба үүнийг шунал буюу танха-тай зүйрлэн хэлдэг.


Кармын тухай ойлголт нь хойт нас буюу дахин төрөхтэй холбоотой ойлголт юм. Хүн нэгээс нөгөө төрөлд шилжиж ямар төрөл олж авах нь тухайн хүний кармагаас шалтгаалдаг. Муу үр дагаварт хүргэж болшгүй аливаа үйлдлийнхээ үр төлөөсийг хойт насандаа эдлэх нь дамжиггүй. Үүнтэй ижил сайн сайхан үйлийн үр боловсорч хойт насандаа сайн төрлийг олох ерөөлтэй. Буддын шашны хувьд хүн хийгээд бусад амьтны амьдрал ялгаагүй үнэ цэнэтэй. Тиймээс хүн хойт төрөлдөө амьтны төрөл олбоос тэр насандаа мунхаг хэвээр үлдэх нь дамжиггүй.


Уурын мунхагт хөтлөгдөн шунал тачаалдаа хөтлүүлэн явснаар хүнээс доод төрөлд дахин төрөх нигууртайг ухаарч, төрлөөс төрөлд шилжих гинжин хэлхээг таслах учиргүй билээ. Гэгээрэлд дөхсөн хүний оюун билэг нээгдэж урьдын төрөлдөө хуримтлуулсан бүхий л туршлагаа эргэн санах чадвартай болох тул гэгээрэлд дөхсөн хүн энэ ухагдахууныг шууд шингээж авдаг байна. Сансрын тухай буддын сургаалын утга учрыг Оршихуйн хүрд хэмээх ойлголтоор дэлгэн харуулдаг. Энд сансар буюу самсара нь үхэх төрөх тасралтгүй болохыг заасан утгатай аж.


Хүрдний төвд гахай /үл ханах/, тахиа /шунал тачаал/, могой /уур мунхаг/ 3-ыг бие биенийхээ сүүлнээс хазсан байдалтайгаар дүрсэлсэн байна. Түүний гадуур хар, цагаан 2 тусгаар тойрог зурж, цагаан хэсэгт зурагдсан дүрсүүд дээш хөөрч, хар хэсэгт зурагдсан дүрсүүд уруудаж буйг харуулсан нь төрлийн хувьд төвшин ахиж уруудаж буйг харуулсан утгатай юм.


Үүний гадуур 6 хэсэгт хуваагдсан өөр нэг тойрог бий. Эдгээр нь сансрын 6-н хаант улс /3 нь сайн заяа нь тэнгэр, асур, хүмүүн, 3н муу заяа нь там, бирд, адгуус/ юм. Дээд талд нь дева буюу ая тухтай, тансаг амьдралтай тэнгэрүүд, баруун талд нь асур буюу дээд тэнгэрт гарахаар санаархсан шунал хүсэлд автсан бурхад байна. Түүний дор бирд буюу өлөн зэлмэн сүнснүүдийн ертөнц оршино. Тэд үргэлж өлсөж ундаасах агаад шунал хүслээ дарж эс чадна. Тиймээс бирдийг өчүүхэн амтай, нарийхан хоолойтой, цүдийсэн гэдэстэй дүрсэлнэ. Бирдийн хүрсэн болгон гал, хог шаар болон хувирна. Түүний доод талд там буюу тарчлан зовох амьтсын ертөнц байна. Тэнд тамын тогоонд шарагдаж, хүйтэнд хайрагдаж үхлийн муугаар төгсөх тул тэнд байгсад айдас хүйдэст автсан байна. Зүүн доод талд амьтдын ертөнц орших ба тэд болхи ухамсартай тул ихэд мунхаг бөгөөд хоол тэжээлийн эрэлд ихээхэн хүч зарцуулж, бусад амьтнаа барин идсээр өдөр хоногийг өнгөрүүлнэ. Ингээд хамгийн сүүлийн тив нь хүний орчлон болно. Хүмүүс өдрөөс өдөрт идэж ууж, өсөж үржээд, өвчин зовлонд шаналж, өтөлж хөгширсөөр энэ насаа элээнэ.


Энэ зурагнаас харвал амьтнаас хүн болж төрөл дээшлээд хүнээс тэнгэр болдог бол тэнгэрээс бурхад болж төвшин доошлоод бурхадаас бирд, бирдээс тамд унах байдлаар зурагдсан болохыг харж болно. Зурагнаас бурхад тэнгэрүүд хэтэрхий бардам зантай тул доод тивд унах боломжтойг харуулсан байна. Бирдүүд ууж идэх хүслээ барьж чадахгүй тамд унах нигууртай ол тамд унасан нь айдас хүйдэс, аймшигтай өвдөлтөөс зайлах аргагүй билээ. Амьтад зөн совингоо дагаж амьдрах бол хүний тавилан кармагаас бүрэн хамаарна.


6 тивийн гадуур нэг тивээс нөгөө тивд шилжиж буй 12 бодгалийг дүрсэлнэ. Эдгээр нь 
  • таяг тулсан сохор хүн
  • шавар ваар, ваар цутгадаг багажаа барьсан ваарчин
  • цэцэглэж буй модонд авчирч буй сармагчин
  • 4н хүн суусан завь, эдгээрийн 1 нь завиа залуурдах
  • эзэнгүй байшин
  • биесээ тэвэрсэн эр эм хоёр
  • нүдэнд нь сум зоогдсон эрэгтэй
  • сууж байгаа хүнд дарс барьж буй эмэгтэй
  • модноос жимс түүж байгаа эрэгтэй
  • хөл хүнд эмэгтэй, амаржиж буй эмэгтэй
  • нас барсан нэгнийг чандарлахаар зөөж яваа эрэгтэй
тус тус байна. Эдгээр 12 зургийг дараах байдлаар тайлбарлана. 


Үүнд:
  • мунхгийн харанхуйгаас үүдээд би зовж шанална
  • мунхаг тулдаа элдвийн үйлд уруу татагдана
  • элдвийн үйлд татагдах тул ухамсар бий болно
  • ухамсар бий болсноор сэтгэл гээч үүснэ
  • сэтгэлтэй болсноор 6 мэдрэхүй /нүд, хамар, чих, хэл, бие – хүрэлцэхүй, оюун ухаан/ хөгжинө
  • 6-н мэдрэхүйгээс нийлмэл 1 цогц бүрдэнэ
  • энэ цогцоос сэтгэл хөдлөл буюу мэдрэмж бий болно
  • сэтгэл хөдлөл бий болсноор шунал тачаал төрнө
  • шунал тачаал үүссэн тул аливаад уягдаж хүлэгдэнэ
  • аливаад уягдсанаар бид энэ ертөнцөд оршин буйг илтгэнэ
  • оршин байгаа цагт үр удмаа үлдээнэ
  • үр удам бий болох цагт үгээгүйн зовлон, сэтгэлийн шаналан, уй гуниг төрнө.

Сансрын хүрд нь гурван нүдтэй араа соёотой гавлын ясаар хэлхсэн титэмтэй аймшигтай нэг зүйлд бариулсан харагдана. Энэ бол Эрлэгийн элч Яма юм. Тэрээр энд эзэн сууж сансарт амьдарч буй бүхнийг гартаа атган хянана.