2020/05/21

102-4. ... - Б. Батзаяа

Үлдэж хоцорсон хүмүүс юуг ч мартаагүй хэрнээ
үггүй, сэтгэл хөдөлгөх юмгүй аялгуу шиг болчихдог.
Хэн ч үгүй ганцаар үлдсэн тийм хүний дэргэд
хэлж ярих юмгүй, зүгээр л удаан суух дуртай, би.


Хамтдаа холоо алхаж
хэрэгтэй үед нь тэвэрч, хүсвэл нь унтаж, дурсамж үлдээж
хайртай байсан хүмүүсээ үгүйлж эхлэхэд нь
тамхи асаагаад
"хэнийг нь эхэлж ярих бол" гэж
хүлээж суух дуртай, хэн ч биш би.


Өргөсөөр хамгаалсан өндөг шиг
сахалтай уруул
өвдөлт дундаас ургасан жижигхэн эмэгтэй
даарсан үед нь дулаацуулдаг дурсамжуудыг үлдээсэн
дараа нь үхчихсэн
хэн ч биш байсан хүмүүсийн тухай
сонсох дуртай.