Хайран юм.
Ахиж чиний шүдэнд хазуулж
Уруулд чинь шимүүлэхгүй нь
Ахиж чамайг харуулдан сууж
Ахиж чамд хардуулахгүй нь
Нүд рүү чинь ширтэж инээмсэглээд
Нүцгэн биеийг чинь арчиж өгөхгүй нь
Хүнгүй өрөө хайн тэнэж
Харанхуй шөнөөр хашгиран гүйлдэхгүй нь
Хайран юм.
"Амьдрал бол хууран мэхлэгч дөчтэй эр"
гэхийг чинь сонсож
Ахиж чамтай согтотлоо уухгүй нь
Галт тэрэгний зогсоолд хөтлөлцөн очоод
Ганцаархнаа ямар нэг өртөөн дээр шартсан сэрэх шиг
Чамтай ахиж уулзахгүй нь
Чамайг инээтэл чинь ярьж, уйлтал чинь хайрлахгүй
Хайралмаар цангинасан хоолойноос
Хамгийн итгэмгүй зүйлсийг олж сонсохгүй нь
Хайран юм.