2020/05/18

102-3. 40 нас магадгүй - Б. Батзаяа

Амьдрал бол хууран мэхлэгч дөчтэй эр


Дөчин нас магадгүй амар амгалан байх
Дөнгөж сэрээд хувцаслахгүй ... халуун кофе байх
Эсвэл, дөчин нас Венедикт Ерофеев ч юм уу
Эвгүй нүд, мушгирсан царай, ширүүн сахал байх


Юу ч болсон огло харайхгүй хүнд бие
Юм бүхэнд Хөндлөнгөөс оролцох Камю, Сартр
Дөчин нас Петушки хүрэх галт тэрэгний тасалбар
Дөнгөж үхлийг таньсан Хуурмаг нүд, Ху Ши байх


Дөчин нас магадгүй Ян Тьерсен, Амели
Дөчин ширхэг хайч, дөчин ширхэг цэцэг байх
Хэн нэгнийг дурсахуй, хэн нэгнийг хүлээхүй, эсвэл
Хэзээ ч дуусахгүй найдвар, хэсэгхэн тэвчээр байх


Жинхэнэ бүхнийг хайх цуцаагүй жигүүр ч юм уу
Жизель, дуусашгүй шунал, дур тачаал байх
Дөчин нас, Ванесса Парадиг өвөртөө оруулсан Ницшэ
Дөрөвдүгээр сарын Сиена, аравдугаар сарын Рёккен байх


Дөчин нас магадгүй жинхэнэ хайр, өөрийгөө үл тоохуй
Дөт замаар удаан, маш удаан алхахуй байх
Эсвэл, дөчин нас талдаа орсон янжуур, гүн ухаан ч юм уу
Эмили Дикинсон, магадгүй, хүлцэн тэвчихүй байх


Хэнийг ч үзэн ядахгүй, нүдээ аньсан бүргэд
Хэврэг зөөлөн үүлсийн "Та..." гээд үлдэхүй байх
Дөчин нас магадгүй хэтэвч дүүрэн мөнгө
Төсөөллөө алдчихаад халаасаа нэгжихүй...
Өнөөдрөөрөө амьдрах эрх чөлөө байх