2020/05/22

401-1. Япон - Фрэнсис Фукуяма, Итгэлцэл

Япон бол Азидаа төдийгүй дэлхийд гоц гэж хэлж болох үндэстэн юм. Тиймээс тэднийг даган дуурайх аливаа оролдлогууд дан бүтэлгүйтэж ирсэнд гайхаад байх явдалгүй. Солонгосчууд хэдийгээр даган дуурайж багагүй амжилтад хүрээд байгаа ч үүнийг төрөөс хүчээр зохион байгуулж хийж байгаа тул нэг л өдөр задран унах аюулыг хамтад нь тээж ирж байгаа юм. Япон, Герман, Америк гэсэн 3 үндэстнүүд томоохон аваргуудыг (том хэмжээний корпорацуудыг) бий болгон түүн дээр тоглолт хийж ирсэн арвин туршлагатай улсууд. Эдгээрийг сайн ойлгохгүйгээр шуудхан даган дуурайх гэж оролдвол хэрээ галуу дуурайх хэмжээнд очлоо гэсэн үг. Олон хүмүүс тоо баримтад хэтэрхий итгэн Самсунг, ЛЖ-гийн зурагт нэгэнт Сониг ардаа орхилоо гэж үздэг. Хьюндай борлуулалтаараа Тоёотог давсан хэмээн бахархаж байхыг харсан. Гэвч Солонгос машины эдэлгээний хугацаа нь 400-500 мянган км байдаг бол Япон машиных 600-800 мянган км цаг байдаг бөгөөд том оврын машинуудад энэ ялгаа улам их байдаг болохыг мэдэхэд нэг их цаг орохгүй. Өнөөдөр Самсунгийн зурагт баталгааныхаа хугацааг л дуусгадаг гээд хэлчихвэл хөөрхий Самсунг худалдаж авсан олон хүмүүс гомдох байх гээд орхилоо. Зөвхөн Самсунгийн зурагт дээр илэрхий маш олон алдаа байдгийг хэлэх юм бол Сони Самсунгийн ялгааг хүмүүс бага зэрэг ойлгох л байх. Гэхдээ энэ бол Солонгос, Япон 2-ыг харьцуулах гэсэн зорилго анхнаасаа агуулаагүй тул ингээд зогсъё. Айпадыг Самсунгийн юу ч гэж нэрлэдэг билээ таблеттай, айфоныг бас нөгөө юу ч билээ дээ гар утастайн харьцуулах гэхээр харьцуулах юм алга тул хэрэглэж буй хүмүүсийг нь хүндэтгээд дуугүй л байхаас гэдэг шиг. Хьюндай Тоёото 2-ыг харьцуулах юу ч байдаггүй л гэдэгтэй адилхан ш дээ.


Түүхийн үүднээс үзэхэд Японд дандаа л аваргууд бизнесийн хүрээнд ноёлж ирсэн болохыг харж болно. Японд бүр Мейжийн шинэчлэл хийсэн 1868 оноос аж үйлдвэр хөгжиж, аж үйлдвэржсэн орон болж хувирсан. Дэлхийн 2-р дайнаас өмнө Японы аж үйлдвэрийн салбарт Мицубиши, Сумитомо зэрэг аварга том зайбацу аль хэдийн бий болсон байсан. Зай - хөрөнгө мөнгө, бацу – бүлэг хэмээх утгатай, мөнгөлөг бүлэг юм даа. Энэ үед 10 том зайбацу эдийн засгийн 35%-ийг дангаараа эзэмшиж байв. Дайны төгсгөл рүү Мицуи, Мицубиши, Сумитомо, Яшида хэмээх 4 аварга бүх бизнесийн эргэлтийн хөрөнгийн ¼-ийг бүрэн хянаж байв. 


Японыг Америкчууд эзлэн авснаар зайбацуг татан буулгасан боловч энэ нь кейрецу маягаар эргэн сэргэжээ. Энд нэг зүйлийг хэлэхэд Америкчууд дэлхийн 2-р дайны дараа өөрийн хоёр гол өрсөлдөгч Герман, Япон 2-ын санхүүгийн бүтцийг эвдэхийн тулд дайны буруутанд томоохон корпорацуудыг буруутган тэднийг устгах ажлыг зохион байгуулсан боловч тэд үнс нурман дундаас эргэн амилж боссон юм. Японы томоохон компаниуд нь АНУ-ын дараа 2-р байранд явдаг бөгөөд Японы хамгийн том 10 компани нь Хонконгийн 10 томоос 20 дахин, Тайванийн 10 томоос 50 дахин том юм. 


80-аад оны сүүлээр борлуулалтаараа хамгийн том Тоёото 65000 ажилчинтай, ажиллаж 4,5 сая машин үйлдвэрлэсэн бол Женерал Моторс 750000 ажилчинтай ажиллаж, 8 сая машин угсарчээ. Нөгөө талаар Америкийн компани 2 дахин их бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 10 дахин хүн хүчээр ажиллах хэрэг гарч байсан байна. Энэ нь хөдөлмөрийн бүтээмжтэй холбоотой бөгөөд 1987 оны үзүүлэлтээр Такаоко хотын үйлдвэрт (Тоёото) 1 машиныг үйлдвэрлэхэд 16 хүн-цаг зарцуулдаг бол Массачусетс мужийн Фрэмингэмийн үйлдвэрт (Женерал Моторс) 31 хүн-цаг зарцуулдаг байна.


1967 онд Японы үйлдвэрлэл дээр ажиллаж байсан ажиллагсдын 16% нь 10-аас доош хүнтэй пүүст ажиллаж байсан бөгөөд япон гайхамшгийн мөн чанар нь зартай том корпорацууд биш эрчимтэй ажиллагаатай жижиг пүүсүүд хэмээн Дэвид Фридман үзсэн боловч энэ дүгнэлт алдаатай байсан. Учир нь Японы жижиг пүүсүүдийн олонх нь аль нэг кейрецуд хамаарагдан түүнд гэрээтэйгээр ажилладаг.


АНУ-д 1970-аад онд компьютерын зах зээлийн 80 гаруй хувийг хянаж байсан IBM-ийн ноёрхлыг DEC, Sun Microsystems, Silicon Graphics зэрэг олон жижиг компаниуд гарч ирснээр мэдэгдэхүйц сулруулж байсан. Тэгвэл Японд Nippon Electric Company (NEC), Hitachi, Fujitsu, Toshiba гэсэн 4 аварга компани компьютерийн зах зээлийг үндсэнд нь атгадаг бөгөөд эдгээрийн ард АНУ-д байдаг шиг 2-р эгнээний олон жижиг компаниуд байдаггүй.


Японы бизнесийн онцлог нь өмчлөл, удирдлага 2 маш эрт салсан явдал юм. Дайны өмнөх зайбацугийн ихэнх нь ямар нэг гэр бүлийн өмчлөлд байсан боловч бүгд шахуу мэргэжлийн удирдлагатай болсон байсан. Бүр Мейжийн шинэчлэл эхлэхээс өмнө бантог хөлслөх явдал уламжлал болон тогтсон байв. 18-р зууны үед Осакагийн уламжлалт худалдаачид үр хүүхдэдээ бизнесээ шилжүүлэхгүй, оронд нь бантог хөлслөн авч байх заалт бүхий гэрээг өөр хоорондоо байгуулж байжээ.


1945 онд Америкчууд Японыг эзэлсний дараа зайбацу нарын төгсгөл иржээ. Генерал Дуглас Макартур зайбацуд төвлөрсөн их хөрөнгө Японы милитаризмд дэмжлэг үзүүлдэг гэж үзсэнээр зайбацуг устгах тусгай комисс гаргажээ түүнд хувьцаа эзэмшиж байсан гол дарга нарын хувьцааг хураан авч олон нийтэд заржээ. Төвлөрсөн өмчлөлийг задалж аваргуудыг нурааснаар олон Япончууд Сони мэтийн илүү орчин үеийн корпорацууд шинээр гарч ирэх боломж олгосон сайн зүйл хэмээн хүлээн авсан байдаг. Гэхдээ зайбацу бүрэн устсан биш тэдний олонх нь кейрецу хэлбэрээр түргэн өөрчлөгдөж шинээр гарч ирсэн юм. Тиймээс Японы олон компанийг маш эртний түүхтэй гэж үздэг. Жишээ нь Daimaru их дэлгүүрийг 200 жилийн өмнө Шимомурагийн гэр бүл үндэслэсэн бол, Sumitomo-г 1590 онд үүсгэн байгуулжээ.


Япон хамаатан садангаас илүү эвсэн нэгдэх заншил эртнээс эхтэй, омог бүлгүүд нь даймё хэмээх тухайлсан ноёнд үнэнч байх заншил түгээмэл байв. Хэдийгээр Кунзийн ёсыг баримтлах боловч гэр бүлээс илүү даймёд үнэнч байхыг шаарддаг. Төрсөн хүү нь удирдах чадваргүй бол өв залгамжлах эрхийг нь цуцалж, хөндлөнгийн хүнд шилжүүлэхийг хэвийн зүйл гэж үздэг. Ийм заншил худалдаачид, самурай нарын дунд өргөн дэлгэрснээр өв хөрөнгөө үрчилж авсан хүүд шилжүүлэх үзэгдэл 23-35%-тай байжээ. 


Японд өвлөх эрх зөвхөн ууган хүүд ногддог нь өмч хөрөнгө хуримтлагдахад сайнаар нөлөөлсөн. Бага хөвгүүд гэр бүлийн хөрөнгөөс олигтой юм өвлөн авдаггүй тул төрийн захиргаа, цэргийн алба зэрэг бусад салбарын боловсон хүчний нөөц болохоос гадна томоохон хот нүүн очиж суурьшин амьдарснаар хотжих үйл явцад ч сайнаар нөлөөлсөн.


Японд үндэсний үзэл чухал нөлөөтэй бөгөөд нийтээрээ япон биш хүмүүст итгэл муутай ханддаг. Үүний улмаас аль нэг улсад байгуулагдаж буй Япон компани өөрийн туслан гүйцэтгэгч бүх компаниудаа дагуулж очихыг эрмэлздэг. 


Японд өндөр настан хүн сайн дураараа эрх мэдлээ өөрөөсөө залуу эрс шийдмэг хүчтэй нэгэнд шилжүүлэн үлдээдэг уламжлалтайгаар маш олон орноос ялгаатай. Ийм настайчуудаа мөн хүндлэн дээдэлдэг.


Дэлхийн 2-р дайнаас хойш Япон олон том компаниуд хүнийг бүх насаар нь ажиллуулдаг ненко хэмээх журмыг баримталж ирсэн. Хэрэв тухайн хүн ажлын шаардлага хангахгүй бол өөр салбар луу шилжүүлж, ажлын дадлага олгох сургалт зохион байгуулдаг. Ийм боломж маш олон төрлийн өргөн салбарыг хамарсан кейрецу бүтэцтэй компанийн хувьд л боломжтой. Хэрэв тухайн ажилтан энэ журмыг мөрдөж илүү цалин, аятайхан нөхцөл амласан өөр компанид орохыг оролдвол түүний ирээдүй тун бүрхэг болох уршигтай. Хэрэв ненко журмаар тохиролцоо хийсэн бол үүнийг зөрчсөн ажилтны шийтгэл ч хатуу байх нь гарцаагүй. 


Японд хүнийг чадвараар нь үнэлдэг ганцхан боломж л байдаг. Энэ нь их сургуульд орохын тулд элсэлтийн шалгалт өгөх үед юм. Үүнээс цааш хүнийг үнэлэх үнэлэмж чадвараар бус. Ажилд орсны дараа шууд шат алгасаж дэвших боломж бараг байхгүй. Цалин ч чадвараар үнэлэгддэггүй бөгөөд харин ч хэдэн ам бүл тэжээж буйтайн холбогдуулж цалинг олгох нь түгээмэл. Шанд нь ажилтны мэдлэг чадвар дутагдах үед түүнийг халахыг зорилго болгохгүй, өөр нэг аятайхан газарт шингээх газар заавал олдохоор том сүлжээний бүтэцтэй байдаг. Компанийн эзэн яг эцэг мэт байх бөгөөд ажилтнуудынхаа ар гэрт эцэг хүний ёсоор санаа тавьж халамжилна. Хэрэв эцэгтэй муудалцвал ажлаасаа гарах буюу өөр газар ажиллахаар тангараг тасрах сонголт байхгүй. 1992 оны хямралаар олон компаниуд чухамдаа энэхүү ненко гэрээний горыг амссан буюу хямрал тохиолдоход ажилчдаа цөөлж чадахгүй байсан байдаг. Ненко журам буюу бүх насаар нь ажиллуулах журмыг томоохон кейрецу нар хэрэглэдэг болохоос жижиг пүүсүүд ингэж чадахгүй.
Насаар нь ажиллуулах журмын сөрөг тал нь хямралын үеэс гадна шинээр сургууль төгссөн олон залуусыг ажилд орох асуудлыг хүндрүүлж өгсөн. Хямралын үед олон компани тэднийг ажлаар хангаж чадаагүй.


Томоохон компаниуд гол мэргэжлийн ажилчдынхаа сургалтын асуудлыг өөрсдөө хариуцдаг. Сургалтад хөрөнгө зарцуулсан ажилтнаа алдахад тун харамсалтай тул ненко гэрээг өргөн ашиглаж ирсэн. Мицубиши 1897 онд эмнэлгийн чөлөө авах болон тэтгэвэрт гарах үед нь анх удаа тэтгэлэг олгож эхэлсэн. Одоо халамжийн ихэнх хэсгийн хувийн томоохон компаниуд үзүүлдэг.


1980-аад оны сүүлээр эдийн засгийн хөөс хагарч, 92-93 хямрал эхлэхийн хамт бүх насаар нь ажиллуулах системд маш хүнд дарамт учруулжээ. Энэ үед Японы компаниудын авч байсан арга хэмжээнүүд янз бүр. Ажилчдаа өөр салбарт шилжүүлсэн, зэрэг бууруулсан, 2-р эгнээний жижиг пүүсүүдэд ажилд оруулсан, шагналыг бууруулсан, эрт тэтгэвэрт гаргасан, заримыг нь зөвхөн цалингийн цэсэд нэрийг нь үлдээгээд ажилгүй сул орхиж хүртэл байжээ. Бүх насаараа ажиллах систем нь Японы олон компанид бүтээмжээ дээшлүүлэх зорилгоор ажилчдаа халах боломж олгоогүй бол яг энэ хямралаар АНУ-д ажилчдаа халж, бүр шинэ эзэнд зарж хүртэл чадаж байжээ.


Японы эдийн засгийн өсөлт өндөр 2 оронтой тоонд байхад насаар нь ажиллуулах системийг хэрэгжүүлэхэд хялбар байсан. Гэвч энэ систем цаашид яаж хэрэгжих нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Ненко систем ирээдүйн хамгийн зохистой систем биш ч гэсэн Японы хувьд үр өгөөжөө өгсөн, санаанд оромгүй амжилтыг авч ирэхэд тусалсан юм.


Гэвч Японы эдийн засаг байнга амжилт дагуулж ирээгүйг хэлэх хэрэгтэй. 1990-ээд онд коммунизмыг нураасан эдийн засгийн довтолгоог Япон голлосон санхүүгийн зээлээр хийж гүйцэтгэсэн бол 2008 оны их хямралыг Хятадын зээлээр даван туулсан байдаг. Луу эргэж ирсэн нь буюу эзэнт гүрэн эргэн сэргэж буй явдал нь Японы эдийн засаг саарахад чухал нөлөөг үзүүллээ. Гар нэхмэл болон жижиг дунд бизнесийн олон салбарууд хятадын гэр бүлийн бизнест зах зээлээ нэгэнт алдав. Үйлдвэрлэлийн шинэ төв Японоос аль хэдийн гаран одож Тайвань, Сингапур, Хонконгоор дамжин Шанхайд очиж төвлөрөх болов. Японд бэлтгэж байсан инженерийг Тайваньд түүнээс 2 дахин бага зардлаар бэлтгэж байсан бол одоо Тайваниас 2 дахин бага зардлаар Шанхайд бэлтгэж эхлэв. Өргөн хэрэглээний маш олон зах зээлд Япон ноёлох байр сууриа алдсан хэдий ч тансаг хэрэглээ буюу сэтгэл ханамжтай хэрэглээний талбарт түүнтэй эн зэрэгцэх өрсөлдөгч одоог хүртэл алга л байна. Японы гол өрсөлдөгч нь Солонгос биш чухамхүү сэргэж буй луу болон эргэн ирж буй Хятад гүрэн юм. 


Японы кейрецу нь Тоёото мэтийн босоо шугамтай буюу үйлдвэрлэгч гол пүүс, түүний туслан гүйцэтгэгч, борлуулагчаас тогтсон тойрон хүрээлэгч маягаар болон хэвтээ буюу хоорондоо бизнесийн чиглэлээрээ давхацдаггүй олон пүүсүүдийг хамарсан гэсэн 2 үндсэн хэлбэрээр хөгжсөн байдаг. Америкийн эзэрхийллээр пүүсийн эзэн өөрийнхөө пүүсийн хувьцааг эзэмших эрхгүй болжээ. Иймээс пүүсийн гүйцэтгэх захирлууд хоорондоо үгсэн бие биенийхээ хувьцааг зөрүүлж эзэмших замаар америкчуудын унагасан зайбацуг кейрецу хэлбэрээр эргүүлэн босгосон юм. 


Кейрецу хэлбэрийн бизнесийн бүтэц бусад оронд ч байдаг боловч бусад орны сүлжээний байгууллагад үгүй хэд хэдэн онцлог шинж кейрецуд байдаг. Тэрээр маш том хэмжээтэй бөгөөд Японы 200 томоохон аж үйлдвэрээс 99 нь урт хугацааны найдвартай сүлжээний харилцаанд орсон байдаг. Кейрецу бүтцэд орж амжаагүй пүүсүүд төлөвшиж амжаагүй бизнесийн шинэ талбарт голдуу тааралддаг. Кейрецу бүтцэд орсон аль нэг компани хэдийгээр томоохон хэмжээтэй ч монополь байр суурьтай бус бөгөөд түүнтэй өрсөлдөгч заавал байдаг. Жишээ нь хүнд үйлдвэрийн салбарт Mitsubishi Heavy Industries, Sumitomo Heavy Industries, Kawasaki Heavy Industries (Dai-Ichi Kangoy бүлгийн) нар өрсөлддөг бол банк санхүүгийн салбарт Mitsubishi bank, Sumitomo bank, Dai-Ichi Kangyo bank өрсөлддөг. Кейрецугийн гишүүдийн өөр хоорондоо хийх худалдаа нь гаднаас нь ажиглахад ихээхэн сэжиг төрүүлэм харагддаг бөгөөд бусдыг бодвол харьцангуй онцгой эрх эдэлдэг гэж үзэж болно. Энэ нь удаан хугацааны туршид Америкчуудад үл ойлгогдом сэжиг төрүүлэм зүйл байсаар ирсэн тул Америкчууд энэ харилцаанд нь онцгой анхааралтай ханддаг. 


Тоё Когёгийн Мазда Моторс компанид тохиолдсон жишээг энд харж болно. Тоё Когё нь Сумитомогийн гишүүн бөгөөд Сумитомо Траст банк гол хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгч нь байв. 1974 оны газрын тосны хямралын дараа машины борлуулалт эрс буурч Тоё Когё дампуурахын даваанд очжээ. Энэ үед Сумитомо Траст банк компанийн удирдлагыг авч долоон захирлыг нь халж, үйлдвэрлэлийн шинэ технологи эзэмшихийг нь тулгажээ. Улмаар кейрецугийн гишүүн компаниудыг зөвхөн Мазда машин худалдан авч дэмжих болон түүнд эд анги нийлүүлдэг компаниудыг үнээ бууруулах, зээлдүүлэгч нарт шаардлагатай зээл олгохыг тулгаснаар компанийг эсэн мэнд авч гарчээ. Үүнтэй адил байдалд орсон АНУ-ын Chrysler компанид ийм азтай хувь тавилан оногдоогүйгээс АНУ-ын засгийн газраас тусламж гуйхаас өөр арга зам үлдээгүй юм. 


Түүнчлэн Тоёото мэтийн босоо бүтэцтэй кейрецуг ойлгоход хялбар. Учир нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахтай холбоотой гарах бүх дайвар зардлыг багасгах зорилгоор ажилладаг учраас үүнийг ойлгож болно. Гэтэл Японы кейрецугийн ихэнх нь хэвтээ бүтэцтэй байдгийг юу гэж ойлгох вэ? Ингэснээр хоорондоо ямар ч холбоогүй пүүсүүд нэг кейрецугийн дор нэгдэх ямар ашигтай гэж. Кейрецу болгоны мэдэлд шар айрагны үйлдвэр багтдаг бөгөөд Сумитомо бүлгийн гишүүд Asahi, Мицубишигийнхэн Kirin шар айргийг илүүд үзэхийн эдийн засгийн сэдэл нь юу вэ? Үүний гол шалтгаан нь Японы кейрецу нар ямар нэг томоохон банк болон санхүүгийн байгууллагыг тойрон үүсдэгтэй холбоотой. Салбар болгон талаар төгс мэдээлэлтэй байж, нийт гэрээ хэлцэл, түүнтэй холбоотой гарах дайвар зардлуудыг багасгаж өгснөөр зээлдүүлэх, санхүүжүүлэх, уналтад орсон Мазда шиг байгууллагыг эргүүлэн босгож ирэхэд энэ бүтэц нь үлэмж тустай байсаар иржээ. Түүнчлэн кейрецу шиг бүтцийг ашиглан шинэ бүтээгдэхүүнийг олонд таниулахад ч тун хялбар байдаг бол кейрецу шиг бүтэцтэй газар гаднын шинэ хөрөнгө оруулалт орж ирэхэд үнэхээр хүнд болгож өгсөн. Мөн кейрецугийн гишүүд л хувьцаа эзэмшдэг тул хувьцааны гол багцыгаа гаднын компанид алдахаас сэргийлж өгснөөрөө удаан хугацаанд оршин тогтнох боломжтой болж ирсэн болно.