2020/05/22

501-1. Дэвид Пристланд, Улаан туг коммунизмын түүх

Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд коммунизмыг муулах асуудал хэрээс хэтэрч, муулах тоолондоо ЗСБНХУ-ын уналтыг ёс юм шиг жишээ татсаар ирсэн билээ. Эдийн засаг дахь Кейнсийн онолын уналтыг ч үүгээр тайлбарлаж 2008 оныг хүртэл чөлөөт зах зээлийг номлогч нар сэргэн мандав. Гэвч аливаа юм хэмжээ хязгаартай тул 2008 оны санхүүгийн хямрал хүн бүрийг бүх зүйлийг эргэн харах хэрэгтэй гэдгийг сануулсан томоохон сургамж авч ирлээ.
2000 онд Нью Йорк Таймс сонины булан хөтлөгч Томас Фридман Сиэтлд жагссан глобалчлалын эсрэг талынханд “Глобалчлалыг түргэхэн үгүй хийе гэвэл хэдхэн хана босгоод, зөвшөөрөхгүй байгаа улсыг амьдралд суралцуулах хэрэгтэй. Ингэж үзсэн орон дэлхийд байсан юм шүү. Тэнд хүн болгон баталгаатай ажилтай, зах зээл хамгаалагдсан, яаж амьдрах ёстой вэ гээд цөмийг заадаг байв. Тэр улсыг Зөвлөлт Холбоот Улс гэдэг байсан. Тэгээд муугаар төгссөн” хэмээн ихэд ихэрхүү дайрч байжээ.


1990-ээд оноос дэлгэрсэн либерал капитализмын талынхан чөлөөт зах зээл зайлшгүй болохыг нотлохдоо коммунизмын уналтыг байнга дурдаж ирсэн төдийгүй капитализм нь коммунизмоос илүү ёс суртахуунлаг байгуулал хэмээн үзүүлэхээр зүтгэх болжээ. Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн номдоо Фукуяма (1992) либерал ардчилал сайн сайхныг ижил тэгш хүртээнэ хэмээн нотлохыг оролджээ. Ингэснээр капитализмыг өдгөө хорон үйл гэхээсээ илүү ёс суртахуунлаг сайн үйл гэх болжээ. Тэгш эрхийн жинхэнэ дайсан нь омгорхог баян хүн биш энгийн хүн рүү ихэмсэглэн харагч хүнд сурталтан гэх болжээ. Бултаараа хийрхсэн зөрчилтэй жараад оны хүүхдүүд болох Билл Клинтон, Гэрхард Шрөдэр, Тони Блэйр нар нийгмийн шударга ёс, зах зээлийн дунджийг баримталсан гурав дахь зам нээснээ зарласан. Гэвч тэр зам нь зах зээл рүү илт хазайж иржээ. 


Хөгжилтэй орнуудад маш их хувьсгалт шинж чанар бүхий неолиберализм манлайлах болсон нь ОУВС, Дэлхийн банк, АНУ-ийн нөлөө юм. Гэвч коммунизмоос салаагүй удаагүй Зүүн Европын ихэнх орнууд ОУВС-ийн жорыг хүлээн авч хэрэгжүүлээгүй билээ. Энэхүү хувьсгалч неолиберизм нь эдгээр улсыг хүнд бэрх уналт, бөөн ажилгүйдэл, яая даа гэмээр ядуурал, тэгш бус байдалд л хүргэсэн юм. Үүний үрээр 1997 онд Польшоос бусад Зүүн Европын бүх орнууд 90 оны өмнөхөөс хамаагүй муу эдийн засагтай болж хоцорсон юм.


Польш, Унгар, эргээд задарсан Чех, Словак зэрэг улсуудад хүн амын дийлэнх хэсэг нь ядуурч хоцорсон ч эдийн засгаа эргүүлэн сэргээж чадсан болно. Гэхдээ зах зээлийн шинэчлэлийг хийхэд засаг төр бэлэн бус, нэр нөлөө муутай, хүчгүй байснаас болж энэхүү шилжилтийн үед хээл хахуульд автсан хулгайн эдийн засаг үүссэн юм. Үйлдвэрийн эзэд, хуучин албан хаагчид улс орныг байлдан эзэлж, хахууль өгөөд хөнгөлөлт эдлэх болов. Татвар цуглахаа больж гадаадын хөрөнгө оруулагчид мөнгөө оруулахаас болгоомжлоод хуримтлал бараан офшор данснууд уруу урсан гарчээ.


Неолиберал туршилт Орос оронд хамгийн хүндээр туссан бөгөөд 2000 онд Оросын эдийн засаг 1989 оны төвшингийнхээ 1/3 хүртэл унасан явдал юм. Энд хамгийн их нөлөөлсөн нь Ельциний посткоммунист засгийн газраас явуулсан неолиберал бодлого болно. 


Дэн Сяопин 1990 оноос зах зээлийн шинэчлэлээ урагшлуулж 93 оноос уламжлалт төлөвлөгөөт эдийн засгаас татгалзан глобал зах зээлийг дэмжсэнээр төрийн үндсийг ганхуулсангүйгээр барахгүй Хятадын коммунистууд улс орноо улам бэхжүүлж чадсан болно. Зөвлөлт засгийн уналт, үүний дараах Ельциний явуулсан бодлогоос Хятадууд хүчтэй намын хяналт бүхий хүчирхэг төр шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн болно. Зүүн Европт улаантнууд ягааран өөрсдийгөө капиталистуудыг талархагч социал-демократууд гэх болж, муужруулах эмчилгээг шүүмжлэн, эдийн засгийн либералчлалыг зөөлрүүлэхээ амлан 1990-ээд оны дундуур засгийн эрхээ буцаан авсан ч одоо байгаа тогтолцоог өөрчлөх талаар юу ч хийгээгүй болно. 
Албан ёсны Маоист тайлбартай маркист-ленинист үзэл суртлыг баримтлагч Хятад орон баяжиж гүйцээд коммунизмын талаар эргэцүүлэх албан ёсны чиглэл болж өглөө. 


1970-аад оноос АНУ коммунизмын эсрэг партизаны дайныг илэрхий хөхүүлэн дэмжих болов. ӨАБНУ-д 10 сая хүний амынх нь 1/3-ийг дүрвүүлж, 800 мянган хүн амиа алдсан партизаны дайныг хийгээд байгаа Унита бүлгийг дэмжиж байв. АНУ-ын өдүүлсэн партизаны дайны гол цөм нь Афганистан дахь Зөвлөлтийн эсрэг можахедийн хүчирхэг отряд байлаа. Энэхүү отрядыг Саудын Арабын дэгжиж буй бизнесмен Осама Бин Ладен толгойлж байв. Тэр үед ТТГ-ын дарга Виллиам Кэйси “Афганы ажиллагааны гоё сайхан нь чухам энэ дээ. Том биетэй муухай америкчууд л нутгийнхныг балбаж байна гэцгээгээд байсан. Тэгвэл энд Афганд бүх юм тэс өөр шүү. Оросууд жижгүүдийг гомдоож байна” хэмээн баярлан дуу алдаж байв. Харамсалтайн 1990-ээд онд можахедууд хуучин ивээн тэтгэгч нарынхаа эсрэг эргэн боссон билээ.


Америкийн эрх засаг суларсаар гуравдахь ертөнцөд хувьсгал ялаад байсан нь неоконсервативчуудад итгэл итгэлийг сулруулав. Ерөнхийлөгч Картерийн цагдаа нарыг захирч, хүний эрхийг хүндэтгүүлнэ гэсэн бодлого хүчгүй болов. Аюултэй бэрх 1979 он эргэлтийн жил байлаа. Сандиногийн хувьсгал, Ираны лалын хувьсгал, Зөвлөлтийн цэрэг Афганд орсон гээд АНУ хэдэнтээ ялагдал хүлээв. Үүнтэй зэрэгцээд тохиосон эдийн засгийн хямрал нь 1980 онд Рональд Рейгенийг гарган ирэв. Рональд Рейген Америкийг хүчтэй байлгах дэлхийн санхүүгийн тогтолцоог бий болгов. Энэ тогтолцоо нь 2008 оны хямралаар нурах хүртлээ бараг 30 жил оршин тогтносон юм. Ингээд коммунизмын эсрэг шийдвэрлэх дайныг Японых голлосон гадаад зээлээр хийжээ. Ингэснээр асар их мөнгөөр 1980-аад оны хоёрдогч, гуравдагч ертөнцийг санхүүгийн их хямралд татан оруулсан юм. Энэ нь гадаад өр ихтэй коммунист улсуудад үхлийн цохилтыг өгснөөр коммунист дэглэм нуран унасан билээ.


Гэвч коммунист улсууд энэ довтолгоонд бүрэн цохигдсонгүй. Хятад тэргүүтэй Зүүн Азийн орнууд гадаад өр ихтэй биш байж энэ үеэр худалдааны либерал бодлого явуулснаар харин ч байр сууриа бэхжүүлсэн юм. Ингэснээр 2008 он гэхэд Хятад нь АНУ-ын гадаад өрийг дардаг санхүүгийн гол эх булаг болох Японы орон зайг эзэлсэн билээ. 
Энэхүү санхүүгийн довтолгоон нь ЗХУ-ын Зүүн Европ дахь дагуул улсуудад хүчтэй туссан юм. 1979 онд өрийн үйлчлэх илтгэлцүүр Польшид 92%, БНАГУ-д 54% г.м байсан нь боломжит 25%-аас бараг бүгд хэтэрсэн өртэй байв. Эдгээр улсууд барууны хорхой хүрэм бага хүүтэй зээлийг авсан нь эцэстээ аюулд хүргэжээ. Өмнөдийнхний мөнгөнөөс зээлж авсан тэр өдрийг зүүн европын коммунистууд хожим харуусан дурссан юм.


Польш, Румын улс бүрэн дампуурч, өрөө төлөхийг хойшлуулахыг барууныхнас гуйж, уналтад орж гүйцжээ. Унгар, БНАГУ арай учиртай байж, түр зууртаа санхүүжилт хийн тогтнож чадсан юм. 1981 онд Румын өрөө төлж чадахгүйд хүрч талхыг нормоор худалдаж, цахилгааныг хязгаарлан, тоос сорогч хөргөгч ажиллуулахыг хоригложээ. Бензин нүдний гэм болж ердийн хөсөг ашиглахыг засгийн газар нь уриалав. Төрөлт бууруулахыг зогсоохыг оролдож төр хувийн амьдралд ч оролцож эхлэв. Югаслав улс байдгаа бараад 1982 онд хатуу нөхцөл заасан ОУВС уруу гараа сунган очихоос өөр аргагүйд хүрэв. ОУВС БНУууд бие даан мөнгө зээлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх онц эрхээ цуцлахыг хариуд нь тулгажээ. Үүнийг нь Словени Хорват нар эсэргүүцсэнээр задралын үндсийг тавив. 1980 онд Тито нас барснаар ОУВС-ийн хөндлөнгийн оролцоо, гадаад өрний урхагаар эвийн цавуу хэмх үсэрч Югаслав задрав.


Польшид 1980 онд засгийн газар илүү хэрэглээнээс татгалзаж, махны худалдааг багасгах арга хэмжээ авсан нь улс орон даяар үймээн самуун жагсаал цуглаанд татан оруулав. Солидарностийн зохион байгуулсан ажил хаяалт бослогын өмнөх байдалд очсон 1981 онд Зөвлөлтийнхнийг арга буюу үүнд оролцохоос өөр аргагүйд хүргэв. Ингээд Моквагийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн Ярузельскийг засгийн эрхэнд томилсноор онц байдал тогтоож, цэргийнхэн засгийн эрхэнд гарч зуугаад хүнийг хороосон байна.


1981 оны Польшийн үйл явц хар шил зүүсэн Ярузельскийг КН-ын удирдагч гэхээсээ Латин Америкийн цэргийн дарангуйлагч шиг харагдуулснаас гадна Зөвлөлтийнхний дэмжлэг тусламж дуусгавар болсныг харуулж өгөв. Цаашид Зөвлөлтийн тусламж дэмжлэгт найдах аргагүй болсон Коммунист удирдлагууд АНУ-ын неолиберал үзэл суртлаа тогтооход ашиглаж байсан нөр зөрүүд ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагуудтай нүүр тулан харилцахаас өөр аргагүйд хүрлээ. 1980 оны 2- сард Дэлхийн банкны тэргүүн Роберт Макнамара эдийн засгийн бэрхшээлтэй байгаа орнуудад зориулж зээлийн хөтөлбөр зарласан боловч уг хөтөлбөрт хамрагдахын тулд эдийн засаг хувьчлагдаж, зах зээлээ нээлттэй болгоод, төр оролцоогоо хумихыг шаардав. Өөрөөр хэлбэл коммунистуудыг шуудхан л эдийн засгийн загвараасаа татгалзахыг шаарджээ. Үүнд 1978 оноос зах зээлийг сонгосон Хятад их нөлөөлсөн байна.


1982 онд Леонид Брежнев нас барж хатуу бодлоготон Юрий Андропов залгамжлав. 1983 онд мөнхийн ерөнхий нарийн Вячеслав Молотовын намын гишүүнчлэлийг сэргээн хуучин сталинч аргыг буцаан хэрэглэх талаар яриа гарч эхлэв. Гэвч 1984 онд Андропов нас барж өвчтэй, өвгөрсөн Константин Черненко гарч ирсэн боловч дараа жил нь нас барлаа. Ингэснээр УТТ насгүй болсон өвгөрсөн хүнийг дахин сонгохгүй болох нь тодорхой болсон нь УТТ-ын хамгийн залуу гишүүн Горбачёвт нэр дэвших сайхан боломж гарч ирсэн юм.


Горбачёв гарч ирснээр 4 жилийн дараа Берлиний хана нурж, 6 жилийн дараа ЗХУ задран уналаа. Ийнхүү ЗХУ-ыг үгүй хийсэн хүн нь Цагаан ордноос биш Кремлээс тодорсон билээ.
Горбачёв 1931 онд Өмнөд Орост тариачин айлд төрсөн, эхийн талаасаа өвөө нь намын гишүүн, хамтралын дарга байгаад 1937 онд баригдсан. Ажилсаг комсомолч байсан учир ургац хураалтад амжилттай оролцон 1948 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан. Улмаар Москвагийн УИС-ийн хуулийн ангид элсэн суралцаж төгссөн. Брежевээс ялгаатайн эдийн засгийн мэдлэг, туршлага байхгүй. Горбачёв боловсролтой, зальжин, өөртөө итгэлтэй байснаар хэрэгтэй юмаа мэдэж чаддаг, уран аргатай (горбиманиа буюу Горбачёвын өвчин хэмээх хэлц үг гарсан) нэгэн байв. Горбачёв Зөвлөлтийн тогтолцооны үндсийг тун болгоомжтой эвдсэн хийгээд үүний үрээр 1987-91 оны хооронд хүмүүсийн үзэл бодол хүчтэй өөрчлөгдсөн юм. 


Хүмүүс юм л бол намаа шүүмжлээд, барууныхныг талархаад эхэлсэн. Тэрээр хуучин үзэл суртал тогтолцоо уруу дайрснаар орыг нь эзэлхүйц зах зээлийн талбарыг бэлдэж өгөхөөс өмнө төрийн эрх мэдлийг үгүй хийжээ. Горбачёвт хүчирхэг намаар удирдуулан зах зээлд аажим хөл тавих хятад загвар, ОУВС-гийн тулгасан неолиберал муужруулах эмчилгээ 2-оос сонголт хийх боломж байсан. Тэрээр эхний сонголт нь хүнд суртлыг улам бэхжүүлнэ гэж үзсэн тул түүнээс татгалзжээ. Тэрээр муужруулах эмчилгээг ч хэрэглээгүй юм. Горбачёв баруунаас зээл авч амьдралын төвшинг аятай болгохыг зорьсон боловч гадаад өр талийсан болно. 1989 онд ирэх жилээс томоохон үйлдвэрүүдийг хувьчлах болно гэсэн ойлголт өгснөөс дарга нар өөрсдийн хувьчлалыг эхлүүлж, тоног төхөөрөмжөө зарж мөнгө босгоод эхлэв. Хагас ил хэлбэрээр хийгдсэн хулгай 1990-ээд оны олон олон олигарх нарын эд баялгийн эх сурвалж болсон юм. Хүнд суртлыг үгүй хийх гэсэн Горбачёвын оролдлого олон хүмүүсийг баяжуулав. Хүнд сурталнуудын эсрэг явуулсан бодлого нь намыг сулруулж БНУ-ууд ээлж дараалан салан тусгаарлахаа мэдэгдэж эхлэв. 


1990 оны 3-р сард Литовын парламент ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнээс гарах санал өгч, Латви, Эстон нар ч дагалаа. 6-р сар Орос тусгаар тогтнолоо зарлаж Борис Ельцин ерөнхийлөгч нь боллоо. 1990 оны 9-р сард Горбачёвт эргэлзээ төрж төр засгаа төвлөрүүлэх гэж оролдсон ч тэрээр хүч хэрэглэхийг хүссэнгүй. Улмаар БНУ-уудын шахалтад орж тэдгээрт шинэ эрх мэдэл өгсөн гэрээнд гарын үсэг зурахаас аргагүйд хүрчээ. Гэрээнд гарын үсэг зурахаас 2 хоногийн өмнө 1991 оны 8-р сарын 19-нд УАХХ-ын дарга Владимир Крючков нарын хуучинсаг удирдлага Крым рүү дайран Горбачёвыг барьж хорьсон бөгөөд онц байдал тогтоох эсвэл дэд ерөнхийлөгч Янаевт бүрэн эрхээ шилжүүлэхийг шаарджээ. Горбачёв татгалзсан учраас түүнийг хорив. УАХХ, цагдаа олон нийтээс дэмжлэг авч чадаагүй юм. 


Энэ үед Ельцин хуйвалдагчдын эсрэг гал цогтой босож танкан дээр зогсоо явсаар Цагаан ордонд хүрчээ. Тэрээр 8-р сарын 21-ний үүрээр Цагаан Ордонг дайран эзлэхээр товлосон боловч цэргийнхэн тушаал биелүүлэхээс татгалзжээ. Гэхдээ тэр өдөр төрийн эргэлт зогсож Горбачёвыг сулласан байна. Гэвч Горбачёв суллагдсаны дараа улс орны хувь заяа эргэлт буцалтгүйгээр шийдэгдсэн байлаа. БНУ-ууд тусгаар улс болохыг яараад, Ельцин ЗСБНХУ-ын бүх активыг Оросын төрийн өмч хэмээн зарлав. Үүнээс хойш юу ч хийсэн бүхнийг эргүүлэн зогсоох арга үгүй болсон юм. 1991 оны 12-р сарын 25-д Горбачёв ЗСБНХУ-ын ерөнхийлөгчөөс огцорлоо. 1985 онд дэлхийг сөнөөх хэмжээний цөмийн зэвсэгтэй, эсрэг талаас хүч ер дутуугүй байсан Зөвлөлтийн эзэнт гүрэн 6-хан жилийн дотор ийнхүү задран унасан юм. Олон үндэстнээс тогтсон хүчирхэг импери ийнхүү урд хожид үзэгдээгүй энх амгалан байдлаар насан эцэслэсэн юм. Ленин Сталин нарын нэг тогоочийн ач хүү Владимир Путины хамгийн түрүүн гаргасан зарлигийн нэг нь 1990 онд Ельциний хүчингүй болгосон 1944 оны Зөвлөлтийн төрийн дууллын аяыг буцаах хэрэглэх тухай байлаа.


Австрийн хил дээр унгарчуудаа хатуу цагдахыг Унгар татгалзаж эхэлсэн 1989 оны 5-р сараас баруун дахь коммунист дэглэм төгсгөл боллоо. Зүүн германчууд Унгарын хил нээлттэйг ашиглан ээлжийн амралтаа Унгарт өнгөрөөх болов. 1989 оны 8-р сарын 19-д Пан Европын наадам зохиож зүүн германы оршин суугч нарт хилээ нээжээ. БНАГУ хариу болгож Унгартай залгаа хилээ хаасанд германы сөрөг хүчин орон даяар жагсаал зохион байгуулснаар нам хяналтаа алдаж эхлэв. 10-р сарын 4-ний жагсаалын дараа улс орноос гарч явах журмыг хязгаартай султгахаар шийдвэрлэсэн ч хэвлэлийн бага хурал дээр үл ойлголцол гарснаас сандарч мэгдсэн хилчид хилээ шууд нээж үй олон хүнийг нэвтрүүлжээ. Энэ явдлыг түүхэн дэх хамгийн санууштай эндүүрэл хэмээн тэмдэглэвэл зохилтой. Тэр шөнө зүүн германы 50 мянга орчим иргэн “Бид нэг ард түмэн” хэмээн уухайлсаар Зүүн Берлинээс Баруун уруу нэвтэрчээ. 


Ийнхүү Берлиний хана нурахад бусад улсад эсэргүүцлийн галыг өдөөсөн болно. Болгарт 11-р сарын эхээр гарсан жагсаал Тодор Живковыг засгаас буулгаж, Чехословакд жагсаал тэмцэл илүү хурцдан коммунист нам сөрөг хүчинтэйгээ хэлэлцээрийн ширээнд суусан. 1989 оны 12-р сард Румынд болсон жагсаалыг эсэргүүцэн сөрөг жагсаал зохион байгуулсан боловч жагсаалд оролцогч нар Николе Чаушескуг дэмжээгүйгээр барахгүй, сандарч мэгдсэн эхнэр нөхөр Чаушеску Бухарестаас гарч зугтсан боловч тэднийг баривчлан цаазлан хороов. Хамгийн сүүлд 1990 онд Албанид оюутны үймээн дэгдэж коммунистууд эвслийн засгийн газар байгуулсан ч бүтэлгүйтэж ахиж төрийн эрхэнд гарч ирээгүй болно. Унгар, Польшид хэлэлцээр хийх замаар хувьсгал тайван замаар өрнөсөн бол Чехославок, БНАГУ-д асар богино хугацаанд нийтийг хамарсан үймээн маягаар дэгдэж хуучин удирдлагууд унав. Польш, Чехословак, Румынд ажилчид, сэхээтнүүд гээд бүх анги давхаргыг хамарснаараа 1917 оны хувьсгалтай илүү ойр болсон бол Унгар, БНАГУ-д сэхээтэн, цагаан захтнууд дээр төвлөрч өөрчлөлт хийгдэв. 


ЗСБНХУ задран унасан нь коммунист засаглалтай бусад оронд байдлыг улам муутгав. Югослав ОУВС-ийн дэмжлэгээр муужруулах эмчилгээг эхлүүлэхээр шийдсэн боловч үүнийг нь Хорват, Словени эсэргүүцэн салан тусгаарлах бодлого явуулав. Югославын задралаар БНУ бүрд үлдсэн үндэсний цөөнх ямар ч хамгаалалтгүй үлдсэн нь дайнд татан оруулав. Словениас бусад нь янз бүрийн үндэстэн холилдсон БНУ учир үндэсний цөөнх нь дарлал заналхийлэлд өртөв. Хүн амын 12,2%-ийг эзэлдэг сербүүдийг хамгаалахаа амлан Милошевич сонгуульд ялав. 1991 оны 6-р сард Хорват, Словени тусгаар тогтнолоо зарлах үед Милошевич Югославын армийг тэдэн уруу хөдөлгөв. 


Словенид 2 тал цэргээ татсан бол Хорватад хорват үндэстэн Югославын армийн сербичүүд хооронд иргэний дайн дэгдэв. 1992 оны 1 сард дайн дууссан ч хэрэг дээрээ Югослав улс байхгүй болсон тул Милошевич дан ганц нэг үндэстний Агуу Серби Улс байгуулахыг зорьж олон үндэстний Босни Херцеговинд сербүүдийг бослогод өдөөсөн. Боснийн дайн 1992 оны 4-р сард эхэлж 2 жил үргэлжилсэн болно. Дайнаар Милошевич ихэд суларсныг далимдуулан Косовогийн албаничууд боссов. 1999 онд НАТО бөмбөгдөж байж Косовод НҮБ-ийн засаг захиргааг хүлээн авахыг Милошевичид тулган хүлээлгэв. Удаа дараа хохирол амссан Милошевичийг 2000 оны 10-р сарын оюутнуудын оройлсон жагсаалаар огцруулав. Югославын задрал хийгээд үүний дараа гарсан дайнууд нь ОУВС тухайн улсын хэрэгт хэтэрхий хөндлөнгөөс дүрж эрээ цээргүй аашилснаас үүдсэн билээ.


1989 онд Бээжинд Горбачёвыг ирэх сургаар айн түгшиж байв. Тэрээр одоо эвдлэн сүйтгэгчийн дүрээр Хятадын КН-д айдас төрүүлж байв. Зөвлөлтийн удирдагчийг ирэх сургаар оюутнуудын тэмцэл хөдөлгөөн эрс ширүүн болж эхлэв. Түүнийг ирэхээс 9 хоногийн өмнө Бээжингийн их сургуулийн оюутнууд цагдаагийн хамгаалалтыг сэт цохин Тяньаньмэний талбайгаар жагсан өнгөрөв. Эсэргүүцэгчид Зөвлөлтийн удирдагчийн айлчлалтай давхцуулан талбай дээр өлсгөлөн зарлан зөрчилдөөнийг хурцатгахаар шийджээ. Тэд Зөвлөлтийн удирдагч өөрсдийнх талд орно хэмээн найдаж байсан байна. ХКН-ын шинэчлэгч хэсэг яриа хэлэлцээрийг санал болгож байсан бол хуучныг баримтлагч нар нухчин дарах чиг баримжаатай байв. 


Горбачёвыг ирэхээс 1 хоногийн өмнө мянга гаруй оюутан талбай дээр өлсгөлөн зарлаж 5-р сарын 14-ний орой 100 мянган хүн тэдэнтэй нэгдэв. Зөвлөлтийн удирдагчийг ирэхийг сурвалжлах гаднын сэтгүүлчээр Бээжин хахаад байсан нь Дэнийг ихэд тэвдүүлж байсан тул шийдвэр гаргаж хүч хэрэглэхийг сайшаалаа. Горбачёвыг хүндэтгэн угтах ёслолын ажиллагаа онгоцны буудал дээр болж, баярын жагсаалын замыг өөрчилсөн ба Горбачёв оюутнуудын талд орж үг хэлсэнгүй, айлчлал элдэв будлиангүй болж өнгөрөв. Гэвч Хятадад өрнөсөн тэмцэл намдсангүй 1989 оны 5-р сарын 30-нд Тяньаньмэний талбайд Америкийн эрх чөлөөний хөшөөг санагдуулам 30 фут өндөр Ардчиллын Эх дагинын аварга том хөшөөг Маогийн аварга том хөргийн өмнө босгосноор оргил үедээ хүрчээ. Эсэргүүцэл тэмцлийн эрч хүч сулраад байсан энэ үед энэхүү хөшөө нь жагсагчдыг дахин хурцалж өгсөн юм. Оюутнуудаар тогтохгүй ажилчид, намын гишүүд одоо босогчдын талд орсон нь 1980 оны Польшийн сүйрэл давтагдах нь гэсэн айдсыг төрүүлжээ. Сөрөг хөдөлгөөнийг Ярузельскийн цэрэг хөдөлгөж дарсан бэлээхэн туршлага байсан тул 6-р сарын 3-д талбайг цэвэрлэхээр цэрэг орууллаа. 4-ний өглөө танк Ардчиллын эх дагинын хөшөөг нураав. 600-1200 хүн амь үрэгдэж, 6000-10000 хүн шархаджээ.


2002 онд Хятадын олон нийтийн санал бодол судлаач нар Бээжингийн оюутнуудаас Билл Гейтс ба Павел Корчагин 2-ын хэнийг нь илүү баатарлаг гэж үздэг тухай санал асуулга явуулахад 45%-аар хайн болжээ. Хэнийг үлгэрлэх вэ гэхэд 44% нь Билл Гейтийг, 27% хоёуланг нь, 13% нь Корчагиныг сонгосон байна.