Иошуагийн шинэчлэлээс (цорын ганц Яхве бурхныг шүтэх) хойш 35 жилийн дараа Иудагийн хаант улс мөхөв. МЭӨ 586 онд Шинэ Вавилоны Небухаднезар хаан Иерусалимыг эзлэн Яхвегийн сүмийг нурааж, Иудагийн хаант улсыг Вавилон уруу нүүлгэн шилжүүлжээ. Үүнээс 136 жилийн өмнө Ассирад аваачсан израилийн 10 овог уусаж алга болсон бол Вавилонд нүүлгэн аваачсан Иудагийн ард иргэд хагас зуун жилийн турш овгийн онцлогоо хадгалан олзлогдогчийн хувиар амьдарч иржээ.
48 жилийн дараа МЭӨ 538 онд Персийн Кир хаан Шинэ Вавилон улсыг мөхөөж Иудагийн ард түмнийг Палестинд буцан очихыг нь зөвшөөрчээ. Тэд Иерусалимд Яхвегийн сүмийг дахин шинээр барив. Вавилонд нүүлгэн аваачсан Иудагийн ард түмэн уусаж алга бололгүй овгийн онцлогоо хадгалж үлдсэн шалтгаан нь Иошуагийн шинэчлэлийн улмаас тэд зөвхөн нэг бурхан болох Яхвег шүтэх болсонтой холбоотой гэж үздэг.
Палестины еврейчүүд Персийн эзэнт гүрний харьяанд байгаад Македоны Александр Персийн эзэнт гүрнийг мөхөөсний дараа Македоны харьяанд оров. МЭӨ 167 онд еврейчүүд бослого гарган МЭӨ 140 онд Хасмоны удмын Еврейн хаант улс байгуулагджээ. Энэ болтол Иудагийн хаант улс мөхсөнөөс хойш 446 жил өнгөрсөн байлаа. Энэхүү Еврейн хаант улс МЭӨ 63 онд Ромын эзэнт гүрний хараат болжээ.
МЭ 44 онд Агриппа хаан нас барсны дараа Еврейн хаант улс мөхөж Ромын харьяаны муж болов. Еврейчүүдийн хэт нэг бурхныг шүтэх үзэл нь тэднийг Ромын харьяанд удаан байлгаж тэвчсэнгүй хэд хэдэн удаа бослого гаргажээ. Үүнээс болж МЭ 70-аад онд Ромын цэрэг Иерусалимд орж Яхвегийн сүмийг нураав.
Ийнхүү Иудагийн хаант улс мөхсөнөөс хойш 600 жил өнгөрөхөд еврейчүүд боолчлогдсон хэвээр байсан учраас тэднийг Ромын дарлалаас чөлөөлөх хаан Мэссиа гарч ирэхийг еврейчүүд тэсэн ядан хүлээх болов. Энэ үед еврей үндэстэн болох Есүс мэндэлж, түүнийг хүрээлсэн жижиг шашны бүлэглэл үүсэн түүнийг хүлээж байсан Мэссиа буюу чөлөөлөгч хэмээн үзэх болжээ. Гэвч МЭ 30-аад онд Ромчууд Есүсийг цаазлан хороожээ.
Есүсийн шавь Петр нь хуулийг үл сахигч нэгэн байсан учраас Есүсийг Мэссиа байсан тухай еврей бус хүмүүст ярьж итгүүлэх болсноор христос шашин үүсжээ. Ийнхүү христос шашин еврейн шашны нэгэн гажууд урсгал болон мэндэлсэн болно.
Нөгөө талаар Ромын эзэнт гүрэнд хамгийн их тархсан хэл нь грек хэл байсан ба МЭӨ 3-р зууны үед Египетийн Александр хотноо “Хуучин гэрээ” нь грек хэлнээ орчуулагдаж еврей хэл мэдэхгүй израильчуудын дунд өргөн дэлгэрсэн байсан нь Ромын эзэнт гүрний еврей биш үндэстнүүдэд “Хуучин гэрээ”-г уншиж танилцахад хялбар байжээ.
Зөвхөн еврейчүүдийн бурхан Яхвегийн тухай өгүүлсэн “Хуучин гэрээ” нь агуулгын хувьд хэт явцуу байсан учраас Есүсийн намтар болон шавь нарынх нь захиаг цуглуулсан “Шинэ гэрээ”-г бичигдэх үндэс болсон юм. Шинэ гэрээний гол агуулга нь Есүс нь еврейчүүдийн хүсэн хүлээж байсан Мэссиа болохыг батлахад чиглэж байв.
Шинэ гэрээнд ертөнц түүхэн үзэлд нөлөөлсөн нэгэн эх сурвалж нэмэгдэн бичигдсэн нь “Илчлэлт” байв. Есүс МЭ 30-аад онд цаазлагдсан бол “Илчлэлт” МЭ-ний 1-р зууны сүүлээр Ромын Домициан хааны үед бичигдсэн болно. Домицианы эцэг Веспасиан нь еврей нарын бослогыг дарж, МЭ 70 онд Иерусалимын эзлэн Яхвегийн сүмийг нураасан хаан байжээ. Тиймээс “Илчлэлт”-ийг бичигдэх үед еврей нарын Ромчуудыг үзэн ядан үзэл дээд цэгтээ тулсан байв.
“Илчлэлт” нь агуулгын хувьд “Хуучин гэрээ”-нээс ихээхэн ялгаатай бөгөөд цорын ганц Яхве бурхны оронд сайн үйлийн эзэн “Бурхан тэнгэр”, муу үйлийн эзэн “Ад чөтгөр” гэсэн хоёр агуу бурхдыг дүрсэлж, дэлхий ертөнц энэ хоёр бурхны тулааны талбар гэж үзжээ. Энэ нь Персийн Заратустрагийн шашны үзлийг хуулан авсан хэрэг бөгөөд еврейчүүдэд Персийн соёл иргэншил хүчтэй нөлөө үзүүлснийг харуулдаг.
“Илчлэлт” дэх өөр нэгэн ертөнцийн түүхэн үзэлд нөлөөлсөн номлол нь “Мянганы хаанчлал”-ын тухай үзэл болно. “Илчлэлт”-д нас барсан мэссиа болох Есүс удахгүй өөрийн үнэн төрх болох эзэн хааны дүрээр хорвоод дахин морилж, мянган жил газар дэлхийг захирсны эцэст галав юүлнэ хэмээн зөгнөжээ.
Энэ нь ертөнцийн сүүлчийн өдөр болох Бурхны хилэнгийн өдөр Эзэн бурхны элч Израилийн 12 овог аймгаас тус бүр 12 мянган хүн, нийт 144 мянган “Бурхны боол”-ын духанд “Амьд Бурхны тамга”-ыг дарна. Долоон гамшиг дараалан гарч дэлхий сөнөнө. Эзэн бурхны тэнгэрийн элч нар Сатан хэмээх Ад чөтгөрийн элч нартай байлдаж Сатан ялагдана.
Есүс цагаан морь унан тэнгэрийн цэргийг дагуулсаар гарч ирнэ. Тэнгэрийн нэг элч тэнгэрээс буун ирж “Диавол ба Сатан болох эртний могой буюу лууг бариад түүнийг хүлж, мянган жилийн турш ёроолгүй гүнд хаяна. Тэгээд мянган жилийн дуустал үндэстнүүдийг мэхлүүлэхгүйн тулд түүнийг түгжин, лацдах болно” Мөн Есүсийн гэрчлэл болон Бурхны үгээс болж цаазлуулсан хүмүүс, Араатан (Ромын хаан)-д ба түүний хөрөгт мөргөөгүй, дух хийгээд гар дээрээ араатны тэмдэг аваагүй хүмүүс амилан (анхны амилалт) Христтэй (мэссиа) цуг мянган жил хаанчилна.
Мянган жилийн дараа ад чөтгөр хэсэгхэн хугацаанд чөлөөлөгдөвч дарагдаж, хүхэр гал бүхий нуурт хаягдана. Ингээд хоёр дахь амилалт болж бүх үхэгсэд Бурхны өмнө шүүгдэн амины номд нэр бичигдээгүй хүмүүс (Есүсийг аврагч мэссиа хэмээн хүлээн зөвшөөрдөггүй еврейчүүд) үхэл ба хүхрийн хамт галт нуурт хаягдаж, хоёр дахь үхэлд өртөнө.
Хуучин газар тэнгэр үгүй болж, шинэ газар тэнгэрт ариун нийслэл шинэ Иерусалим тэнгэрээс буун ирж, нар сарны оронд бурхны цог жавхлангаар гийгүүлэх бөгөөд Бурхны боолууд энэ ертөнцийг хязгааргүй хаанчилна.
“Илчлэлт”-ийн хэлэх үндсэн санаа нь энэ ертөнц бол сайн Бурхан, муу Бурхны хоорондын тэмцлийн талбар ба эцэст нь сайн Бурхан ялах боловч үүнтэй хамт цаг хугацаа зогсон ертөнц мөхөх болно. Гэхдээ үүний өмнө энэ хорвоод залрах мэссиагийн хаанчлалын дор сүсэгтнүүд (Христос шашинтай еврейчүүд) амссан зовлон зүдүүрийнхээ төлөө өндөр шан харамж авч дээдийн жаргалыг эдлэх болно.
“Илчлэлт” бичигдсэн МЭ-ний 1-р зууны төгсгөлд Христос шашин нь еврейн шашны нэг урсгал байсны учир Иерусалимын Яхвегийн сүмийг эвдлэн сүйтгэсэн Ромыг хараан зүхэж, Ромд буун өгсөн еврейчүүдийг илэрхий буруушаасан үзэл хүчтэй анзаарагддаг. Иймээс “Илчлэлт” нь еврей нарын хувь заяаг зөгнөсөн бөгөөд нийт хүн төрөлхтний талаар дурдаагүй болно.
МЭ-ний 132 онд еврейчүүд ахин бослого гаргав. Ромчууд гурван жилийг зарцуулан байж энэ бослогыг дарсны дараа еврей нарыг Иерусалимд орохыг хориглосноор тэдний ихэнх нь Палестинаас явж, эзэнт гүрний газар нутгаар тархан суурьшив. Ингээд еврей нарын шашин болох Христос шашин еврей биш эзэнт гүрний бусад үндэстнүүд дунд тархаж эхэлсэн тул Ромын засгийн зүгээс уг шашинг хяхан хавчих болжээ.
Төрөөс Христос шашныг хяхан хавчих болсон нь уг шашныг түгэн тархахад хүчтэй нөлөө үзүүлж, 2-р зууны сүүлээр шашны төлөө амиа золиослогч нар олноор гарах болов. Эцэстээ Христос шашин Ромын эзэнт гүрний иргэдийн шашин болж, МЭ-ний 392 онд Феодосий хаан Христос шашныг төрийн шашин болгон бусад шашныг хоригложээ.
Ийн зөвхөн еврей хүмүүст зориулан бичигдсэн “Илчлэлт” нийт хүн төрөлхтний хувь тавиланг харуулсан бичиг хэмээн үзэх болжээ. Яхве бурхан израильчуудтай гэрээ байгуулснаар түүх эхэлж, мэссиа ирснээр энэ гэрээ дуусан, удахгүй мэссиа дахин амилах үед цаг хугацаа зогсож, түүх төгсөнө хэмээх үзэл Христос шашинд орсон газар нутагт голлох болжээ.