Дарвины онолыг авч үзэхдээ 1-рт тэр юу хийсэн, 2-рт өмнөх судалгаа, үзэл бодлын үргэлжлэл байсан эсэх, 3-рт Дарвины онолд алдаатай тал байсан эсэх, 4-рт түүний онолыг нийгмийн хувьсалд хэрхэн хэрэглэж ирсэн гэсэн хүрээнд авч үзнэ.
Дарвин 1859 онд “Зүйлийн үүсэл” номдоо оршин байгаа бүх ургамал, амьтад их эрт дээр үеэс гаралтай ба байгалийн шалгарлаар хувьсан өөрчлөгдөж ирсэн хэмээсэн нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьжээ. Өөрийн үзэл бодлоос болж Дарвин тухайн үедээ Английн хамгийн аюултай хүн хэмээн нэрлэгдсэн юм.
Дарвин хамгийн анх байгалийн шалгарлын тухай хэлсэн хүн биш. Францын амьтан судлаач Ламарк, Дарвины өвөг эцэг Эрасмус Дарвин зэрэг хүмүүс байгалийн шалгарал буюу эволюцын тухай санааг илэрхийлж байсан юм. Гэвч тэд тухайн үедээ сүм хийдтэй илэрхий зөрчилд орохоос сэргийлж уг санаагаа түгээн дэлгэрүүлээгүй ба тэд үнэндээ байгалийн шалгарал хэрхэн явагддагийг нотолж чадаагүй болно. Тухайн үед сүм хийд эртний философич Платоны бүх амьтад, байгаль дэлхий өөрчлөгдөшгүй мөнх оршиж ирсэн хэмээх үзлийг баримталж байж. Аристотель ч Платоны уг санааг дэмжиж байсан ба энэ 2 хүний санаа Христийн шашинд илэрхий нөлөөлсөн байдаг.
Дарвин 1838 онд Бенжамин Франклинаас гол санаагаа авч бичсэн хүн ам зүйч Томас Мальтусын “Хүн амын гол зарчмын тухай эссэ” нэртэй номыг үзсэнээр хувьсал хэрхэн явагддаг гол санаагаа олж авчээ. Франклин байгальд хязгаарлах хүчин зүйл гэж байдаггүй бол дэлхийд ганцхан төрлийн амьтан, ургамал үлдсэн байх ёстой гэж үзэж. Энэ санааг Мальтус хүн төрөлхтөн дээр ашиглан хүн бол үр удмаа үлдээх гайхалтай чадвартай боловч хүнсний үйлдвэрлэл нь хүн амын өсөлтийн хурдыг гүйцэж эс чадах тул хүн амын өсөлт нь амьдралын төлөөх тэмцэлд дийлдэнэ. Залуу үе нь өрсөлдөөнийг хадгалж, хамгийн шилдэг нь амьдралын төлөө тэмцлээс амьд үлдэх болно хэмээжээ. Энэ бол Дарвины эрж хайж байсан үзэл ба тэрээр үүнийг ашиглан хувьслыг тайлбарласан юм. Тэрээр дасан зохицох чадвартайн амьд үлдэж өрсөлдөөнийг үргэлжлүүлдэг гэж тайлбарлажээ.
1871 онд Дарвин хүн ба амьтны төсөөтэй байдлын талаар “Хүний үүсэл” номдоо хүн, хүн дүрст мич 2 нэг удамтай гэсэн санааг дэвшүүлсэн болно. Гэхдээ Дарвины онол төгс онол байгаагүй юм. Тэрээр удамшлын тухай үнэндээ бараг юу ч хэлж чадаагүй болно.
Бүхий л амьдрал нь нөхөн үржихүйн эсийн хуваагдал дээр үндэслэгддэг. Эсийн хуваагдал нь эс өөрийгөө хувилах үйл явц бөгөөд эсийн хуваагдлаар яг адилхан 2 эс үүсдэг нь нөхөн үржихүйн үндэс болж өгдөг. Гэвч мутацын улмаас хувилагдсан эс яг эх эстэйгээ адилхан байж чаддаггүй. Мутац бол хувьслыг явуулж буй гол үндсэн шалтгаан болно. Зарим мутац хөнөөлтэй байж болох ба энэ амьдрал устдаг бол зарим мутац амьдралын төлөө тэмцэлд давуу тал олгож, байгалийн шалгаралд амьд үлдэж чаддаг байна.
Дарвины санааг хамгийн түрүүн хүлээн зөвшөөрч авч хэрэглэсэн хүн үнэндээ Маркс юм. Карл Маркс амьдралынхаа сүүлийн 30 гаруй жилийг Лондонд өнгөрөөж, 1883 онд нас барсан бол Чарльз Дарвин мөн л Лондонгийн орчим амьдралынхаа сүүлийг өнгөрөөж 1882 онд нас барсан юм. Тэд сайн найз нөхөд байсан ба Маркс өөрийн алдарт бүтээл “Капитал”-ынхаа англи хэвлэлийг Дарвинд зориулсан боловч тэр хүлээн авахаас татгалзжээ. Английн алдарт энэ хоёр хүнийг нас барсны дараа Фридрих Энгельс “Дарвин органик хувьслын онолыг нээсэн бол Маркс хүн төрөлхтний түүхэн хувьслын онолыг нээсэн юм” хэмээн хэлсэн байдаг. Дарвины онолын маш их санаа Марксын онолд байдаг бөгөөд нийгмийг ангиудад хувааж эдгээрийн хоорондох өрсөлдөөний дараа ангигүй нийгэм үүсэх тухай бичжээ.
Дарвины онол гарснаар биологийн хувьслын онолыг нийгэм дээр авч хэрэглэх гэсэн маш их оролдлогууд гарч ирж. Эдгээрийн нэг нь Хэрбэрт Спэнсэр бөгөөд хүний нийгмүүд оршин тогтнохын тулд байнга хоорондоо өрсөлдөн тэмцэж илүү хүчтэйн шалгарч үлддэг гэж үзсэн ба нийгмийн энэ шалгарлаар хамгийн хүчтэй үлдэх ба дэлхийн зиндааны оргил нь Умард Европчууд, үүнээс доош шар, хүрэн, хар арьстнууд дараалан зогсож байдаг хэмээх арьс өнгөний уур амьсгалтай онол хүртэл гарч байв. Иймэрхүү биологийн хувьслыг нийгэмд хэрэглэх байдал хэт газар авснаас нийгмийн тухай маш их онол гарч иржээ. Энэ үйл явц агуу антропологич Франс Боас гарч иртэл үргэлжилсэн байна. Боас хүний нийгмүүдийг хооронд нь хатуу чанд ангилах хэрэггүй ба нийгмийн маш ялгаатай хэлбэрүүдийг ямар нэгэн ангилалд үл оруулан авч үлдэхийг уриалсан байдаг.
Дарвины онолыг зөвхөн хүчтэйн байгальд шалгардаг хэмээн алдаатай тайлбарласнаас байгалийн шалгарал нь зөвхөн өрсөлдөөн тэмцэл, түүнээс зөвхөн хүчтэйн амьд үлддэг мэт ойлгож ирсэн явдал болно. Байгалийн шалгаралд зөвхөн хүчтэйн төдийгүй сул дорой ч өнгөлөн далдлах, нуугдах чадвар бүхий амьд үлдэгсдийн олон жишээг Дарвин дурдсан байдаг. Иймээс байгалийн шалгарлын хууль бол хүчтэйн амьд үлдэх биш дасан зохицох чадвартайн амьд үлддэг хууль болно.