2020/05/22

105-1. Чиний жаахан гэргий - Г. Оюун-Эрдэнэ

Гомдомтгой зөрүүдхэн чиний жаахан гэргий
Гоё сайхан үгэнд чихэр шиг дуртайг нь битгий мартаарай
Горьдож хүлээдэг хайрын үгсээр чинь дутагдаад
Гол шиг үерлэж уйлж суудгийг нь санаарай


Ажилдаа явсан чамайг шөнө хүртэл харуулдаж
Аргадуулах гэж буруу харж хэвтдэгийг нь ойлгоорой
Алдаа оноог нь тэнцүүлж аашилж байдаг ч чамдаа
Арван наймтай үеийнх шигээ одоо ч хайртайг нь санаарай


Үнэсээд гараагүй өглөө бүхэнд чинь гомддог
Үглэж уурладаг томоогүй чиний жаахан гэргий
Үргэлж анхных шигээр чамдаа л эрхлэх гэж
Үүрд хамт гэж амлалт өгснийг нь битгий мартаарай