Showing posts with label 105. Яруу найраг - Г. Оюун-Эрдэнэ. Show all posts
Showing posts with label 105. Яруу найраг - Г. Оюун-Эрдэнэ. Show all posts

2020/05/22

105-2. Уйдчихсан юм байлгүй надаас - Г. Оюун-Эрдэнэ

Хөөрхөн нүдтэй бүсгүй харцаараа татаад байхаар нь
Хүлээнэ гэдгээ мартаад урвасан юм байлгүй тэр минь
Хөгжилтэй гэнэн яриагаар зүрхийг нь гижигдээд байхаар нь
Хүрээд очноо гэдгийг минь тоогоогүй л байлгүй тэр минь


Ялдам ааштай бүсгүй сэтгэлийг нь хөглөөд байхаар нь
Ядам хуруун дахь бөгжөө авчихсым байлгүй тэр минь
Яргуй шиг хавраар ургаад хайр дуудаад байхаар нь
Яваад очноо гэснийг минь мартчихсым байлгүй тэр минь


Сайхан дуутай бүсгүй аргадаж гуйгаад байхаар нь
Санаж үгүйлдэг сэтгэлээ хийсгэчихсийм байлгүй тэр минь
Саваагүй гэнэн зан нь түүн рүү тэмүүлээд байхаар нь
Сарны хуурамчид дурлаад уйдчихсым байлгүй надаас


105-1. Чиний жаахан гэргий - Г. Оюун-Эрдэнэ

Гомдомтгой зөрүүдхэн чиний жаахан гэргий
Гоё сайхан үгэнд чихэр шиг дуртайг нь битгий мартаарай
Горьдож хүлээдэг хайрын үгсээр чинь дутагдаад
Гол шиг үерлэж уйлж суудгийг нь санаарай


Ажилдаа явсан чамайг шөнө хүртэл харуулдаж
Аргадуулах гэж буруу харж хэвтдэгийг нь ойлгоорой
Алдаа оноог нь тэнцүүлж аашилж байдаг ч чамдаа
Арван наймтай үеийнх шигээ одоо ч хайртайг нь санаарай


Үнэсээд гараагүй өглөө бүхэнд чинь гомддог
Үглэж уурладаг томоогүй чиний жаахан гэргий
Үргэлж анхных шигээр чамдаа л эрхлэх гэж
Үүрд хамт гэж амлалт өгснийг нь битгий мартаарай