2020/05/21

102-6. Хүйтэнд даарахдаа би ... - Б. Батзаяа

Хүйтэнд даарахдаа би
чамайг боддог.
"Хөл чинь жижигхэн, алхаа чинь богинохон, зам урт"
ингэж бодохоор
хүйтэн санагдахаа больчихдог.


Хүнд гомдохдоо, итгэж хүлээхдээ
чамайг боддог.
"Хүлээсэн болов уу, гомдсон л байх даа"
гэж бодохоор
хүлээж гомдсон минь
хүлээж гомдсон шиг санагдахаа байчихдаг.


Амраглаж цэнгэсэн мөчүүд яахав дээ
тэнэглэл төдий
аль гэрлийн дор, ямар үгний илчинд
амьдарсан нэртэй үхэж
хагацсан нэртэй дотносов?


Гэрлийн жил шиг урт шөнүүдэд
бие чинь гэр
гэр чинь огторгуй шиг цэлийвч
цэлийсэн тэр их хоосон дунд
цэнхэр дэлхий шиг зүрхэндээ
цэг, цэг, цэг