Showing posts with label 106. Яруу найраг - Д. Баттогтох. Show all posts
Showing posts with label 106. Яруу найраг - Д. Баттогтох. Show all posts

2020/05/23

106-6. Уулс - Д. Баттогтох

Гэгэлгэн цэнхэр уулс
Намрын дуниарт согтож
Гэр дарчих нуу гэлтэй нарны гэрэл сүүдэрлэнэ
Дуулган гялбаа уулс
Дундаа айраг сөгнөчхөөд 
За наргиж эхлэв үү гэлтэй
Задгай талд бороо асгарна.


Аяа миний сормуус хэмээх өвснөөс
Аяа миний нулимс хэмээх шүүдэр дусагнаж
Аяа миний чулуу мэт бүлээхэн улаан хацар дээгүүр урсахуй
Аяа миний уй гашуу хэмээх болоогүй жимснээс
Аяа миний уйтгар гуниг хэмээх шүлэг амтагдаж
Аяа чиний хад мэт хажуу хүрэн зүрхэнд дуслахуй 
Аяа чиний авсны нүх мэт сэтгэл чинь нээгдэх нь тэр


Нугын цэцэг өнгөөрөө алаглаад
Нуурын уснаас хоногтоо ундаалж
Зуны гурван сар цэцгийн хур тасраагүй
Зүүдний юм шиг тэр л зунаараа


Ээж л мэднэ гэхэд нь тэрлэгэнд нь нимгэн улаа бутарч
Энгэр сандачтал морьтой хүн гэхэд нь 
Хүйтэн булгийн усаар цацуулчихсан юм шиг би
Хүслийн дөрөө мултлан харж амжаагүй ээ морьтой хүнийг нь
Ижилгүй хонгор сэтгэл минь морин дэл дээр ганьхарч
Ирсэн зангаараа ноход шуугиулан давхихдаа
Морьтой хүнд нь очоод агсан тавимаар санагдавч
Мод толгой зууж үзээгүй эр л байж билээ чи


106-5. Ертөнц даяар гунигтай - Д. Баттогтох

Юм бүхэн гунигтай
Юүдэн малгайтай цувны минь хормой хийсэх нь гунигтай


Хэзээ ч дахин уулзахгүй байж мэдэх
Хэн нэгэн андаасаа салж одох минь гунигтай
Хэсэг хэсэгхэн үүлний сүүдэр гэрийг минь дайрч өнгөрсөөр
Хэзээ хойно мартсан юм шиг бороо орох гунигтай


Цэцэг ч гунигтай
Цэцгийн хөлөнд ассан өвсний гэгээ ч гунигтай
Чулуу ч гунигтай
Чулуу дэрлэж унасан цэцгийн дэлбээ ч гунигтай
Чухамдаа сэтгэл минь гунигтай


Ижий минь хийж өгсөн дээлний өнгө элж хуучрах нь гунигтай
Их л дотно санагдах найзын минь нэр санаанд бүдгэрэх нь гунигтай


Салхи ч гунигтай
Салхинд дэрвэх өрхний чимээ ч гунигтай
Үүлс ч гунигтай
Үүлэн завсраар сиймэх гэгээ ч гунигтай
Үнэндээ сэтгэл минь гунигтай


106-4. Салхины зөөлөнд өвсний завсраар ургаж мод болно - Д. Баттогтох

Салхины зөөлөнд өвсний завсраар ургаж мод болно
Сарны гэрэлтэйд шувууны нулимсанд дулаацаж өвс болно
Сархдын халуунд санчиг бүлээцүүлж нулимс болно
Самрын үр шиг бөөрөнхий хорвоод яаж ийгээд хүн болно


Умрын салхинд уйлж ниссээр шувуу болно
Усны урсгалд сөрж элэгдсээр чулуу болно
Уйт орчлон гашуудан зовсоор эмгэн болно
Уйтгар гуниг нүдэнд минь шингэсээр сүүмгэр болно


Буйлсны нахиа гиншин дуншсаар гэгээт үүрээр эх болно
Бүүдгэр манан бороо дагаж норсоор шүүдэр болно
Бүрэнхий шөнө биеийг минь нөмөрсөөр эмгэнэлийн хар алчуур болно
Бөртэ энэ орчлон бөн бөн гунигласаар ижий минь болно


Зотон даавуу шиг бор үдшээр зоргоороо хүүхдүүд ангир болно
Зоргол шиг одод шатаж дуусаад зол заяатай нь солир болно
Зоосны чимээнээр цэцэг ногоо нь дуугарчхаад намар болно
Золигийн энэ хорвоод навчис хэмээгч нь охид болно


Өөлөн сар өнхөрч ойчоод нуур болно
Өндөр тэнгэр даарч хоноод өглөө босоход өвөл болно
Өвгөн жимс тасарч унаад өндгөн бие нь бурхан болно
Өөрөө би хальж одоод
Өвснөөс ч илүү өвс
Навчнаас ч илүү навч
Чулуунаас ч илүү чулуу болно


106-3. Орчлонгийн сайхныг би мэднэ - Д. Баттогтох

Голын ус урсаж чимээнд нь чулуу уйлагнах 
Гоо бүсгүй дэргэд нь суухуй алганы нь хээ торгон элсэнд гарч 
Голомтоо бэдэрсэн шоргоолж хөлий нь уланд хэсүүчлэх
Гоолиг охидын бие ширэг зүлгэн дээр цайрах 
Зуны сарын сайхныг би мэднэ. 


Хайлган намраар цас орж бодол хайрлах 
Хатсан өвс одох шувуудын нулимс даалгүй хугарах 
Хавийн хүмүүс өвөөтэй минь ярьж намайг энхрийлэх 
Хаа байгаа хол эгчээс минь зурагтай захиа ирэх 
Намрын сарын гунигийг би мэднэ. 


Өвөр дээр минь цасан ширхэг унаж хайлах 
Өвөг аав минь гаансныхаа толгойд дулаацаж толгодын энгэрт суух 
Өнжин хүлээсэн ижий минь холоос ирэхэд намайг үнсэх
Өвлийн сарын бүлээнийг би мэднэ 


Халуун нүдэн дээр минь сэрүүн бороо дусах 
Харьж буцсан шувууд чамд хэлэх үгийг минь тээж авчрах
Хадганд боосон сэвлэг үс мэт хуучин ногоо үнэртэх 
Хаанаас ч юм бэ ирсэн шинэ охидууд цэцэг шиг санагдах 
Хаврын сарын зөөлнийг би мэднэ 


Бүх л насаараа нэг хүнд дурлах 
Буй биеэрээ сэрүүн зүүдэндээ саран дээр орших 
Бүр холын одноос хүн ирэхийг хүлээж өөрсдөө бас угтах
Бүрэг даруу энэ л заяандаа баярлаж олон жил амьдрах 
Орчлонгийн сайхныг би мэднэ


106-2. Өглөө босоход минь бороо орсон байгаасай - Д. Баттогтох

Өглөө босоход минь бороо орсон байгаасай 
Өнгө нь тунгалаг наран гийж үүл нь цэлмэсэн байгаасай
Шөнө зүүдэлсэн зүүдээ бодож ижийгээ нэг үзэх юмсан 
Шүүдэр дундуур туучиж даарсан хөлөө бариулах юмсан


Өглөө босоход аав минь ирсэн байгаасай 
Өчигдрийн минь зүүдийг мэдэж ижийгийн минь тавьсан ааруулыг авчирсан байгаасай 
Үглэж дуулахыг нь санан санан байж амтархан идэх юмсан
Үгүйлж уйлахын жаргал оноосон орчлонгийн үүднээс
Ижийгээ угтаж нэг баярлуулах юмсан


Өглөө босоход минь цас орсон байгаасай
Өтгөн цагаан үүл нь арилж наран мандсан байгаасай
Ижийнхээ ярьдаг үлгэрийг дурсаж цагаан дарь эхийг цасаар урлах юмсан
Ингэтлээ санаж очоод ижийдээ нэг үнсүүлэх юмсан 


Өглөө босоход эгч минь ирсэн байгаасай 
Өчигдрийн минь бодлыг мэдэж ижийгийн минь дээлийг өмссөн байгаасай 
Үнсэж үнэрлэхийг нь санан санан байж дээлийнх нь товчийг имрэх юмсан
Үзэж явахын жаргал дутсан орчлонгийн үүднээс 
Ижийгээ угтаж нэг баярлуулах юмсан 


Өглөө босоход минь цас ч ороогүй, бороо ч ороогүй байгаасай 
Өндөр дээд огторгуйд ангир нисэж үзэгдээсэй 
Тэнгэрт тасарсан шувууны өдийг барьж захиа бичих юмсан
Тэрлэгэн дээлийг минь явуул гэж хэл хүргүүлэх юмсан 


Өглөө босоход дүү минь ирсэн байгаасай 
Өчигдрийн минь санааг мэдэж тэрлэгийг минь авчирсан байгаасай
Ширхэг ширхэг цагаан үсийг нь санан байж ижийгээ нэг бодох юмсан 
Шинэ дээлийн өнгө дүүгээр буцааж 
Ижийгээ нэг баярлуулах юмсан


106-1. Мөрөөдлийн шүлэг - Д. Баттогтох

Хол явах юмсан, орон гэрээ санаж уйлах юмсан.
Хоног өдрүүдийг тоолж, хэн нэгний нь илгээсэн нулимсан дусалтай захиаг уншиж өөрийгөө мэдрэх юмсан…


Цаг цагийн аясыг үзэж, олон хүнтэй танилцах юмсан.
Цайдам дагаж нүүдэллэсэн хэдэн бор гэртээ хоргодон
Цаасан дээр өд зурж өдөр бүр нисгэх юмсан.


Уй гунигийг нь хуваалцаж хэн нэгэнтэй нь дотно сайхан үерхэх юмсан.
Урины шувуу мэт нисэж ирээд сэтгэлд нь бууж бүлээцүүлэх юмсан.
Зунжин орсон борооноос уйдаж, нарыг хүсэж намар болохыг удтал хүлээх юмсан.
Зуны үдэш шал нойтон хувцастай сарны туяа туучиж ус зэтгүүлэх юмсан.


Хүйс хүйсхэн салхинд санаа алдахуй нөхрийнхөө инээмсэглэлийг санаж дулаацах юмсан
Хүний явдлыг тунгааж намрын навчис адил уянгатайхан амьдрах юмсан.
Араг үүрч аргалд явах юмсан, бодол түүх юмсан.
Айлынхаа охиныг мөрөөдөж зүүдлээд нүдэн дээр нь үнсэх юмсан.
Борог өвсний үзүүр ганхуулах салхины чимээг мэдрэх юмсан.
Бор бор бялзуухайг исгэрч хангинатал дуулах юмсан.


Талын ногооны шивнээг сонсож бүсгүй хүнийх шиг үнэрийг нь таалах юмсан.
Таагүүрийг ойлгож, тасарсан навчсыг өрөвдөж, гэгээ татуулан унах харвасан одны хэлтэрхийг үзэх юмсан.


Хол явах юмсан, орон гэрээ санаж уйлах юмсан.
Хоног өдрүүдийг тоолон
Хэн нэгний нь илгээсэн нулимсан дусалтай захиаг уншиж өөрийгөө мэдрэх юмсан.
Цаг цагийн аясыг үзэж, олон хүнтэй танилцах юмсан.
Цайдам дагаж нүүдэллэсэн хэдэн бор гэртээ хоргодон
Цаасан дээр өд зурж өдөр бүр нисгэх юмсан