2020/05/21

201-1. Буддагийн намтар

Одоогоос 2500 жилийн тэртээ Энэтхэгт аж төрж байсан Сиддхарта Гаутамаг /Готама/ шавь нар нь өргөмжилж Будда хэмээн нэр өгчээ. Готама нь ихэс дээдсээс гаралтай, зүүн хойд Энэтхэгийн сахьяа үндэстний буюу өнөөгийн Балбын хааны агь болон мэндэлжээ. Түүхэнд тэмдэглэснээр Шуддходам хааны хатан Махамайя эзэн хаан эсвэл садху буюу ертөнцийг огоорсон гэгээнтэн болох хувь тавилантай хүү төрүүлнэ хэмээн зүүдэлсэндээ ихээхэн балмагдсан гэдэг. Иймээс хүүгээ төрөнгүүт хаан болгохоор шийдэж, ач тухтай бүх нөхцөлийг бүрдүүлж ордноос ч эс гаргав гэнэ.


Готама хааны ордонд хэдий элбэг дэлбэг амьдарч байсан ч уйтгарлан гиюүрч 4 удаа ордноос гарахдаа амьдралын жамыг таньж ихэд цочирдсон гэдэг. Эхний удаад “Энэ хүн ямар учраас ийм бөгтгөр, эцэнхий байна вэ?” гэж асуусанд түүнд “Хүн бүр өтөлж хөгширдөг нь энэ ертөнцийн жам билээ. Та ч ялгаагүй өтөлж хөгширнө. Амьдрал угаас ийм жамтай” хэмээн хариулахад Миддхарта маш ихээр цочирджээ. Дараагийн удаад тэрээр өвчтэй хүнтэй таарч хүн хэдий эрүүл чийрэг бие хаатай, эрэмгий зоригтой боловч өвчин тусдаг төдийгүй үүнээс сэргийлэх арга чаргыг хэн мэдэхгүй байгааг мэдээд бас л цочирджээ. Гурав дахь удаад нас барсан хүнийг чандарлахаар авч яваатай таарчээ.


Ийнхүү Готама өтөл хөгшин, өвчин зовлон, үхэл хагацал гурвын сансрын зүй тогтлыг ойлгохыг хичээхийн зэрэгцээ энэ бүгдийг хүлээн зөвшөөрөх хүний хүлцэнгүй сэтгэлийг ч хэрхэн ойлгохыг оролдож эхэлсэн нь буддын шашны тулгуур ойлголт болох юмсын мөн чанарыг танин мэдэх хэмээн ухагдахууныг бий болгосон юм. 4 дэх удаагаа гарахдаа бадар барин яваа садху хэмээх тэнүүлчинтэй таарсан нь Готамаг шулуутгаж зорилго өөд тэмүүлэх хүслийн бадраажээ. Готамаг дөрвөнтөө ордноос гарахад учирсан 4 зүйлийг 4-н бэлгэдэл хэмээн нэрлэдэг.


Домог яриагаар нэгэн тэргэл сартай шөнө Готама нойрсож буй эхнэртээ “Намайг өршөөгөөрэй” хэмээн хэлээд эхнэр хүү хоёроо орхиод явсан гэдэг. Готама ийн явахдаа хувцсаа сольж, гэзгээ тайрч, сахлаа хусаад бадарчин мэт явжээ. Готама ганцаар ингэж яваагүй болно. Учир нь тухайн үеэс эдүгээг хүртэл олон олон хүмүүс орон гэрээ орхин оюун санаагаа чөлөөлөх замд хөл тавьсан байдаг. Орон гэрээ орхин одсон Готама нэгэн чухал шийдвэр гаргасан нь йогоор хичээллэх шаардлага тулгарсан явдал юм.


Готама 6н жилийн турш хатуу диян барин нойр хоолоо хасаж, усанд ч оролгүй, хөл нүцгэн даяанчлан явжээ. Энэ үедээ шашингүй үзэлтнүүдийн дунд түүний нэр хүнд тархана олон шавь дагалдагч нартай болсон гэдэг. Готама хэдий оюун санааны хувьд өндөр төвшинд хүрч чадсан ч хатуу дияныг сахиснаар үнэн мөн буюу зовлонгийн үрийг ойлгож чадахгүй нь гэж санаад хатуу диянаа орхижээ. Түүнийг хоол ундаа ердийнхөөрөө хэрэглэж эхэлсэнд дагалдагч нар нь түүнийг хаян одсон байна.


Готама ганцаар үлдээд тухайн үед нэр цууд гарсан бусад багш нартай уулзан учирч, сургаал ном, арга барилыг нь судлан дагаж явсан боловч энэ нь түүний хүсэл зорилгыг хангаж эс чадав. Ингээд нэгэн орой эрэг дээр ургасан жамбу модны дор /хожим бодь мод гэх болсон/ суун бясалгах ахуйдаа “Би сэрж сэхээрэн гэгээртлээ эндээс босохгүй. Бие минь хатаж, цус минь шингэрсэн ч гэгээрэлд хүртлээ эндээс хөдлөхгүй” хэмээн тангараг өргөжээ. Ийнхүү 5 сарын тэргэл сартай шөнөөр Готама анхаарлаа төвлөрүүлж бясалгаснаар сэрж сэхээрэн ялж, төгс гэгээрэн Будда болжээ.


Төгс гэгээрч Будда болсон Готама санаандгүй өмнө түүнийг дагаж явсан хүмүүстэй таарч анхны сургаалаа айлдсанаар номлолоо түгээж эхэлсэн байна. Будда үзсэн харснаа өгүүлж, гэгээрэлд хүрснээ дуулгасны дараа түүнд бусад нь итгэхгүй эргэлзсэн хэвээр байжээ. Тийм ч учраас лам нар Буддын төвшинд очсон гэдгийг баталдаг урагшилж дэвшсэн хэмээх утга бүхий Татхагата цолыг өгөхөөс татгалзжээ. Хэдийгээр Будда төгс гэгээрсэн хэмээн батлан хэлсэн ч түүнд итгэсэн хүн үгүй. Харин ч Готамагаас чанд хатуу сахил сахиж байхдаа төгс гэгээрэлд хүрээгүй атлаа эгэл жирийн амьдралаар замнаж эхэлсэн даруйдаа гэгээрсэн нь ямар учиртай вэ? хэмээн тулган асуусан байна.


Будда “Татхагата нь төгс гэгээрэлд хүрэхээр бядан явсаар энгийн амьдралд эргэж ирсэн хүн ерөөс биш” хэмээгээд өөрийгөө төгс гэгээрч, үхлээс ангижирсан болохоо батлан өгүүлжээ. Гэвч лам нар үүнд мөн л итгэсэнгүй. Гэгээрэлд хүрэхийн тулд хатуу сахилыг сахин олон жилийг зарцуулах учиртайг хэлжээ. Домогт өгүүлснээр Будда гэгээрсэн болохоо гурвантаа нотлохыг оролдсон ч лам нар итгэсэнгүй, гэхдээ түүнийг өмнө нь ярьж хэлж байгаагүй зүйлсийг ярьж хэлж байгаа тул ямартай ч хэлэх үгтэй болж хэмээн үзсэн байна.


Будда амьдралынхаа сүүлийн жилүүдийг зүүн хойд Энэтхэгийн газар орноор хэрэн тэнүүчилж сургаалаа айлдан өнгөрүүлжээ. 35 насандаа төгс гэгээрсний дараа жилийн 9 сарын турш нэг газраас нөгөөд шилжин явж борооны улирлын 3-н сард нь нэг газраа ганцаар бясалган суух замаар аж төрж ирсэн байна. Будда өдөртөө нэг л удаа хооллох бөгөөд тосгон суурин газраар явж өнгөрвөл айл айлын гадаа очоод бадар барин зогсож өл залгах хэмжээний хоол хүнс олж аваад тосгоны захын төгөлд суун хоолоо иднэ. Үүний дараа суурингийн иргэд түүний сургаал номлолыг сонсохоор тойрон сууж сургаал номлолыг нь сонсдог байжээ. Буддын ариун сударт бичигдэж үлдсэн түүх нь чухамдаа ард иргэдтэй хөөрөлдсөн эдгээр яриа хөөрөөнөөс үүдэлтэй байдаг.


Тэдгээрээс хэд хэдэн чухал түүхийг онцол авч үзье. Будда өргөн замаар явж байгаад Донатай таарчээ. Дона бярманы бэлэг тэмдгийн талаар нэлээд мэдлэгтэй, олонд хүндтэй хүн байлаа. Тэрээр Буддагийн гишгэсэн мөрнөөс мянган хадаастай дугуйн хээ харагдаж буйг олж мэдээд араас нь мөшгөн Буддаг модны сүүдэрт сууж байхад нь таарч мэнд мэдээд шашны холбоотой дараах асуултуудыг асуужээ. Эртний Энэтхэгчүүд орчлон хорвоог хэд хэдэн үед хувааж үе бүрийг хүн, яшка, гандарва, дева нар захирч суудаг хэмээн үздэг байв. Дона Буддад хандан “Чи яшка юу?” /яшка ой модонд амьдардаг аймшигтай хүчирхэг сүнс/ хэмээн асуусанд Будда “Үгүй” хэмээн ганц үгээр хариулжээ.


Дона “Чи гандарва юу?” /гандарва нь тэнгэрийн дууч, хөгжимчин бөгөөд сайхан дуулдаг, гоо зүстэй сахиусан тэнгэр мэт бодгаль/ хэмээн ахин асуув. Будда мөн л “Үгүй” гэж хэллээ. Дона “Тэгвэл чи дева байхнээ?” /дева нь охин тэнгэр, тэнгэрлиг бодгаль/ гэсэнд Будда аанай л “Үгүй” хэмээн хариулжээ. Дона сонин л юм, ямартаа ч энэ болбоос хүн бололтой гэж бодоод “Чи хүн мөн үү?” гэж асуусанд Будда мөн л “Үгүй“ гэжээ. Энэ хариултыг дуулаад Дона мэгдэн сандарч “Чи хэн бэ?” гэж асуухад Будда “Би чиний хэлээд байгаа яшка, гандарва, дева, хүн хэмээх бодгалийн бүхий л төвшинг ялан дийлсэн Будда болой” гэж хариулжээ.


Энэхүү домог нь Будда тухайн үед Энэтхэгт тогтсон үзэл бодлыг сөрөн зогсож цоо шинэ үзлийг дэвшүүлсэн болохыг харуулдаг. Хэрвээ түүний замаар замнахыг хүсвэл өдий болтол тогтсон үзэл бодлоо үндсээр нь өөрчлөх ёстойг сануулсан домог юм. Будда хүмүүстэй ярилцах бүрдээ амжилтад хүрч байсангүй. Тэрээр сургаалаа айлдаж эхэлсний дараахан аливаад маш чанд хатуу байр сууринаас ханддаг ажвекүүдийн үзлээр даяанчлагч Упакатай тааралджээ.


Будда Бодь Гая орох замдаа Упакатай тааралджээ. Упака Буддагийн нүүр царай цаанаа л нэг гэрэлтэж буйг анзаараад түүнтэй ёсчлон мэндэлсний дараа түүний багш хэн болох, ямар сургаал баримталдаг болохыг асууж лавлажээ. Үүнд Будда өөртэй маш итгэлтэйгээр ялж гэгээрсэн, бүхнийг олж мэдсэн, багш үгүй нэгэн бөгөөд бурхад, хүмүүсийн дотор ижилгүй болохоо онцгойлон дурджээ. Упака Буддад хандан “Энгүй орчлонгийн зах хязгаарт хүрсэн аятай л бардамнаж байна даа” хэмээн бага зэрэг дооглонгуй аястай өгүүлбэл Будда түүний хэлснийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч энэ дэлхий дээрх гэгээрсэн ганц хүн төдийгүй нирваанд хүрсэн болохоо хэлжээ. Гэвч Упака итгэсэнгүй “Тийм байж болох л юм” хэмээн толгойгоо сэжсээр цааш явжээ. Энэ домог нь тухайн үед олон тооны хүмүүс Буддатай адилхан гэгээрэлд хүрэхээр зүтгэж байсныг илэрхийлдэг.


Буддаг таньж мэддэг байсан 5 хүн анхлан түүнд шавь оржээ. Гэвч удалгүй дагалдагч нар олширсон тул түүнийг даган даяанчийн амьдралаар аж төрөгч бүлэглэл буюу биккху /гэлэн/ санга /буддын шашинтнууд буюу санга нь ихэвчлэн лам нарын бүлэглэлийг нэрлэдэг нэршил боловч буддын шашинт хүмүүсийг ч ерөнхийд нь санга гэх нь бий/ үүсжээ. Өдөр хоног өнгөрөхийн хэрээр эгэл жирийн иргэд Буддаг дагаж, гэр бүлтэй хэвээр боловч сургаал номлолыг нь сонсох болсноор түүний дагалдагч нарын тоо эрс өсжээ. Будда ч санга лам нар, эгэл жирийн хүмүүст сургаал номлолоо айлдахдаа эн тэнцүүхэн ханддаг байсан байна.


Будда нас дээр гарч Кушинагара хотоос холгүй ойн төгөлд хоолонд хордож нас барсан гэлцдэг. Тэрээр бусдын өгсөн мөөг, малтуу мөөг, эсвэл гахайн махнаас хордсон гэдэг. Будда бясалгаж суунгаа баруун тийш хазайсан чигтээ толгойгоо гараараа түшээд амьсгал хураажээ. Энэ суудлыг буддын шашны сударт Будда Паринирваан буюу төгс нирваанд шилжсэн нь хэмээн нэрлэдэг нь Будда дахин төрлөө олохгүй болсныг илтгэж байгаа хэрэг болно. Будда насан эцэслэхийн өмнө түүний амьсгал хурааж буйг мэдрээд хаалга налан уйлж зогссон Анандыг дуудан авчраад “Битгий гунь, битгий уйл. Бид хайртай дотно бүхнээсээ хагацах жамтайг би чамд хэлж байсан шүү дээ. Чи олон жилийн турш дэргэд минь байж баяр хөөрөөр дүүрэн үнэн сэтгэлээрээ миний төлөө зүтгэсэн. Чи надад бие сэтгэл, оюун бодлоороо үнэнч явсан. Чиний үйл бүхэн сайн сайхан мөртэй байсан шүү, Ананд минь. Цаашдаа ч энэ замаар яваарай. Тэгсэн цагт чи удахгүй чөлөөлөгдөх болно” гэж өгүүлжээ.