Өндөр итгэлцэл бүхий нийгэмд Герман ордог. Бидний хувьд Герман юугаараа илүү онцлог вэ гэхээрээ адилхан нүүдэлчид байсан гэдэг утгаараа илүү ойр дотно юм. Тухайн үедээ Гитлер яг ийм шалтгаанаар Монголын Эзэнт Гүрний талаар бас сонирхож байжээ. Зартай нүүдэлчид ер нь цөөхөн дөө, европт аричууд, викингүүд, тэгээд хүннү нар, уйгарууд, түрүгүүд тэгээд монголчууд байдаг. Өөр нэг онцлог нь Герман улс Дэлхийн 2-р дайнаас хойш тогтвортой, гойд амжилттай хөгжиж буй улс. Үүний улмаас өөрөөс нь илүү хөгжилтэй байсан Британи, Франц нарыг хол хаян Европт тэргүүлэх гүрэн болж чадсан. Бүх хүмүүст шударга хуваах оролдлого хийгээд тун амжилттай дампуурсан Британи мэт улстай харьцуулалтгүй Герман нь тогтмол өсөлттэй яваа цөөн улсын нэг. Өөр нэг асуудал нь бидний чухам амаа олохгүй магтдаг либерал үзэл нь Германд ч тэр, Японд ч тэр огт үнэр ч байхгүй гэж болно. Энэ нь ардчиллын тухай шал өөр сэдэв рүү орох учраас итгэлцэл гэдэг номынхоо хүрээнд Германы хөгжлийн үндсийг олж харахад энэ бичиглэлийн зорилго оршино.
Аль Бисмаркийн үеэс л Германчууд дандаа өөрсдийн бүтээсэн бүтээгдэхүүний талаас илүү хувийг хэрэглэдэг, томоохон элбэг хангалуун төртэй байж ирсэн. Энд Японтой адилхан насаар нь ажиллуулах систем байхгүй ч Америк ажилчинтай харьцуулахад Герман ажилчинг халах хавьгүй хэцүү. Японтой ижил төстэй тал нь дэг журам, сахилга батаараа зартай, тэр нь сайхан тордсон олон нийтийн газар, нийтийн бие засах газар, цэвэр цэмцгэр хувийн байшингуудаас нь илт харагдана. Дэг журмыг хэт чухалчилж ирснээр үйлдвэрлэлийг яв цав явуулж байгаа тэдний авьяасаар илэрнэ. Япон, Герман 2-ул суурь машин, сайн механикч, авто машин, дурангийн үйлдвэр, гэрэл зургийн аппарат зэргээрээ алдартай. Нөгөө талаас 2-ул гаднынханд тийм ч найрсаг бус, эзлэн захирсан ард түмэнтэйгээ маш хэрцгий ханддагаараа зартай. Дэг журмыг хэт шүтсэнээс дарангуйлах засаг, засагт сохроор захирагдах ёс тогтож ирсэн. Гэвч Дэлхийн 2-р дайны дараах хуваагдал нь германчуудын соёлын ялгаанд хүчтэй нөлөөлсөн. Коммунист дэглэмд байсан зүүн Германчууд илүү Польш, Орос, Болгаруудтай төстэй болсон бол баруун германчууд харьцангуй нээлттэй болж, илүү хувьч үзэлтэй болжээ.
Германчууд тархай бутархай муж улсууд байсан аль 1840-өөд оноос аж үйлдвэржиж эхэлснээс хойш томоохон компани Германы эдийн засгийн чухал шинж байсаар ирсэн. Америкт шүүх захиргаа трестийн эсрэг тэмцэж байх тэр үед Германд компаниуд нийлж картель болохыг дэмжиж байсан нь хими, ган хайлах зэрэг гол салбаруудад Германы аварга том пүүсүүд түрүүлж гарч ирэх нөхцөл болжээ. Жишээ нь 1925 онд Германы химийн аж үйлдвэрийн Bayer, Hoechst, BASF гэсэн 3 том компани IG Farbenindustrie хэмээн ганц том концерн болж нэгджээ. Үүнээс нэг жилийн дараа Германы ган хайлах хүчирхэг олон үйлдвэрүүд Vereinigte Stahlwerke нэрийн дор нэгдсэн нь тухайн үедээ эдгээртэй тэнцэх ямар ч компани өөр улсуудад байгаагүй юм. Эдгээр аварга концерныг Америкчууд дэлхийн 2-р дайны дараа Японы зайбацуг татан буулгасан тэр шалтгаанаар татан буулгажээ. IG анхны гурван компани болж задарсан бол Vereinigte Stahlwerke 13 компани болон задарчээ. Японоос ялгаатайн эдгээр компаниуд ахин хэзээ ч эргэн нийлээгүй юм.
Германд ердөө хэдхэн 10н жилд том концерн болсон түүх элбэг. 1883 онд Эмиль Ратенау худалдан авсан Эдисоны патентаа ашиглан байгуулсан Allgemeine Elektrisitats Gesellschaft (AEG) 1900 он гэхэд л Германд 42, Европт 37, далайн чанадад 38 төлөөлөгчийн газартай болж амжсан байдаг. Өөр нэг аварга болох Siemensstadt гэхэд 1913 онд АНУ, Их Британийн аль алинд нь ч түүнтэй дүйх ямар ч компани байхгүй хэмээн Алфред Чандлер тэмдэглэн үлдээсэн байдаг. Их Британид Уйльям Мэтер Эдисоны патентыг Ратенау-тай нэг жил худалдан авсан ч тийм том үйлдвэр байгуулж чадаагүй. Их Британид тухайн үед бүх боломж нь байсан ч AEG, Siemens, General Electric, Westinghouse шиг томоохон компаниуд бий болоогүй учир 20-р зууны туршид АНУ, Германтай харьцуулахад 2-р зэргийн л үүрэг гүйцэтгэж иржээ. Анхандаа шоколад үйлдвэрлэх гэр бүлийн пүүс байсан Германы Stollwerk 1870-80-аад онд Европ, Хойд Америкт борлуулалтын томоохон сүлжээг байгуулж чадсан бол тухайн үед зэрэг шахуу байгуулагдсан Британийн Cadbury гэр бүлийн жижиг бизнес хэвээрээ л хоцорсон байдаг.
Германы Японтой ижил төсөөтэй нэг шинж нь аж үйлдвэрийнхээ өсөлтийг хувьцаа гарган борлуулж биш банк түшиж санхүүжүүлэх замаар хангаж ирсэн явдал юм. Банкнууд хязгаарлагдмал хариуцлагатай аж ахуйн нэгж болох хуулийн орчин бүрдэнгүүт банкнууд өмнө харилцаж ирсэн аж үйлдвэрийн салбартай нягт хамтран ажиллаж гол санхүүжүүлэгч нь болсон юм. Ингэж Diskontogesellschaft нь төмөр замын банк, Berliner Handelgesellschaft цахилгаан техникийн үйлдвэрүүдийг, Darmstadter bank нь Хессен, Тюрингийн төмөр замыг санхүүжүүлэгч болцгоосон юм.
Бусад хөгжингүй улсуудад үүнтэй төсөөтэй үйл явц явагдаагүй бөгөөд АНУ-д 1933 онд Гласс-Стигалын хуулиар арилжааны банкийг хөрөнгө оруулахыг хориглосон бол, Францад Эмиль-Исаак нарынПерейрийн хөрөнгө оруулалтын банк маягаар 1852 онд байгуулсан Credit Mobilier 1867 онд дампуурч, Британид 1878 оны City of Glasgow Bank сүйрснээр банкнууд удаан хугацааны хөрөнгө оруулалтаас татгалзжээ. Германд аж үйлдвэр эхнээсээ экспортын чиг баримжаатай байсан учраас компанийн хэмжээ дамжааг улс орныхоо хүрээгээр бус өрсөлдөж буй зах зээлийнх нь цар хэмжээгээр үнэлдэг байв.
Германы нийгмийн онцлог шинжийг харуулдаг нэг зүйл нь доод шатны эв санааны нэгдэл юм. Германы армийн бага дарга нар боловсрол багатай ажилчны давхаргаас сонгогддог боловч бусад оронд ахлах тушаалын офицерт оногддог олон чиг үүргийг хариуцаж илүү эрх дархтай байсан нь Рейхсвер болон Вермахтын цэрэг тулалдааны талбарт амжилт гаргаж байсан нэг шалтгаан юм. Энэ байдал аж үйлдвэрийн цехийн мастеруудын хувьд мөн адил ажиглагддаг. Цехийн мастер харьцангуй их эрх мэдэл эдэлж, олон дүрэм журамд баригдалгүй чөлөөтэй ажиллах бололцоотой байдаг нь ажлын бүтээмжийг нь нэмэгдүүлж өгсөн байдаг. Энэ эрх мэдлийг Японд ч тэр, Германд ч тэр зальдах аргаар өнгөрөөдөггүй нь тухайн нийгмийн бас нэг онцлог юм. Итгэлцэл эдгээр нийгмүүдийг урагшлуулж өгсөн болохыг эндээс харж болно. Итгэлцэл бага нийгэмд ийм боломжийг эсрэгээр нь ашиглах нь илүү элбэг байдаг.
Германд цехийн мастер ажилчдынхаа хийдэг ажлыг хийх чадвартай, шаардлага гарсан тохиолдолд хэн нэгнийг орлож чаддаг. Мастер ажилчдаа нэг ажлаас нөгөөд сэлгүүлэн ажиллуулах эрхтэй, тэдэнтэй нүүр тулан ажилладгийн хувьд нэг бүрчлэн үнэлж чаддаг. Албан тушаал дэвшүүлэх систем нь илүү уян хатан, хөх захтан буюу ажилчин хүн инженер боохын тулд заавал их, дээд сургууль төгсөх шаардлагагүй, компанийнхаа мэргэжил дээшлүүлэх сургалтад суугаад болж болдог.
Гэтэл итгэлцэл муутай нийгэмд цехийн мастер ажилчин 2-ын хоорондох харилцааг дэндүү нарийвчилсан дүрэм журмаар шийдэж, түүнийгээ заавал даган мөрдөхийг албадсан байдаг. 1930-аад оны үед Хоторны хийсэн туршилт ажилчдыг жижигхэн бүлэг байдлаар зохион байгуулах нь хөдөлмөрийн бүтээмжид нааштай нөлөөлдгийг харуулжээ. Хатуу дүрэм журмаар хашигдаагүй, үйлдвэрлэлийн ажиллагааны талаар өөрөө шийдвэр гаргах боломжтой ажилчдын бүтээл өндөр байдаг болохыг харуулснаар хүнлэг харилцааны талаар номлосон Мэйогийн хөдөлгөөн өрнөв. Гэвч Мэйогийн хүнлэг харилцааны зарчмыг янз бүрийн соёлд адилхан хэрэглэж болохгүй төдийгүй нэлээд өндөр итгэлцэл хөгжсөн АНУ-ын янз бүрийн мужид давтан хийх боломжгүй байгааг судалгаанууд харуулсан байдаг.
1913 онд Мичиган муж улсын Хайленд Парк дахь Форд Мотор компанид автомашин үйлдвэрлэх ажиллагааг хэдэн мянган жижиг үйлдэл болгон задалж цуваа дамжлагаар үйлдвэрлэх болсон аж үйлдвэрт томоохон шинэчлэл авчирсан юм. Фордын угсраа ажиллагаа нь моод болж түүнийг аж үйлдвэрийн бусад бүхий л салбарт авч хэрэглэх болов. ЗХУ-ын хувьд үүнийг олноор буюу далайцтай үйлдвэрлэхтэй холбон үзэж том л бол сайн гэсэн үзлээс шалтгаалан шууд хуулбарлан авч хэрэгжүүлснээр коммунизмын төгсгөлд үр ашиг муутай, аж үйлдвэрийн дэд бүтцийг үлдээсэн юм.
Хенри Фордын нэртэй холбоотой олноор үйлдвэрлэх хэлбэрийг Фредерик У. Тейлор үйлдвэрийн цех тасгууд дахь хөдөлмөрийн бүтээмжийг дээд цэгт нь хүртэл нэмэгдүүлэх зорилгоор хийсэн судалгаан дээрээ үндэслэн Шинжлэх ухаанч удирдлагын үндсүүд номоо гаргав. Эд ур чадварыг хэрэгцээгүй зүйл болтол нь үйлдвэрийн үйл ажиллагааг нарийвчлан задалж энгийн үйлдлүүд болгон хувиргахыг зөвлөж байв. Ингэснээр ур чадвар гэдэг зүйл огт хэрэггүй зүйл мэт болж аргадах, ташуурдах аргыг хослуулан бүтээмжийг нэмэгдүүлж болох тухай Фордизм, Тейлоризм хэмээн алдаршсан номлол гарлаа. Тэрээр ажлын байранд даган мөрдөх ёстой утга учиргүй баахан дүрэм журмыг боловсруулан гаргаж түүнийг л зөвхөн ажилчин хүн мөрдөж ажиллахыг албадсан нь үйлдвэрчний эвлэлийн зүгээс үүрэг хариуцлагыг тодорхой болгох үүднээс үүнийгээ улам нарийвчлан заахыг албадсан зүйл болон хувирав. Үүний үр дүнд Францад мастер ажилчин 2-ын харилцааг яамнаас боловсруулсан маш зузаан гэгчийн журмаар зохицуулдаг болж мастер ажилчныг нэг ажлаас нөгөөд дур мэдэн шилжүүлэх ч боломжгүй болов. Тейлоризм нь ажилчин хүнд итгэх итгэлийг байхгүй болгосноор ажилчид нь цехийн мастер түүний удирдлагуудад итгэх итгэл алга болжээ.
Хайленд Парк дахь Фордын үйлдвэрт хөдөлмөрийн бүтээмж асар их өссөн нь Герман үйлдвэрүүдээ цуврал үйлдвэрлэлийн системийг нэвтрүүлэхэд хүргэв. Гэвч тэд үүнд тийм ч сэтгэл хангалуун байдалтай байгаагүй. Тэд үүнийг маш өөр байдлаар хүлээн авч хэрэгжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл Герман аль ч ажилчин дамжлага болгон дээр сэлгэн ажиллаж бүгдийг чаддаг болохыг шаардаж ирснээр ур чадварыг харин ч улам нэмэгдүүлсэн байна. Ингэснээр харилцан бие биеэ орлож чадахуйц хамт олныг гарган иржээ. Ийм бүлэг ажилчдыг Германд Meister-ийн бүлэг гэх бөгөөд эд бүлгийнхээ нэр төрийг байнга хичээн мастерынхаа үгнээс үл гарна, түүний шийдвэрт эргэлздэггүй бол Францад мастер нь ажилчныг сэлгүүлэн ажиллуулах эрх мэдэлгүй байдаг нь тэднийг өөрсдийгөө чамлах сэтгэлээр шаналахад хүргэдэг байна. Францын нэг дарга 16 ажилчинг удирддаг бол Германых 25-ыг удирдаг байна.
Өөр нэг онцлог нь Германы дагалдан сургалтын систем. Энэ нь маш алдартай бөгөөд ажилчдын мэргэжлийн ур чадвар өндөр байдаг нь чухам үүнтэй холбоотой. 1992 онд Билл Клинтонд Германы дагалдан сургалтын систем маш их таалагдаж үүнийг АНУ-д нэвтрүүлэхийг сонгуулийнхаа нэг зорилт болгон дэвшүүлж, ажил хэрэг болгохыг оролдсон боловч амжилт олоогүй билээ. Германы их дэлгүүрийн борлуулах тасгийн ажилтан 3н жил дамжаанд суудаг бол АНУ-д энэ хугацаа 3 хоногоор л хязгаарлагдана. Хөтөлбөрийг дууссаны дараа маш хатуу шалгалт авч баталгаажуулсан үнэмлэх олгох ба энэ үнэмлэх нь хилийн чанадад ч хүчинтэй байдаг учраас мэргэжлийн сургалтад онцгой анхаарал тавьдаг байна. Энэ сургалтыг тусгай боловсролын байгууллага биш хувийн бүх компаниуд зохион байгуулж олгодгоороо боловсролын системд ч энэ талын сургалт илүү нэр хүндтэй. Мэргэжлийн үнэмлэх нь дипломоос илүү нэр хүндтэй байдаг. Германд инженер болох 2 арга зам байдаг бөгөөд 1-рх нь их дээд сургууль төгсөж дипломтой болох, нөгөөх нь мэргэжил дээшлүүлэх дамжаанд суух замаар зугуухан өгсөх. Ажилчид нь нарийн мэргэжил эзэмшсэн байдаг учраас дарга нар нь тэдэнд итгэж элдэв журмаар хашаад байхгүй, араас нь байнга хяналт тавиад байхгүй, нэлээд дураар нь байлгадаг.
Германыг даган дуурайх гэсэн бүх оролдлого бас л Японтой адилхан бүтэлгүйтсэн. Итгэлцэл үгүй нийгэмд компани болгон өөрийн хөрөнгөөр сургалт зохион байгуулаад байвал үүнийг завшигч бүхэл бүтэн бүлэг гарч ирэх нь дамжиггүй. Хэрэв цехийн мастерт дэндүү их эрх мэдэл олговол түүнийг өөрт ашигтайгаар ашиглахыг үгүйсгэх аргагүй. Цехийн мастер л зөвхөн ажилчдыг үнэлэх учраас шударга бус үнэлэх явдал гарахгүй гэх газаргүй. Олон жил бэлтгэсэн нарийн мэргэжлийн ажилтан нь өөр компани уруу урван одох магадлал ихтэй гээд гарч болох муу талыг тоочоод баршгүй. Тийм л учраас бид Германыг ч, Японыг ч аль алиныг нь шууд хуулбарлан дуурайх огт боломжгүй.