Showing posts with label 101. Яруу найраг - Л. Өлзийтөгс. Show all posts
Showing posts with label 101. Яруу найраг - Л. Өлзийтөгс. Show all posts

2020/05/27

101-11. Хэн нэгэнд үнэн хайртай байх гэдэг... - Л. Өлзийтөгс

Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг
Хэтэрхий гунигтай
Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрнэ гэдэг 
Түгшүүртэй,
Нэг л түгшүүртэй


Хайр гэдэг бол жаргалтай айдас юм
Хайрлана гэдэг бол
Хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм
Тэгээд тэмтчин тэмтчих атлаа
Тэмүүллээсээ зүүгдэн зүүгдэн урагш алхахуй юм
Зүүдээ өөрөө зохион байж үзээд
түүндээ үхтлээ итгэхийн нэр юм
Зүрхээ өөрөө атгаж тавиад л, атгаж тавиад л
Цусыг нь зөөлнөөр шүүрүүлэхүй юм


Хэн нэгнийг хайрлана гэдэг
Хэмжээлшгүй өндөрт гарахын нэр юм
Хэмжээлшгүй өндрөөс унавал бяц үсрэхээ мэдэх ч
Хэзээ ч цуцалгүй дээш авирах зориг юм
Энэ бол дэндүү олон түлхүүр нь зүүлттэй ч, цоожтой байгаа
амьдралын, цор ганц, хэзээд нээгдэхэд бэлэн хаалга юм
Энэ бол
Нэг орсон хүн эргээд гарч чаддаггүй
асар харанхуй гүн хонгил доторх,
хаа ч юм бэ чимээ өгөн дуугарах
аяар аяархан зовлонт инээд юм.


2020/05/24

101-10. Ядрал - Л. Өлзийтөгс

Өдрөөс өдөрт, цагаас цагт 
Өөрөөсөө би өөр болж байна
Өдрөөс өдөрт цагаас цагт 
Өр зүрхнээсээ би урваж байна
Өнгөрүүлсэн бүхэн минь ахин шинэ зам болон тосох 
Өөдгүй тоглоомд би дахиад хожигдлоо
Өвдөх бүрийд минь өвчин нь илааршдаг нөхөд  ...
Өө, энэ ертөнцөд би бууж өгч байна


Сонсож байна уу, би гараа өргөөд 
Солиорсон энэ амьдралаас залхаж эхэлснээ зарлаж байна
Итгэл найдварыг минь хөсөрдүүлсэн бүх зүрх 
Сэтгэлийн минь гэрэлт зулыг булаан авч одлоо.
Амссан сайхан бүхнээ эргүүлээд нулимсаараа төлдөг
Аймаар энэ орчлонгийн хөлд сөхөрч буй тэмүүлэл...
Ядарч байна би, цав цагаан явсаар


101-9. Аравдугаар сар - Л. Өлзийтөгс

Ахиж чи бидэн уулзсангүй
Аравдугаар сар, хүйтэн гар
Эртнээс зэхсэн гашуун үг
Эргэн санахул чичирсэн хоолой


Дахиж уулзахгүйгээ тэгэхэд мэдсэн үү
Даанч гунигтай аравдугаар сар
Хэнд нь ч зохиогүй бардам зан
Хэзээ ч мартамгүй хүйтэн инээмсэглэл


Нөмөрсөн алчуурын дороо нуугдсан
Даарсан гарыг чи атгаж болох л байсан
Өмөрсөн зүрхний чинь буланд нуугдан
Хярсан үгийг би хэлж болох л байсан


Аравдугаар сар хүйтэн гар...
Хүнийрхүү учралын хүйтэн долгионд
Хүсэж санаснаа нуусан харц
Гуньж уддаггүй ертөнцийн салхинд
Хийсэж одсон анхны хайр


2020/05/21

101-8. Аз жаргалын зүг инээмсэглэн алхах бүртээ - Л. Өлзийтөгс

Аз жаргалын зүг инээмсэглэн алхах бүртээ
Амьдралаас би юу ч хүсээгүйгээ мэдэрдэг
Надад юу ч хэрэггүй, хавраас өөр
Надад өөр юу ч хэрэггүй


Хайр, хүсэл, миний эрсэн зам биш
Харанхуйгаас би айдаггүй, үхлээс ч зугтдаггүй
Зөрөх нэгний зүрхийг чагнах бүртээ
Зөнгөөрөө, би бусдаас өөр гэдгээ мэдэрдэг


Надад юу ч хэрэггүй, нарнаас өөр
Нарнаас өөр юуг ч би шүтдэггүй
Хувь тавилангийн оноолтыг сөрөн алхах бүртээ
Хуучин энэ амьдралаас хэдийнэ ангижирснаа мэддэг


101-7. Миний гунигийн түүх - Л. Өлзийтөгс

Яагаад надад үе үе
ийм гунигтай байдгийг мэдэхгүй
Яаж би амьдралгүйгээр
амьд явна гэж бодсоноо ч ойлгодоггүй
Хүрч үл чадан,
хүмүүсээс өөрийгээ тусгаарлах болсоноо
Хэлж үл чадан
өмнө тань дуугүйхэн л зогсох байна


Сэтгэлд минь үргэлж цас орох юм
тэр цаснаар
Сэмээрхэн явдалтай нэгэн
дотуур минь дуулан алхахад
Нисчихмээр байдаг ч би
далавчаа хумьж атгачихаад
Нэрийг нь мэдэхгүй нэгэнд
тэр дууг сонсгохоор үлддэг


Явчихмаар байдаг ч, би
үзгээ амьдрал руу дүрээд
Яриад л байдаг, гэвч
хүмүүс үхэхээ больдоггүй
Үхэл болгоныг дагаж
үхдэгийнхээ учрыг мэддэггүй
Хэзээ миний доторх
цасан зогсохыг ч мэдэхгүй


Яагаад над руу үе үе
тэнгэрээс гар сунгадагийг
Яг зүрхэн дээр минь
сараачиж орхидогийг мэдэхгүй.


101-6. Моддын навч, салхи, тэнгэр гүний алс.... - Л. Өлзийтөгс

Моддын навч, салхи, тэнгэр гүний алс....
“Мой”, “Друг”, “Зонтик”
Тэнэмэл үгс, энэ мэт гуниг, энгэрийн гурван улиас
Тэнгэр минь!
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ?


Хуучин амьдралын үүдэнд шив шинээрээ зогсох
Хув хуурай уруул дээр нойтон цас бутрах
Хундага дарс руу өнгийж гуниг зовлонгоо мартах
Хугарсан балын харандаагаар бүтэн харандаа зурах


Салхинд хормой дэрвэхийг мэдээгүй юм шиг алхах
Сайхан хүний нүднээс бурхны гэгээг үзэх
Үүрээр сэрчихээд юу ч бодолгүй хэвтэх
Үхмээр санагдсан ч үхэж чадахгүй байх


Хаврын бороо, шүлэг. Алсын алс
Хаа нэгтээ гуйвсан зам
Тэнэмэл бодол, энэ мэт хүсэл. Ээж…
Тэнгэр минь
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ?

101-5. Тэнгэрт ургасан модод - Л. Өлзийтөгс

Царс модод цагаа ирэхээр өмхрөн унана
Цас түрж ургасан хөх яргуй, хөөрхий хагдарна
Царайлаг залуу нас өвс шиг гэнэт гандана
Цаасан дээр тарьсан модод минь л зуу зуун жил ургана


Үгээр зурсан навчис минь л тасрахгүй
Үхэл болоод амьдралтай ч эгнэхгүй
Үзэгнээс дуссан модод минь тэнгэрт тултлаа ургана
Үлдээж чадах үзэсгэлэн минь энэ ...


101-4. Бичиж дуусаагүй шүлгийнхээ ... - Л. Өлзийтөгс

Бичиж дуусаагүй шүлгийнхээ хаа нэгтээ л
Би чиний үнэрийг марталгүй оруулна.
Цэг юм уу таслал, эсвэл гурван цэгний
Цэвэрхэн төрхний цаана өөрийгөө нууна.


«Баяртай» гэж чиний л бичсэн цаасны
Багахан зайд би ингэж сэмээрхэн шингээд
Нулимсаар зурсан шүлгийг минь инээмсэглэн уншиж зогсоход чинь
Нууцхан, нүдээр чинь дамжаад зүрх рүү чинь орчихно.


Дассан зангаараа, зүрх чинь миний л төлөө цохилж эхлэхдээ
Дахиад чи «баяртай» гэж хэлж чадахааргүй болсон байна.


101-3. Урт наслахгүй юм шүү - Л.Өлзийтөгс

Урд насанд минь хэний ч билээ өмсчихсөн дээлээр
Удаан гоёхгүй юм шүү
Төрөөгүй байхад минь хэн нэгний зохиочихсон
Төвөгтэй урт зохиолын баатар байх уйтгартай юм


Аль хэдийнээ нээгдчихсэн арлуудыг нээж
Аз эз хоёрын хольж хутгах гутралтай юм
Нүгэл шиг л хурах хог новшийг хураан
Нүдээ зүрхээрээ сольж суух гунигтай юм


Урт наслахгүй юм шүү
Өмнөх насанд минь төлөвлөчихсөн ялыг 
Өчнөөн баяртайгаар дуусгахгүй юм шүү


2020/05/18

101-2. ... - Л. Өлзийтөгс

Уйлмаар гуниглавал чиний зургийг л хардаг
Уруул дээр чинь... цаас үнсэхэд ч сайхан байдаг
Хэзээ билээ чи, яг л ингээд, над шиг
Хэрэггүй болсон дурсамж сөхөн өөр нэгнийг үгүйлж билээ


Зөрүүдхэн чи минь дээ, зөрүүд миний
Зүрхэнд оноогүй үгтэйгээ одоо хаа явна вэ?
Худлаа инээмсэглэсэн чинь хүртэл нүдэнд үлджээ
Хувь заяагаа харин чи над шиг хуурч чадсан уу?


Алхам алхамд би чиний тухай боддог
Араас ширтэх өчигдрийн дурлалаа санадаг
Нүдийг минь боож байгаад гурав эргүүлэн
Нүх рүү түлхэхээсээ өмнө үнссэнийг чинь боддог


Тэнэгхэн чи минь дээ, тэнэг миний
Тэнцвэрийг алдуулаагүй тоглоомтойгоо одоо хаа явна вэ?
Санаж гутарсан нүдэнд чинь жигтэйхэн зохисон нулимсыг л
Сайхан зүүдэндээ үзэж амгалан нойрсох боллоо
Тэвдэж бүдэрч явсан тэр л миний зам дээр
Тэгэхээр одоо чи минь оччихсон хэрэг үү?


101-1. Аравдугаар сар - Л. Өлзийтөгс

Ахиж чи бид уулзахгүй
Аравдугаар сар, хүйтэн гар
Эртнээс зэхсэн гашуун үг
Эргэн санахул чичирсэн хоолой


Дахиж уулзахгүйгээ тэгэхэд мэдсэн үү?
Даанч гунигтай, аравдугаар сар
Хэнд нь ч зохиогүй бардам зан
Хэзээ ч мартамгүй, хүйтэн инээмсэглэл


Нөмөрсөн алчууран дор нуугдсан
Даарсан гарыг чи атгаж болох л байсан
Өмөрсөн зүрхний чинь буланд нуугдан
Хярсан үгийг би хэлж болох л байсан


Аравдугаар сар ...
Хүнийрхүү учралын хүйтэн долгионд
Хүсэж санаснаа нуусан харц
Гуньж уддаггүй ертөнцийн салхинд
Хийсэж одсон анхны хайр