Хуучин гэрээ нь еврейн шашны гол судар, МЭ 1-р зууны үед еврейн шашнаас Христос шашин үүсэн салж, 392 онд Ромын эзэнт гүрний хуулиар төрийн шашин болсон. Еврейн “Хуучин гэрээ” нь “Хууль” (torah), “Зөнч” (nevim)-ийн бичиг гэсэн 2 хэсгээс бүрддэг ба “Хууль” нь Мосегийн 5н ном гэгддэг, Эхлэл, Египетээс гарсан нь, Левит, Тооллого, Дэд хууль 5-аас бүрдэнэ. Харин “Зөнч” нь эдгээрийн үргэлжлэл болох Иошуагаас эхэлдэг.
Еврейн “Хуучин гэрээ”ний гол бүлгүүдийг МЭӨ 7-р зууны төгсгөл үед Палестины Иудагийн хаант улсад бичжээ. Түүнээс өмнө МЭӨ 13-р зууны эхэнд нүүдэлчин херб хүмүүс Арабын хойд хэсгийн цөлөөс нүүдэллэн Палестины өмнөд хэсэгт буюу газар тариалангийн бүс нутагт орж ирэн суурьшжээ. Энэ үед Палестины далайн эрэг орчмыг далайгаар нүүдэллэн орж ирсэн филистинэс хүмүүс эзэгнэж байв. Палестин хэмээх нэр нь эдгээр филистинэс хүмүүсийн нэрээс үүдэлтэй. Хербчүүд эхэндээ тэдний захиргаанд байв.
МЭӨ 11-р зууны сүүлээр Палестины өмнөд хэсгийн Бениамин овгоос Саул нэрт удирдагч төрж хербийн 12 овгийг нэгтгэн хаан сууж Израилийн хаант улсыг байгуулжээ. Тухайн үед 12 овгийн холбооны гэрээг хянан харгалзах бурхнаар Яхве (Иехова) бурхан сонгогджээ. Гэхдээ Яхве израильчуудын цорын ганц бурхан байсангүй, тэд Баал бурхан, Асира дагина, Астарта дагина нарыг шүтдэг байв.
Саул хаан филистинчүүдэд ялагдан амь үрэгдсэний дараа мөн л өмнөд хэсгийн Иуда овгийн Давид хаан сууж филистинчүүдийг ялан өмнөд хэсгийн 2, хойд хэсгийн 10 овог аймгийг нэгтгэн тэдний дунд байрлах Иерусалимыг нийслэлээ болгожээ. Давидын хүү Соломон хаан МЭӨ 928 онд нас барсны дараа хаант улс 2 хуваагдаж өмнөд хэсгийн Иудагийн улс Давидын удамд үнэнч үлдэн Соломон хааны хүү Рехобоамыг хаанд өргөмжилсөн бол умард хэсгийн Израилийн хаант улсад өөр удмын хүнийг хаанаар өргөмжилжээ.
Өмнөд хэсгийн Иудагийн хаант улс, умард хэсгийн Израилийн хаант улс 200 гаруй жил зэрэгцэн оршсон боловч МЭӨ 720 онд Израилийн хаант улс Ассирын эзэнт гүрэнд эзлэгдэж, умардын 10 овгийг Ассирын эзэнт гүрний нутгаар тархаан байрлуулснаар тэд уусаж алга болсон байна. Ийнхүү Палестинд Иерусалимын Иудагийн хаант улс үлджээ.
МЭӨ 627 онд Ассирын Ашшурбанапал хаан нас барсны дараа Ассирын эзэнт гүрэн мөхөв. Үүнийг далимдуулан Иудагийн Иошуа хаан зуун гаруй жил Ассирын харьяанд байсан умард нутгаа эргүүлэн авчээ. Иошуа МЭӨ 621 онд Иерусалимын Яхвегийн сүмийг сэргээн засуулах үедээ уг сүмээс “Дэд хууль”-ийн хуулбарыг олжээ. Дэд хуульд израильчууд Яхве бурхантай түүнээс өөр бурхан шүтэхгүй хэмээн гэрээ байгуулжээ. Гэвч гэрээгээ зөрчсөнд Яхве бурхан хилэгнэж израильчуудыг мөхөөх болно хэмээсэн тухай дурджээ.
Иошуа хаан шууд утгаар нь хүлээн авч анх Израилийн хаант улс байгуулахад байгуулсан гэрээ мөнөөх гэрээ, Умардын хаант улс мөхсөнийг Яхве тэднийг мөхөөнө хэмээсэн заналхийлэл хэмээн ойлгов. Ингээд тэрээр улс орон даяар бусад бурхдын сүм хийдийг нураалгаж, тахилч нарыг нь хөөн цорын ганц Яхве бурхныг шүтэхийг зарлиг болгожээ. Ийнхүү израильчууд цорын ганц бурханг шүтэх болов.
Хуучин гэрээ нь энэхүү үзлийг баримтлан бичигдсэн болно. Түүний “Эхлэл”-ийг израильчуудын өвөг дээдэс Абрахам Яхве бурхантай уулзсан тухай, “Египетээс гарсан нь”-д Мосе Яхве бурхнаас гэрээг баталгаажуулсан гэрэлт хөшөө авсан тухай, “Левит”, “Тооллого”-д Яхве бурхнаас Мосед хууль гардуулан өгсөн тухай бичигдсэн болно. “Зөнч”-ийн Иошуад Яхве бурхан гэрээний дагуу Палестины газар нутгийг израильчуудын 12 овог аймагт олгосон тухай өгүүлдэг.
Гэрээгээ зөрчин уугуул иргэдийн бурхдыг дагасан израильчуудад Яхве бурхан хилэгнэж гунигт тавилан оноосон ба Яхве бурханд үнэнч удирдагч гарч ирж аврах тухай “Шүүгчид” хэсэгт дүрслэн өгүүлжээ. Шүүгчид хэсэг нь МЭӨ 12-роос 11-р зууны сүүл хэсгийн Палестины байдлыг дүрслэн өгүүлсэн боловч бодит байдал дээр тухайн үед 12 овог аймгийн холбоотны харилцаа үүсээгүй байсан байдаг.
Зөнчийн “Самуэл”-д Саул ба Давид хааны үеийг, “Хаад”-д Соломон хаан Иерусалимд Яхве бурхны сүмийг бариулсан тухай бичжээ. Хуучин гэрээ нь эхнээсээ авахуулаад дуустал Яхве бурхан ба израильчуудын хоорондын гэрээний тухай болно. Яхве бурхныг хүлээн зөвшөөрсөн хүнийг л израиль хүн хэмээн үзнэ хэмээсэн нь израиль хүмүүсийг Яхве бурхан бүтээсэн гэж үзэхэд хүргэнэ.