Эрх чөлөөтэй ч шархалсан зүрхтэй
ийм нэг харууслыг тээж явна гэдэг...
Шархалсан зүрхтэй ч эрх чөлөөтэй
шаналж-дурсаж явах сэтгэлтэй байна гэдэг...
Хашгираад уйлж суусан чинь санагдаж
хамгийн сүүлд инээсэн чинь мартагдаж
үг дуугүй гунигтай царай чинь
тодроод ирэхээр л, үгүйдээ л
сэтгэлд нь гэрэлтэх ганц үг хэлээгүйгээ бодохоор л...
... хайрлаагүйдээ шаналах хайр байна гэдэг
хамгийн гол нь хэн хэн маань амьд байна гэдэг
... амьд байна гэдэг чиний хувьд амьдрал биш ч
амьдрал миний хувьд "ахиад эхэлж болдог тоглоом" биш ч
улиг болсон өдрүүдийн дунд учирсан нь үнэн
уйллаа гээд тэр өдрүүд мартагдах нь худал.
Чамайг үе үе бодоход сэтгэлд нэг их юм тээглээд салан урсах...
хугаран унах... юу ч юм нэг зүйл
юунд ч юм исгэгдэж байгаа сонсогддог.
Салхи чийг зууж ирээд
үнэгчлэн буй навчсийг үнэрлэх, санаа алдах, нүд аних
иймхэн зүйлс л шарлаж үлддэг.