2020/05/22

401-2. Хятад - Фрэнсис Фукуяма, Итгэлцэл

Энд Хятадын гайхамшиг буюу Хятадын сэргэн мандалтын тухай огт ярихгүй. Зүгээр л ихэнх хүмүүс Азийг нэг цул мэтээр сэтгэж ирсэн явдалд хариу болгон Азид Хятадын болон Японы гэсэн бизнесийн 2 том соёл байдаг тухай өгүүлэх болно. Бие биедээ итгэдэггүй гэр бүлийн бизнес дээр суурилсан Хятад маягийн соёл, маш том итгэлцэл дээр суурилсан аварга том корпорацууд бүхий Япон соёлын ялгааг харуулахад л оршино. Солонгос бол Хятад соёлтой улс Японыг дуурайх оролдлого хийж буй л нэг жишээ. Мөн гэр бүлийн бизнес давуу талтай юу, корпорац хэлбэрийн сонгодог бизнес давуу талтай эсэхийг шүүх гээгүй. Зүгээр л итгэлцэл бага нийгэмд тэр хувьцаа шал илүү зан шүү, мэргэжлийн менежерийн удирдлага ч гэсэн, хувьцаат компаниуд ямар ч амжилт олохгүй, хөрөнгийн зах зээлд маш нэр хүндтэй Хонконгийн хөрөнгийн бирж дээр арваадхан гэр бүл тоглодог гэдгийг мэдвэл манайд ч хөрөнгийн бирж хэр хөгжихийг таашгүй. Харин хөгжлийн чиг хандлагын хувьд гэр бүлийн бизнесийг хөгжүүлээд үсрэнгүй хөгжиж буй улсууд гэвэл Хятадаас гадна Сингапур, Хонконг, Тайван, тэр бүү хэл Европоос Итали, Франц зэрэг улсууд байна. Харин үсрэнгүй биш тогтвортой боловч алгуур өсөлттэй хөгжиж буй нийгэм бол корпорац дээр суурилсан бизнесийг хөгжүүлдэг АНУ. Япон, Герман болно.


Нийгэмших 3 өөр зам бий, эхнийх нь гэр бүл садан төрлийн холбоон дээр суурилсан, хоёр дахь нь садан төрлийн бус сайн дурын байгууллага дээр суурилсан, гурав дахь нь төр дээр суурилсан. Эдгээр дээр суурилсан эдийн засгийн 3н өөр эдийн засгийн зохион байгуулалт байдаг. Гэр бүлийн бизнес, мэргэжлийн удирдлагатай корпорац, төрөөс санхүүждэг аж ахуйн газар.
Бизнес хийх аливаа оролдлого гэр бүлийн ажил маягаар эхэлдэг. Аж үйлдвэржихийн өмнөх хөдөө аж ахуйн нийгэм дэх аж ахуйн үндсэн хэлбэр бол гэр бүлийн бизнес байсан. Аж үйлдвэржсэн нийгэмд ч гэсэн шинэ бизнес голдуу гэр бүлийн жижиг аж ахуй байдлаар гараагаа эхэлж корпорац болдог. Иймээс гэр бүлийн бизнесийг эдийн засгийн хөгжлийн гарааны цэг хэмээн олон хүмүүс хардаг. Гэр бүлийн хүрээнээс бизнесийг гаргахын тулд хамтын нөхөрлөл, хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани зэрэг хамтын бизнесийн олон хэлбэрүүд гарч ирсэн. Эдгээр нь садан төрлийн холбоогүй хүмүүс хамтран бизнес хийх боломжийг олгох боловч гэр бүлийн бизнесийг устгадаг гэж ойлгож болохгүй. Олонх тохиолдолд хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд гэр бүлийн эзэмшилд хэвээрээ л байдаг. Campbell Soup зэрэг Америкт алдартай маш том корпорац одоог хүртэл гэр бүлийн эзэмшилд хэвээр л байна. Тиймээс нэг гэр бүлийн эзэмшилд байсан аж ахуй маш томорч хэдэн түмэн ажилчидтай болох тохиолдлууд олон бий. Гэвч аж ахуй томрохын хэрээр гэр бүлүүд түүнийг хяналтдаа байлгахад улам хэцүү болдог. Ийм үед хяналтдаа байлгахыг хүсвэл жижиг чигээрээ хоцорно, эсвэл хувьцаа эзэмшигч болж орчин үеийн зохион байгуулалт болох корпорац хэлбэрт шилжинэ.


Корпорац хэлбэрийн зохион байгуулалт 19-р зууны дундуур анх АНУ-ад, дараа нь Германд бий болсон. 20-р зууны эхний арван жил гэхэд Америкт бизнесийн энэ хэлбэр давамгайлах байр суурьтай болж чадсан. Энэ хугацаанд гэр бүлийн маш олон бизнес корпорац хэлбэрт шилжсэнээр өмчийн эзэн, бизнесийн удирдлага 2-т сонирхлын зөрчлүүд үүсэх болжээ. Нийгэм судлаачид олон жилийн хугацаанд гэр бүлийн бизнес корпорац хэлбэрт шилжихийг жам ёсны шилжилт гэж үзэж байв. Корпорацыг анх санаачилж амжилттай хөгжүүлсэн Америк, Герман, Японы түүх үүнийг харуулдагч гэр бүлийн бизнес амжилттай оршин тогтносоор байгаа Тайван, Итали мэтийн нийгмүүд ч байдаг.


1950-аад онд Америкт маш алдартай болж ирээд дампуурсан Ван лаборатори компанийн түүх олон зүйлийг харуулдаг. Компанийг үндэслэгч Ван Шанхайд төрж Америкт цагаачлан очин 1950-аад онд компьютерын төхөөрөмж хийдэг Ван лаборатори компаниа байгуулсан нь 1970-аад онд технологийн салбарт хамгийн амжилт олсон юм. 1980-аад онц дундуур Ван ажлаа орхихоор сэтгэл шулуудаж өөрийн хүү Фред Ванд бизнесээ өвлүүлжээ. Хүүгээ гэнэт дэвшүүлсэнд дургүйцсэн менежерийн баг удалгүй ажлаасаа гарсан байна. Ийнхүү Ван Фред гарч ирснээр ганцхан жилийн дотор компани нь анх удаа алдагдалд орсон нь ийм амжилттай явж байсан компани огцом унасан тохиолдол болж хөрөнгийн зах зээл дээр гайхаш төрүүлсэн зүйл болсон юм. Дараагийн 4 жилд хөрөнгө нь 90% буурч 90-ээд оны эхээр дампуурчээ. Вангийн компани дампуурсан үзэгдлийг захирал Вантай холбож тайлбарладаг. Тэрээр маш шаргуу, дайчин хүн байсан бөгөөд 1972 онд компани нь 2000 ажиллагсадтай болчхоод байхад 136 хүн нь шууд түүний удирдлагад ажиллаж байжээ. Түүний хүүд Вангийн эрч хүчтэй энэ чанар байхгүй байсан байна.


Хятадад бизнес жижиг хэмжээтэй байдаг нь чухамдаа бүх хувийн пүүс гэр бүлийн эзэмшилд, тэдний удирдлагад байдаг явдал. Япон, АНУ, Германд ноёрхох хэлбэртэй байдаг том хэмжээний, шаталсан удирдлагатай, нийтийн өмчлөлийн, мэргэжлийн удирдлагатай корпорацууд Хятадад байдаггүй. Гэхдээ Хятад, Тайвань, Хонконг, Сингапурт томоохон пүүсүүд байдаггүй гэж болохгүй, Хонконгийн Ю Кан Баогийн усан тээврийн компани Азийн хамгийн том компани байсан, мөн Хонконгийн Ли Ка-шиний бизнесийн аварга том эзэнт гүрэн ч бий. Тайваньд томоохон компанийг хяналтдаа байлгадаг, тэрбумаар ярих хөрөнгө бүхий 10 гаруй гэр бүл байдаг бол төдий хэмжээний баячуудыг Хонконгоос ч олж болно. Хонконгийн хөрөнгийн биржийн үнэт цаасны 54% нь арван гэр бүлийн (7 хятад, 1 еврей-англи, 2 англи) хяналтад байдаг. Гэхдээ эдгээр улсуудад өмчлөл, удирдлага 2 тэгтлээ салаагүй байдаг бол Япон, АНУ, Германд өмчлөл, удирдлага 2 аль хэдийн салж тус тусдаа хөгжсөн.


Ли Ка-шин эзэнт гүрнээ Стэнфорд төгссөн 2 том хүүдээ шилжүүлж өгсөн бол Баогийн эзэнт гүрнийг түүний 4 хүргэн хөтөлж байгаад гэр бүлийн салаа мөчрүүд тэрхүү бизнесийг өөр хоорондоо хуваан авсан. Эдгээр томчууд хувьцаагаа чөлөөтэй худалддаг боловч гэр бүлийн эзэмшлийн хувь 35-40%-иас доош буудаггүй, мөн тухайн гэр бүлийн хяналтад байдаг банк, санхүүгийн байгууллагын хувьцааны томоохон багцыг эзэмшиж байх нь элбэг. Өрнөдийн бараг бүх пүүсүүд гэр бүлийн бизнес байдлаар гараагаа эхлээд дараа нь корпорацын бүтэцтэй болсон байдаг. 


Гэр бүлээсээ гадуур хэнд ч итгэхгүй байдал нь хамаатны бус хүмүүстэй бүлэг юм уу байгууллага бүрдүүлэх, түүний дотор хамтын аж ахуй байгуулах асуудлыг маш хэцүү болгодог. Японд банто буюу гаднаас авчирч гэр бүлийн бизнесийг удирдуулдаг мэргэжлийн менежерүүд байдаг бол Хятадад тийм зүйл байхгүй. Тийм учраас Японы менежер ажлын дараа харьяа ажилчидтайгаа хамт явж аяга тагш юм уух, хоол идэх зэрэг үед хар аяндаа үүсдэг эрх тэгш нөхөрсөг байдал хятад соёлд байдаггүй. Токио, Нагояагийн аль нэг компанийн удирдлагууд жирийн ажилчдынхаа хамт байгууллагын зардлаар хотоос гадагш хэдэн өдөр амралтад явах арга хэмжээ хэвийн үзэгдэл байдаг бол Хятад, Өрнийн аль алинд энэ бол харш үзэгдэл юм. Хонконг, Тайбейд хамтдаа амрах арга хэмжээг зөвхөн гэр бүл, хамаатан садангуудын хүрээнд зохион байгуулдаг. Хятадын хөлсний менежерүүд компанидаа томоохон хувьцаа эзэмшдэггүй, тэр ч байтугай чухал албанд томилогдох үед тэднээс гэр бүлийн гишүүдийг илүүд үздэг.


Хөндлөнгийн хүнд итгэдэггүй Хятад бизнес дараах гурван шатаар хувьсан өөрчлөгддөг.
Нэгдүгээр шатанд голдуу чанга гартай эцэг байдаг нэг хүн бизнесийн үндсийг тавьж, дараа нь хамаатнуудаа удирдлагын гол цэгүүд дээр тавиад, өөрөө компанийнхаа ажлыг захиргаадах аргаар хөтлөн явуулна. Компани доторх элдэв маргааныг компанийн үндэслэгч эцэслэн шийдвэрлэх ба энэ үедээ пүүсийн санхүү, гэр бүлийн санхүү бараг салдаггүй. Боловсон хүчний асуудлыг тухайн хүний ажил гүйцэтгэх чадварыг үнэлж бус эзэнтэй хувийн ямар харилцаатайг үндэс болгон шийднэ.


Хоёрдугаар шат нь үндэслэгч нас барсны дараа эхлэх ба хөвгүүд гэр бүлийн бизнесийг тэнцүү хувиар эзэмшинэ. Гэвч хүүхэд болгонд бизнесийг үргэлжлүүлэх сонирхол адил тэнцүү байхгүй. Хэдийгээр бизнесийн ухаанд суралцуулахаар АНУ, Канад уруу явуулсан хүү нь бизнесээс шал өөр, урлаг юм уу тиймэрхүү чиглэлийг сонгох тохиолдлууд цөөнгүй. Тиймээс аль нэг хүү нь аж ахуйн бүх ажлыг гартаа төвлөрүүлж, зохион байгуулалтад оруулж чадвал тус компани оршин тогтнох боломж нэмэгдэнэ. Хэрэв ийм зохион байгуулалтад орж чадахгүй бол пүүсийн хяналтыг гартаа авахаар тэмцэлдсэн тэмцэлд компани сүйрэх магадлалтай.


Гуравдугаар шат нь компанийн удирдлага ач нарын гарт ороход эхэлнэ. Энэ үед ихэнх тохиолдолд компани олон хэсэгт хуваагдаж задардаг. Бизнес нь амжилттай явж байгаа гэр бүлийн ач нар маш таатай нөхцөлд өсөж бойжно. Тэд чинээлэг байдлаа жам ёсны зүйл гэж үздэг бөгөөд компанийнхаа төлөө золиос гаргахад ёс юм шиг бэлэн бус байдаг. Бизнес эрхлэх авьяас эхний үеэс гурав дахь үе рүү яваандаа буурдаг ба үүнийг Будденброкийн үзэгдэл гэнэ.


Гэр бүлийн бизнесийн унаж сэхэхийг илэрхийлж “Гурван үедээ ханцуй шамлан ажиллах” хэмээсэн Ирландуудын мэргэн үг байдаг. АНУ-ад бизнес эрхлэгчдийн 80% гэр бүлийн өмчлөлд, тэдний 1/3 нь 2-р үеийнхээ нүүрийг үзэж чадсан байдаг. Дюпон, Рокфеллер, Карнегийнхан зэрэг гэр бүлийнхэн л гурав дахийн доройтлыг тэсэж гарч чадсан байдаг боловч хойч үе нь өвөг дээдсээ бизнесийн хүрээнд давж гарч ирж байсан түүх үгүй.


АНУ, Япон, Германд хөрөнгө их шаарддаг эдийн засгийн томоохон салбаруудад цөөн тооны том компаниуд зах зээлийг хуваах маягаар оршдог бол Тайвань, Хонконг, Сингапур зэрэг улсад энэ талбарт хэдэн зуун, магадгүй хэдэн мянган жижиг пүүсүүд ач тач өрсөлдөж байдаг. Хятадын пүүсүүд жижиг байдгийн өөр нэг үр дагавар нь хятадын брэнд байдаггүй явдал юм. Нэршмэл бүтээгдэхүүн буюу зартай брэндийг зах зээлийг далайцтай эзэмшиж чадах томоохон компани л бүтээж чадна. Хонконг, Тайваньд нэхмэл үйлдвэрлэдэг компаниуд бүтээгдэхүүнээ Америкт Spaulding, Lakoste, Adidas, Nike, Arnold Palmer зэрэг нэрээр гаргадаг боловч өөрсдөө брэнд бүтээгээгүй.


Том бизнесүүд дандаа сайн, жижиг бизнесүүд дандаа муу байна гэвэл бас өрөөсгөл ойлголт. Бөс бараа, хувцас, мод болон бусад түүхий эд, компьютер, түүний эд ангиудын үйлдвэр, арьс ширэн эдлэл, жижиг төмөрлөг эдлэл, хуванцар эдлэл, банкны ажил зэрэг олон салбарт жижиг бизнес харин ч илүү ашигтай байдаг. Гэр бүлийн хөтлөн явуулдаг жижигхэн пүүс илүү уян хатан, шийдвэр шуурхай гаргадаг сайн талтай. Хагас дамжуулагч, сансрын техник, авто машин, газрын тосны үйлдвэрлэл зэрэг хөрөнгө их шаарддаг салбарууд нарийн ажиллагаатай, ашиг өндөр байдаг бөгөөд ийм бизнесийг эрхлэхэд шаталсан бүтэцтэй корпорац илүү тохиромжтой.


Хятад шиг нийгмийн хувьд том корпорац байгуулах 3н зам байдаг. Эхнийх нь сүлжээний байгууллагаа бий болгох замаар. Нэг пүүс бусад пүүсүүдтэй холбоо тогтоох замаар том бизнестэй дүйх хэмжээний аж ахуйн нэгжийг байгуулж болно. Өнөөдөр Фузянь, Гуандон мужуудад барьж буй хүлэмжийн аж ахуйн ихэнх нь Хонконгийн гэр бүлийн сүлжээний хийж буй бизнес болно. Дараагийн арга нь гадаадын шууд хөрөнгө оруулалт болно. Хятадууд гаднынхныг эдийн засагт нь томоохон нөлөө үзүүлэхийг зөвшөөрөхдөө ихээхэн болгоомжтой ханддаг. Тайвань болон Хятадад энэ ажил нарийн журамлагдсан байдаг. Гуравдугаар арга нь төр өмчлөлдөө авах. Чин улсын үед кван-ту шан-ран (төрийн хяналттай хувийн өмчийн) үйлдвэрийг байгуулснаар давсны монополь үйлдвэр, шаазангийн үйлдвэр, зэвсгийн үйлдвэрүүд байгуулагдаж байжээ. Тайваньд япончуудаас уламжилж ирсэн төрийн өмчийн томоохон компаниуд байдаг хэдий ч тэдгээрийг хувьчлахыг төдийлөн яарахгүй л байна. Тайвань сансрын технологи, хагас дамжуулагчийн салбарт томоохон тоглогч болно хэмээн найдаж байгаа бол эдгээрт төрөөс дэмжлэг үзүүлэх нь цорын ганц зөв зам болоод байна.


Күнзийн суртлаар гэр бүлийн өмнө хүлээх хариуцлага аливаа бусдын өмнө, түүний дотор эзэн хаан, тэнгэр бурхан, бусад эрхэм дээдсийн өмнө хүлээх хариуцлагаас давж ноёлно. Күнзийн ёсонд таван гол харилцааг чухалчилснаас хамгийн чухал нь эцэг хүүгийн харилцаа буюу эцэг эхээ дээдлэн хүндлэх ёс. Өрнөдөд бол эцгийн нэр хүнд багшийн, ажил олгогчийн, төрийн, бурхны нэр хүндтэй байнга өрсөлдөж байдаг. АНУ зэрэг зарим оронд эцэг эрхийнхээ эрх мэдлийн эсрэг тэрслэх явдал чухамдаа насанд хүрснээ харуулах ёс мэт болжээ. 
Хятадын нэгэн сонгодог үлгэр Күнз хөрш улсын хаантай ийнхүү ярилцдаг “Миний улсад эцэг хүн хулгай хийсэн бол хүү нь энэ тухай засагт хэлдэг буянтай сайхан газар гэхэд Күнз хариуд нь миний улсад эцгийгээ тэгэх санаа хүүгийнх нь толгойд хэзээ ч орж ирэхгүй учраас хамаагүй илүү буянтай газар”


Хятад уламжлалт бизнесийн харилцааг ийнхүү тодорхойлжээ: Төрөл садны хэлхээ холбоогүй хүнтэй хэвийн журмаар хамтран ажиллах бололцоогүй учраас түүнд бүрэн итгэх аргагүй. Тэр хүн буруу зөрүү авирлаж байвал тэр тухайн ахтай нь ярилцах, эсвэл эцэг эхээр нь сануулга өгүүлэх боломжгүй. Тэр хүнтэй эмзэг нарийн асуудал ярих хэрэгтэй болбол урьдчилж хөрсийг нь бэлтгэх үүднээс авгыг нь зуучаар ашиглах боломжгүй. Энэ дутагдлыг мөнгөөр засна гэвэл тастуулсан гар, хөлийг буцааж залгахаас амаргүй. Мөнгөнд өнгөрсөн, ирээдүй үүрэг хариуцлага 3-ын алин ч байхгүй. Харин төрөл төрөгсдөд бол бий. 


Хятад гэр бүл өрнөдийнхнөөс ёс юм шиг байнга том байж ирсэн. Күнзийн өв тэгш гэр бүлд 5 үе багтдаг: үүнд элэнц өвөөгөөс жич хүртэл нэгэн том өрхийн аж ахуйн хүрээнд аж төрнө. Ийм том гэр бүл амьдрал дээр байх нь ховор. Харин эцэг эх өөрсдийн том хүүтэй хамт амьдардаг нэгдсэн гэр бүл түгээмэл. Гагцхүү чинээлэг баян айл л олон хөвүүнээ эхнэр хүүхэдтэйн нэг дор байлгаж аж амьдралыг нь авч явах бэлтэй байв. Эрчүүд чинээлэг болохын хэрээр олон эхнэр авах ба эхнэрүүдийн үүрэг роль сулардаг. Ядуу айлын эхнэр эрчүүдээсээ дутахгүй хөдөлмөрлөдөг учир эхнэрийн үүрэг роль их, нөхөртөө ч нөлөөтэй. Хятад гэр бүлүүдийн нэгдэл, нягтрал нь хүүхнээ хянах, захирч байх боломжтой холбоотой байсан бөгөөд хяналт суларвал гэр бүл задрах хандлагатай байжээ.


Орчин үеийн Хятадын эдийн засгийн хөгжлийн шинж чанарыг ойлгоход удмынхны хэлхээ холбоо чухал ач холбогдолтой. Сингапур, Малайз, Индонез, Хонконг, Тайваньд байдаг эх газрын бус наньян овгийнхон Хятадын Гуандун, Фузянь 2 мужаас гаралтай ба одоо болтол хэлхээ холбоотой байдаг. Хонконгийн Шинэ газарт мянгаад жилийн өмнө тэнд суурьшсан нэг хүнээс гаралтай Дэн овогтнууд хэд хэдэн тосгоны хүн амыг бүрдүүлж байдаг. Гэвч удмынхан хуурамч шинжтэй байх нь элбэг. Чан буюу Ли гэсэн ижил овогтой хүмүүс өөрсдийгөө нэг удмынх гэж нотолж болох чиг хоорондоо чухам садан төрлийн хэлхээ холбоо байдаггүй. Гэсэн хэдий ч нэг удмын хүмүүсийн хооронд итгэлцэл үүсэж, харилцан үүрэг хүлээх үндэс болдог учир бизнесийн үйл хэрэгт чухал нөлөө үзүүлдэг.


Эзэн хаадын үеэс авахуулаад 1949 онд коммунистууд засгийн эрх авах хүртэл хятад хүн төрийн эрх барьж буй улс төрийн хүчнээс илүү гэр бүлдээ үнэнч байжээ. Тэд хамтдаа амьдарч, ажиллаж буй хүйн хамтлаг гэхээсээ илүү бие даасан өрхүүдийн эмх замбараагүй цуглуулга гэлтэй. Олонх хятад хүмүүс эх орныхоо төлөө аяндаа оргилох мэдрэмж байхгүй, нийтийн эзэмшлийн газарт бусармаг ханддаг, олон нийтийн газрыг бохирлодог, буяны ажлаас зайлсхийдэг, олон нийтийн ажилд сайн дураараа оролцдоггүй, эх орныхоо төлөө амиа өгөхийг боддоггүй зэргээс нь харж болно. Маш олон жил бусдад эзлэгдэж дарлал доромжлол үзсэн нь тэднийг нягтарч гаднынхныг үзэн ядах сэтгэлийг төрүүлдэг боловч энэ нь тэднийг эв нэгдэлтэй, хамтарч амьдардаг гэсэн санаа огт биш юм. 


Бусдад үргэлж гадуурхагдан, хамтдаа амьдрахаас өөр аргагүйд хүрсний улмаас нь гадна цагаачилж яваа хятадууд хамтарч амьдардаг болохоос бие биедээ туслах гэсэн сэдэл тун ховор. Гадагшаа цагаачилж амьдарч байсан хятадуудад банкнууд зээл олгодоггүй байсан учраас л тэд хоорондоо хөрөнгөө нэгтгэн дундын сан үүсгэж үүнээс ээлжлэн өөр хоорондоо зээл өгөх замаар бизнесээ эхлүүлж байжээ. Гэвч энэхүү дундын санг шамшигдуулах, авсан зээлээ эргүүлж төлөхгүй байх, авч зугтах явдал элбэг байсан учраас мафи маягийн хүчирхийлэгч байгууллагууд түргэн зуурт томорч оршин тогтносон юм. Маогийн үед хийгдсэн хүчээр хамтралжуулалт, соёлын хувьсгал, Маогийн үхсэний дараах хамтралын задрал энэ бүгд гэр бүлээс өөр хорогдох байр үгүй болохыг л улам тод харуулсан юм. Өнөөдрийн эрхтэн дархтан маргаашийн барлаг байж болохыг яс махандаа тултал ойлгожээ. Дэн Сяопины шинэчлэл ердөө л уламжлалт гэр бүлийн бизнесийг сэргээн гаргаж ирсэн юм. Хятадын коммунист намын олон удирдагч эрх мэдэлгүй болж мэдэх хойчийн өдрөө бодон гадаадын банканд данс нээн Өрнөдөд хүүхдээ сургах зэргээр бэлтгэл хийж ирсэн билээ.


Гэр бүлийн эрхэлдэг тархай бутархай аж ахуйн дэвжилт, доройтол байнга ээлжлэх тул ийм бизнес хоёр юм уу гурван үеэс цааш өөрийгөө инстүүцчилж оршин тогтнож чаддаггүй, хөндлөнгийн хүнд ерөөсөө итгэдэггүй, хамаатан бус хүнийг гэр бүлд оруулах дургүй, өвлөх заншлын дагуу эд хөрөнгө ихээр хуримтлуулахад бэрхшээлтэй зэрэг хятад соёл дахь гэр бүлээс хятадын бизнесийн бүтэц ихээхэн хамааралтай байдаг. Энэ бүх байдал Тайвань, Хонконг, Сингапурт мөн адилхан.