Буддын шашин хэдийгээр Энэтхэгээс гаралтай боловч хэд хэдэн шалтгааны улмаас уугуул нутагтаа ихэд доройтож бараг мөхсөн байна. Гэсэн ч шашны номлогч нарын хичээл зүтгэлээр ялангуяа 1956 онд үүсгэн байгуулагдсан доктор Амбэдкарын хөдөлгөөний ачаар Энэтхэгийн хойд, урд, зүүн зүгт эргэн сэргэсэн болно. Амбэдкарын хөдөлгөөн нь нийгмээс гадуурхагдсан хүмүүсийг эл шашинд олноор нь хамруулах болсноос одоогийн байдлаар 3 сая 500-гаад мянган хүн эл шашинд ороод байна. Уг хөдөлгөөнд 1959 онд Хятадууд Төвдөд нэвтрэх үед зугтан гарсан олон тооны иргэд Энэтхэгт суурьшсан нь мөн нөлөөлжээ.
Буддын шашин Төвдөөс гадна Шри Ланка, Бирм, Таиланд, Японд ихэд дэлгэрч Хятад, Солонгос, Камбож, Вьетнамын улс төрийн тогтолцоонд тод нөлөөгөө үлдээсэн байдаг. Викториа хатан хааны үеэс Буддын шашин Англид дэлгэрч Ананд Мэйтрэй (Алан Бэннэт хэмээх англи хүн) ламын сургаалаар дамжин түгэн дэлгэрчээ. 1907 онд Их Британи, Ирландад буддын шашны сургаалыг номлох нийгэмлэг байгуулагдаж, энэ нь 1924 онд Британийн Буддын нийгэмлэг болон өргөжжээ. 1926 онд Лондоны Чизикт буддын вихара байгуулагдсан нь Их Британи дахь анхны сүм болно.
1979 оны байдлаар 74 нийгэмлэг бүртгэлтэй байсан бол 8 жилийн дараа 191 болон нэмэгдэж эдүгээ ч өсөн нэмэгдсээр байна. Эдгээрээс хамгийн том нь Тэравада буюу Зүүн Өмнөд Ази, Шри Ланкад түгсэн урсгал болно. Шри Ланкаас гаралтай нийгэмлэгүүд нь Лондонгийн буддын вихарад төвлөрдөг. Үүнээс гадна Ажан Чагийн үүсгэн байгуулсан Хартфордшир дахь Амаравати (мөнх настнуудын тив), Сассэкс дахь Ситтавивека (аниргүй ухамсар) сүмд төвлөрсөн Тай урсгалын ойн тусгаарлах нийгэмлэгүүд байна. Эл нийгэмлэгүүдийн лам, гэлэнмаа нар нь буддын шашинд орсон европ хүмүүс байна. Мөн Лондон хотын захаар тай урсгал, Бирмийн буддын сүм хийдүүд байрлана.
Төвдийн бурхан шашны 4н урсгал бүгд Их Британид дэлгэрсэн байдаг. Эдгээрээс томоохон нь Алвэрстон дахь Манзушрийн институт, Камбриа, Эскдалэмьюр дэх Сэмье Линг, Дамфрисшир, Йоркоос холгүй байрлах Мадьямика нар болно. Японы сото-зэн урсгалын томоохон төв нь Нортумбэрлэнд дахь Хэксэмээс холгүй орших төв, Бэркширийн Рэндинг дэх төвүүд байна. Түүнчлэн 1967 онд Их Британид Баруун дахь Буддагийн нийгэмлэгийн анд нөхөд хэмээх байгууллага байгуулагдаж Дэннис Лингвүүд хэмээх буддын шинэ урсгалыг ч бий болгосон байна.
АНУ-ын тухайд 19-р зууны сүүлээр олон тооны Япон, Хятад хүмүүс Калифорнид суурьшжээ. Ялангуяа 1902 онд цагаачлалын хуулиа чангатгасны дараа Хавайн арлууд дээр олон тооны япончууд очин суурьшсан байна. Ингэснээр Хавайн арлууд нь буддын номлогчдын гол түшиц газар болж уг шашин АНУ-д тархах үндэс болжээ. Энд түгэн дэлгэрэхдээ Буддын шашин багагүй өөрчлөгдсөн ч Америкийн урлаг соёлд маш ихээр нөлөөлж, тэр нь улмаар буддын шашны сонгодог институтийн хүрээ хязгаараас давж гарсан болно. 20-р зууны 2-р хагаст АНУ даяар хааяагүй буддын төвүүд олноор байгуулагдаж эхэлсэн Япон багш нар, тэр дундаа Шүнрю Сүзүки, түүний шавь Ричард Бэйкэрийн гавьяа хэмээдэг.
1959 онд Хятадууд Төвдөд нэвтэрснээр Далай лам Энэтхэг рүү зугтан гарсан явдал 20-р зууны буддын шашинд тохиолдсон хамгийн том үйл явдал хэмээн үздэг. Тухайн үед Төвдөд 6 сая хүн амтай байснаас тал хувь нь нүүдлийн аж ахуй эрхэлж байв. Ажил хийх чадвартай хүмүүсийн 1/3 нь хөдөө аж ахуйд ажил хөдөлмөр эрхэлж, нийт хүн амын 15% нь лам, нийтээрээ маш ядуу зүдүү амьдралтай байжээ. Олон зуун жилээр Төвд тусгаарлагдан нийгмийн хөгжилд анхаарал тавиагүйгээс хэдэн зуун жилийн тэртээ Далай лам нь шашин төрийг хослон барьсан тогтолцоо хэвээр байсан юм. Анхны Далай лам зүүн Төвдийн нүүдэлчин айлд мэндэлж түүнийг Чэнрэзи Бодьсадвагийн (Авалокитешвара) хойд дүр хэмээн хүндлэн биширчээ.
Төвдийн дүрвэгсэд Энэтхэг, Балба, Бутанд суурьшиж, дэлхий даяар 83 сургууль байгуулан, гадаад улс орнуудад нийт 117 сүм хийд барьж босгосон байдаг. Дармасалад Төвдийн анагаах ухаан, сансар судлалын их сургууль, Төвдийн судар бичгийн хүрээлэн, архив, Төвдийн гар урлалын сургуулийг тус тус байгуулсан болно.
20-р зуунд Барууны нийгэм, нийгмийн үнэт зүйлд тэравадын урсгал багагүй нөлөөгөө үзүүлсэн байдаг. Барууны нийгэмд Буддаг бүх цаг үеийн агуу эрдэмтэн, шинийг илрүүлэгч, нийгмийг шинэлэгч хэмээн таниулдаг. Тухайн үед Их Британид түгэн дэлгэрсэн протестант урсгалын адил эдүгээ Буддын шашны практик ач холбогдлыг илүү үзэн, сансар оршихунй зүй тогтол, бясалгалыг чухалчилдаг байр сууринаас татгалзах хандлагатай болжээ. Энэ шинэ байр сууринаас Буддаг танилцуулбал “Будда нь хүмүүсийн дундаас тодрон гарсан аугаа эрдэмтэн бөгөөд орчин үеийн эрдэмтдийн саяхан нээн илрүүлсэн тэрхүү зүйлсийн анх олж харсан гавьяатай. Тэрээр орчлон ертөнцөд матери буюу ухамсар хэмээн тусдаа орших зүйл нэгээхэн ч үгүйн дээр энэ хоёрыг ахуй орчинд бүрдүүлдэг төрөл бүрийн хүчний харилцан үйлчлэлийн үр дүнд юмс үзэгдэл бий болсон гэж үзэж байна. Эдгээр хүч нь заримдаа үүсэж, заримдаа устан алга болдог” гэж дүрсэлжээ.