2020/05/21

201-2. Буддын сургаал

Будда Варанаси /Бэнарэс/ хотын Исипатаны ойролцоох гөрөөсний цэцэрлэгт аж төрөн суухдаа 5 баккхуд /гэлэн – лам нар/ хандан сургаалаа айлджээ. Буддад төрсөн бодол санааг /даршана/ судар бичигт /сутра буюу судар, утас, шижим гэсэн утгат/ хэрхэн тэмдэглэн үлдээснийг дэлгэрүүлж үзье. Сутрад Будда дөрвөн үнэний тухай дурдаж, төвийг сахих талаар өгүүлнэ.


Будда ордонд амьдрахдаа хүсэл шуналдаа автахыг мэдэрч, хатуу дияныг сахихдаа өөрийгөө тарчлаан зовоох гэдэг юу болохыг 2-уланг нь үзэж туулжээ. Ингэсний хүчинд төвийг сахих замаар замнах учиртайг сэхээрч, ингэвэл мэргэн ухаан, машид амарлингуйд хүрч, зөн билгээ хөгжүүлснээр гэгээрч нирваанд хүрэх боломжтойг ухаарчээ. Төвийг сахих нь Буддагийн айлдсан 4 үнэний сүүлчийн үнэн билээ. Үүнийг ойлгохын тулд эхний гурван үнэнийг дэлгэрүүлэн судалваас зохилтой. Эдгээр нь буддын ёсоор аж төрөхийн үндэс болдог. 


Буддагийн 4 үнэн нь:
  • Дуккха буюу зовлон зүдгүүр, сэтгэл ханамжгүй байдал
  • Самудая буюу дуккхагийн шалтгаан
  • Ниродха буюу дуккхаг гэтлэх
  • Магга буюу дуккхаг таслан зогсоох арга зам

Дуккхаг зовлон зүдүүр, сэтгэл ханамжгүй байдал төдийгөөр орчуулах юм бол алдаа болно. Хүмүүс сэтгэл дундуур үлдсэн зүйлийнхээ талаар зовлон зүдүүр хэмээн ярьдаг ч зовлон зүдүүрийг туулах үедээ туршлага хуримтлуулдаг болохыг мартаж болохгүй. Мөн түүнчлэн Будда хүний амьдралыг сайн сайхан үе, муу муухай үе хэмээн үеүдэд хувааж үзэлгүй бүхэлд нь авч үзэн тоймлох нь зүйтэй хэмээжээ. Амьдралыг тэр чигээр нь баяр баясгалан, зовлон зүдүүр мэтээр ярих утгагүй бөгөөд бидний бүхий л амьдралынхаа туршид хуримтлуулсан туршлага ч өчүүхэн билээ.


Дуккха нь хүн бүрийн сэтгэлд гүн бат суусан аливаад үл ханах тэр л мэдрэмж юм. Бид яаж ч хичээгээд хүссэн болгоныг авах боломжгүй талаар дуккхад өгүүлсэн болно. Бид яаж ч хичээгээд хүрээлэн буй орчноо өөрчилж, улмаар төгс төгөлдөржүүлж чадахгүй болно. Тиймээс хязгааргүй шунал хүслээ дарах эм танг олох нь илүү чухал гэжээ.


Орчлон ертөнц бүхэлдээ хувьсамтгай чанартай /аничча/ бөгөөд орчлон ертөнцийн хувьсамтгай чанар нь дуккхагийн шалтгаан болдог гэжээ. Хүмүүс цаг үргэлж тогтвортой байдалд тэмүүлж олж авсан зүйлээ хадгалахыг эрмэлздэг ч орчлон хорвоод үүрдийн юм гэж үгүй билээ. Өөрчлөлт бол бидний амьдралыг тэтгэх амин хүч боловч бүх зүйлийг мөн тогтворгүй болгож байнгын гэх ойлголтыг үгүй хийдэг юм. Орчлон ертөнц ийм хувьсамтгай шинж чанартай учраас л түүнийг сайн эсвэл муу хэмээн харах хэрэггүй, орчлонгийн мөн чанарыг олж хар буюу оршихуйн үндэс нь энэхүү хувьсамтгай чанар юм гэжээ.


Та уурлан бухимдаж, уйтгар гунигт автах хэрэггүй, орчлон ертөнц өөрөө ийм хувирамтгай аашийг үзүүлдэг юм аа. Аливаа биетийн төлөв байдлыг тайван буюу тогтвортой төлөв, эмх замбараагүй буюу тогтворгүй төлөв гэж үзвэл уг биеийн оршин тогтнох үндэс нь хаос буюу тогтворгүй төлөв юм. Хүмүүс нэгэнт олж авсан зүйлээ хадгалж үлдэхийн төлөө тогтвортой зүйлд тэмүүлдэг ч өөрийгөө оршин тогтнох үндэс рүү халдсанаар өөрийгөө устгахаар тэмүүлж байдаг гэсэн утгатай юм. Тогтвортой хөгжил гэж байдаггүй, тогтвортой хөгжил гэдэг нь зогсонги байдал уруу оруулдаг бөгөөд үүнийг одооны нөхцөлд авч үзвэл хямрал юм шүү дээ, тогтвортой байдалд оронгуутаа сүйрчихдэг. Хүмүүс эмх замбараагүй байдлыг үзэн ядаж үгүйсгэдэг ч энэ өөрийнх нь оршин байгаа учир шалтгаан болохыг мартдаг. Орчлон ертөнц өөрөө амьд ийм хувирамтгай аашийг үзүүлдэг тул чамд баригдахдаа нэг бол сайн эсвэл муу мэт аль нэг төлөвөөрөө таарах болно. Орчлон хорвоог бүхэлд нь сайн эсвэл муу гэж төсөөлж болохгүй, чамтай таарахдаа аль нэг шинжээ үзүүлэх тул үүнийг орчлонгийн ааш гэж таньмой.


Хоёр дахь үнэн Самудая нь дуккхагийн талаар илүү нарийн ойлгоход бидэнд тусална. Орчлон хорвоо хувьсамтгай шинж чанартай боловч хүн өөрөө түүнтэй адилхан хувьсамтгай шинж чанартай бишээс болж зөрчил үүсдэг байна. Ингэснээр энд анатта буюу тухайн хүний би-г үгүйсгэдэг буддын шашны ухагдахуун гарч ирнэ. Дуккха, аничча, анатта гурвыг ахуйн гурван тулгуур ойлголт гэнэ. Мөнхөд хувьсан өөрчлөгдөж буй орчлон ертөнц дотор оршдог мөртлөө төдий л хувьсан өөрчлөгдөж чаддаггүй би гэж хэн бэ? гэсэн асуулт урган гардаг.


Будда “Би” гэдгийг үргэлжид хувьсан өөрчлөгдөж байдаг 5 энергиэс /цогц буюу скандх/ тогтох махбод юм хэмээн хариулжээ. Эдгээр 5 энерги буюу цогцод:
  • Махбодын цогц
  • Мэдрэхүйн цогц
  • Танин мэдэхүйн цогц
  • Ухамсарт төсөөллийн цогц
  • Ухамсрын цогц

Махбодын цогцод 5-н мэдрэхүй болох харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэх, түүнчлэн оюун ухаантай холбоотой сэтгэн бодох, танин мэдэх үйл явц орно. 


Мэдрэхүйн цогцод таатай, таагүй, дундын мэдрэмжүүд орно. Махбодын цогцыг ашиглан хүрээлэн буй орчинтой харьцаж түүний талаар туршлага хуримтлуулснаар мэдрэхүйн цогц үүснэ. Ингэснээр бид аливаа зүйлийн талаар таатай, таагүй, дундын гэх мэт бодолтой болж амьдралын туршлага хуримтлуулдаг байна.


Танин мэдэхүйн цогц нь мэдрэхүйн зургаан эрхтнээрээ дамжин гадаад орчинтой харилцсанаар танин мэдэх үйл явц өрнөж аливаа зүйлийг танин мэднэ.


Ухамсарт төсөөллийн цогцод Будда сэрж мэдрэх, сэтгэн бодох, зөн билэг, эргэлзэж тээнэгэлзэх, эргэцүүлэн тунгаахыг төлөөлүүлжээ. Үүнээс гадна шунах, хорсох, мунхаглах 3-н хорыг үүндээ багтаасан болно. Ухамсарт төсөөлөл нь хүний үйл хөдлөлтэй салшгүй холбоотой чухал ойлголт болно.


Ухамсрын цогцод танин мэдэхтэй холбоогүйгээр аливааг мэдэрсний үр дүнд үүсдэг үйл явцыг ойлгоно. Өөрөөр юмс мэдрэхүйн эрхтнээр дамжин заавал танин мэдэх үйл явцад оролгүйгээр шууд оюун ухаанд дүрслэгдэхийг ухамсар хэмээн ойлгоно.


Буддын шашинд хүн гэдэг нь эдгээр таван зүйлийн нэгдэл хэмээн ойлгоно. Шүд өвдлөө гэдэг зүйлийг энэхүү 5 цогцын онолоор тайлбарлавал:
  • Шүд бол бодитой хүчин зүйл
  • Өвдөлт бол мэдрэмж
  • Шүдийг олж харахуйц бодитой бөгөөд хэлбэр дүрстэй төдийгүй өвдөж буйн ухамсарт мэдрэгдэж байна.
  • Өвчнийг мэдэрсэн хүн өвчнийг дарах хүслээ илэрхийлнэ.
  • Ингээд нэгтгэвэл шүд өвдөх гэдэг нь ухамсарт байгаа зүйлийг танин мэдэх үйл явц юм.

Ингэж үзвэл би гэж байхгүй болно. Бүхий л зүйлд эдгээр 5 цогц харилцан адилгүйгээр оролцож харин хувь хүн болох би энэ дунд байхгүй.


Гэвч амьдрал дээр хүмүүс ингэж хүлээж авдаггүй. Би зүйлийг би-дээ уях байдлаар хүлээж авдаг. Хүмүүс шүд өвдчихлөө, би өвдчихлөө хэмээн бүх зовлонг өөртөө тусгаж авснаар өөрийгөө тойрсон дуккхаг /энэ тохиолдолд дуккхаг зовлон гээд шууд ойлгож болно/ үргэлж үүсгэж байдаг байна. Ингээд товчхондоо биед уягдах нь дуккха юм. Үүнээс ангижирч чадвал жинхэнэ жаргалыг мэдэрнэ гэжээ.


Одоо товчоор саяны ойлголтыг тайлбарлая. Орчлон хорвоо хувьсамтгай бөгөөд энэ түүний мөн чанар болохыг мэдэх болсон. Гэтэл энэ дунд орших би хэмээх өөрчлөгддөггүй зүйлийг орчлон хорвоогоос тусгаарлан авч үзсэнээр зөрчил үүсэж байгаа юм. Хувьсан өөрчлөгддөг орчлон хорвоо доторх түүнээс тусгаарлан авч үзсэн өөрчлөгддөггүй би хэмээх ойлголтоос болж дуккха буюу зовлон үүснэ. Иймээс хувьсан өөрчлөгддөг орчлон доторх өөрчлөгддөггүй би хэмээх ойлголтоосоо татгалзаж өөрийгөө 5н цогцийн нэгдэл хэмээн үзэн би-гээс татгалзсанаар хүн хувьсан өөрчлөгддөг орчлон дотор тусгаар зүйл биш, мөн л хувьсан өөрчлөгддөг зүйл болон хувирна. Ингээд би өөрийгөө хувьсан өөрчлөгддөггүй би биш, би-гээс татгалзаж хувьсан өөрчлөгддөг 5 цогцын нэгдэл хэмээн ойлгох хэрэгтэй. Ийнхүү суурь ойлголтуудыг үндсээр нь өөрчлөхийг санал болгосноороо Будда цоо шинээр өөрийгөө авч үз, өмнөх бүх ойлголтоо хая гэсэн юм шүү дээ.


Би хэрэв үгүй бол хүний амьдрал утгагүй болж уйтгар гунигт автах бус уу хэмээн зарим нь өгүүлдэг. Гэвч буддын шашин ингэж номлодоггүй билээ. Мөн би үгүй бол түүний зан чанар ямар байх ерөөс ач холбогдолгүй болж адын сэтгэлд автан, аль муухай бүхнийг хийхэд саад тотгор үгүй болно хэмээн зарим нь үздэг. Алдах юмгүй болсон учраас аль болох ая тухтай зүйлсийг мэдэрч, шунал хүслийг дээдлэх бус уу хэмээн асуудаг. Гэвч энэ бүхэн үүнээс чанх эсрэг утгатай бөгөөд дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явбал кармын хууль ёсоор хамгийн адгийн төлөвт шилжих бөлгөө.


Энэтхэгт дэлгэрсэн Кармын хууль буюу үйлийн үрийн зарчим нь хүний амьдралыг зайлшгүй тавилан, үйлийн үр маягаар тайлбарладаг. Карма нь үйл хөдлөл гэсэн утгат үг болно. Таны үйл хөдлөл тавилан заяатай чинь хэрхэн холбогддог болохыг кармын тусламжтайгаар тайлбарладаг. Тухайн хүн хэдий муу муухай үйл хийгээгүй ч зовлонгоос салахгүй явааг кармагаар уг үйлийн учир шалтгаан нь тухайн хүний урьд насанд бүрэлдсэн байх магадлалтай. Тиймээс урьд насандаа үйлдсэн үйлийг энэ насандаа цайруулах учиртай хэмээдэг.


Хүний бодит амьдралд ямарваа зүйлд сэтгэл ханах гэдэг ойлголт ховор тул хийсэн үйл хуралдан хуралдсаар гэтлэх аргагүй саад болж буйг анзаардаггүй. Муу муухай зуршилдаа толгойгоо мэдүүлснээр энэ цаашдаа ямар ноцтой үр дагавартайг олж харах билгийн нүд сохорно. Будда ийн оршихыг мунхгийн харанхуйд автаж, мунаг хүсэлдээ татагдах бурангуй оршихуй хэмээн нэрлэжээ. Бурангуй оршихуйг бид хянах чадваргүй тул нүдэн балай чихэн дүлий энэ замаар цааш замнах боломжтой ба үүнийг шунал буюу танха-тай зүйрлэн хэлдэг.


Кармын тухай ойлголт нь хойт нас буюу дахин төрөхтэй холбоотой ойлголт юм. Хүн нэгээс нөгөө төрөлд шилжиж ямар төрөл олж авах нь тухайн хүний кармагаас шалтгаалдаг. Муу үр дагаварт хүргэж болшгүй аливаа үйлдлийнхээ үр төлөөсийг хойт насандаа эдлэх нь дамжиггүй. Үүнтэй ижил сайн сайхан үйлийн үр боловсорч хойт насандаа сайн төрлийг олох ерөөлтэй. Буддын шашны хувьд хүн хийгээд бусад амьтны амьдрал ялгаагүй үнэ цэнэтэй. Тиймээс хүн хойт төрөлдөө амьтны төрөл олбоос тэр насандаа мунхаг хэвээр үлдэх нь дамжиггүй.


Уурын мунхагт хөтлөгдөн шунал тачаалдаа хөтлүүлэн явснаар хүнээс доод төрөлд дахин төрөх нигууртайг ухаарч, төрлөөс төрөлд шилжих гинжин хэлхээг таслах учиргүй билээ. Гэгээрэлд дөхсөн хүний оюун билэг нээгдэж урьдын төрөлдөө хуримтлуулсан бүхий л туршлагаа эргэн санах чадвартай болох тул гэгээрэлд дөхсөн хүн энэ ухагдахууныг шууд шингээж авдаг байна. Сансрын тухай буддын сургаалын утга учрыг Оршихуйн хүрд хэмээх ойлголтоор дэлгэн харуулдаг. Энд сансар буюу самсара нь үхэх төрөх тасралтгүй болохыг заасан утгатай аж.


Хүрдний төвд гахай /үл ханах/, тахиа /шунал тачаал/, могой /уур мунхаг/ 3-ыг бие биенийхээ сүүлнээс хазсан байдалтайгаар дүрсэлсэн байна. Түүний гадуур хар, цагаан 2 тусгаар тойрог зурж, цагаан хэсэгт зурагдсан дүрсүүд дээш хөөрч, хар хэсэгт зурагдсан дүрсүүд уруудаж буйг харуулсан нь төрлийн хувьд төвшин ахиж уруудаж буйг харуулсан утгатай юм.


Үүний гадуур 6 хэсэгт хуваагдсан өөр нэг тойрог бий. Эдгээр нь сансрын 6-н хаант улс /3 нь сайн заяа нь тэнгэр, асур, хүмүүн, 3н муу заяа нь там, бирд, адгуус/ юм. Дээд талд нь дева буюу ая тухтай, тансаг амьдралтай тэнгэрүүд, баруун талд нь асур буюу дээд тэнгэрт гарахаар санаархсан шунал хүсэлд автсан бурхад байна. Түүний дор бирд буюу өлөн зэлмэн сүнснүүдийн ертөнц оршино. Тэд үргэлж өлсөж ундаасах агаад шунал хүслээ дарж эс чадна. Тиймээс бирдийг өчүүхэн амтай, нарийхан хоолойтой, цүдийсэн гэдэстэй дүрсэлнэ. Бирдийн хүрсэн болгон гал, хог шаар болон хувирна. Түүний доод талд там буюу тарчлан зовох амьтсын ертөнц байна. Тэнд тамын тогоонд шарагдаж, хүйтэнд хайрагдаж үхлийн муугаар төгсөх тул тэнд байгсад айдас хүйдэст автсан байна. Зүүн доод талд амьтдын ертөнц орших ба тэд болхи ухамсартай тул ихэд мунхаг бөгөөд хоол тэжээлийн эрэлд ихээхэн хүч зарцуулж, бусад амьтнаа барин идсээр өдөр хоногийг өнгөрүүлнэ. Ингээд хамгийн сүүлийн тив нь хүний орчлон болно. Хүмүүс өдрөөс өдөрт идэж ууж, өсөж үржээд, өвчин зовлонд шаналж, өтөлж хөгширсөөр энэ насаа элээнэ.


Энэ зурагнаас харвал амьтнаас хүн болж төрөл дээшлээд хүнээс тэнгэр болдог бол тэнгэрээс бурхад болж төвшин доошлоод бурхадаас бирд, бирдээс тамд унах байдлаар зурагдсан болохыг харж болно. Зурагнаас бурхад тэнгэрүүд хэтэрхий бардам зантай тул доод тивд унах боломжтойг харуулсан байна. Бирдүүд ууж идэх хүслээ барьж чадахгүй тамд унах нигууртай ол тамд унасан нь айдас хүйдэс, аймшигтай өвдөлтөөс зайлах аргагүй билээ. Амьтад зөн совингоо дагаж амьдрах бол хүний тавилан кармагаас бүрэн хамаарна.


6 тивийн гадуур нэг тивээс нөгөө тивд шилжиж буй 12 бодгалийг дүрсэлнэ. Эдгээр нь 
  • таяг тулсан сохор хүн
  • шавар ваар, ваар цутгадаг багажаа барьсан ваарчин
  • цэцэглэж буй модонд авчирч буй сармагчин
  • 4н хүн суусан завь, эдгээрийн 1 нь завиа залуурдах
  • эзэнгүй байшин
  • биесээ тэвэрсэн эр эм хоёр
  • нүдэнд нь сум зоогдсон эрэгтэй
  • сууж байгаа хүнд дарс барьж буй эмэгтэй
  • модноос жимс түүж байгаа эрэгтэй
  • хөл хүнд эмэгтэй, амаржиж буй эмэгтэй
  • нас барсан нэгнийг чандарлахаар зөөж яваа эрэгтэй
тус тус байна. Эдгээр 12 зургийг дараах байдлаар тайлбарлана. 


Үүнд:
  • мунхгийн харанхуйгаас үүдээд би зовж шанална
  • мунхаг тулдаа элдвийн үйлд уруу татагдана
  • элдвийн үйлд татагдах тул ухамсар бий болно
  • ухамсар бий болсноор сэтгэл гээч үүснэ
  • сэтгэлтэй болсноор 6 мэдрэхүй /нүд, хамар, чих, хэл, бие – хүрэлцэхүй, оюун ухаан/ хөгжинө
  • 6-н мэдрэхүйгээс нийлмэл 1 цогц бүрдэнэ
  • энэ цогцоос сэтгэл хөдлөл буюу мэдрэмж бий болно
  • сэтгэл хөдлөл бий болсноор шунал тачаал төрнө
  • шунал тачаал үүссэн тул аливаад уягдаж хүлэгдэнэ
  • аливаад уягдсанаар бид энэ ертөнцөд оршин буйг илтгэнэ
  • оршин байгаа цагт үр удмаа үлдээнэ
  • үр удам бий болох цагт үгээгүйн зовлон, сэтгэлийн шаналан, уй гуниг төрнө.

Сансрын хүрд нь гурван нүдтэй араа соёотой гавлын ясаар хэлхсэн титэмтэй аймшигтай нэг зүйлд бариулсан харагдана. Энэ бол Эрлэгийн элч Яма юм. Тэрээр энд эзэн сууж сансарт амьдарч буй бүхнийг гартаа атган хянана.