2020/05/24

107-2. Үгийг чинь чимээгүй сонсож толгой дохидог мөртлөө - О. Дашбалбар

Үгийг чинь чимээгүй сонсож толгой дохидог мөртлөө
Үнэндээ бол дотроо атгаг муу санааны чулуу хадгалж
Хэрэгтэй цагт өөр рүү чинь шидэхэд бэлэн явдаг хүнтэй
Хэрэггүй дээ бүү нөхөрлө, гэхдээ мууг бүү сана


Хээр талд намрын түймэр өвс ногоог хуйхлах шиг
Хэтэрхий муу хүний үг сэтгэлийн сайхныг харлуулна
Өөрөө бусдын сэтгэлийн хуурыг хөглөж үл чадах атлаа
Өрөөлийн зүрхний эгшгээс таслахдаа үл гэмшинэ


Яг тийм хайр найргүй хүн ганц нэг байдаг л юм даа
Ялдам сайхан сэтгэлийн зулаа сүүдэрт салхинаас нь хамгаалж яв
Өчүүхэн бодолт хүн мянган сайхныг харж үл чадах атлаа
Өө эрж ганц толбо олбол эрдэнэ олсон мэт баярлан хэрээ мэт гуаглана