Солонгост 2 улс маш том нөлөө үзүүлсэн нь түүнийг эзэлж байсан Хятад болон Японы соёлын асар том нөлөө юм. Удаан хугацааны туршид нөлөөлж ирсэн Хятад соёл гэр бүл, ёс заншлын хүрээнд хүчтэй хэвээр бол дэлхийн 2-р дайнаас хойш хүчтэй явагдсан Японыг дуурайх хүсэл дээр тулгуурласан соёл одоо бизнесийн хүрээнд ноёлж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүрээнд Хятад соёл хүчтэй нэвтэрсэн бол Японыг даган дуурайх эрмэлзэл бүхий бизнесийн соёл ноёрхож байна. Гэвч хэчнээн хүсэвч хясна гэгчээр Хятад соёл дээр суурилсан Япон соёл гэж үгүй учраас хэчнээн дуурайвч Япон шиг болж нэгэнт чадахгүй бөлгөө. Маш олон хүмүүс одоо Самсунг, ЛЖ нь Япон өрсөлдөгч компаниудыг нэгэнт давсан хүчтэй гэж боддог боловч тэд Япон шиг олон жилийн туршид тогтвортой ажиллаж ирсэн хүчирхэг компаниуд мөн эсэхийг хэн мэдлээ. Гадна талаасаа Японыг дуурайсан боловч компанийн удирдлага хэсэгт нөгөө Хятад бизнесийн ул мөр тодхон. Цар хэмжээгээрээ Японы корпорацуудаас хэдий том ч тэднээс хүчирхэг гэж хэлэхэд арай л эрт. Учир нь Солонгосын одоо байгаа бүх том компаниудыг улсаас (бараг ганц хүний хүсэл эрмэлзлийн улмаас) ивээн тэтгэж зохион байгуулалттайгаар томруулсан болохоос өөрөө гарч ирсэн явдал бол огтхон ч биш. Солонгос, Хятад, Тайван зэрэг Хятад соёлтой улсуудад удаан хугацаанд банк, санхүүгийн байгууллагууд төрийн мэдэлд байсан нь бас л нэг томоохон ялгаа гэж үзэж болно.
Солонгос маш том корпорацтай, аж үйлдвэрийн ихээхэн төвлөрсөн бүтэцтэйгээр Япон, Герман, Америктай төсөөтэй боловч гэр бүлийн бүтцийнхээ хувьд Хятадтай илүү төсөөтэй. Солонгосын соёлд гаднын хүнийг гэр бүлийнхээ хүрээнд оруулдаг Япон маягийн механизм байхгүй. Ийм учраас Солонгосын төр 1960-70 онд аварга том аж ахуйн нэгж байгуулахыг зориуд дэмжиж хөгжлийн стратеги болсоор Тайванийн хэв шинжит жижиг, дунд үйлдвэр давамгайлах соёлын хандлагыг даван туулжээ. Солонгосын эдийн засаг үндсэндээ тусдаа пүүсүүд ба хэд хэдэн корпорацыг нэгтгэсэн сүлжээний байгууллага гэсэн 2 шаттайгаар бүрэлдсэн. Солонгосын чеболь нь Японы зайбацуг хуулбарлан дуурайсан загвар юм. Солонгосын тухайлсан компанийн хэмжээ олон улсын жишгээр тийм ч том биш. Жишээ нь Hyundai Motor Company 1980-аад оны дундуур General Motors-оос 30 дахин, Samsung Electric Company нь Японы Hitachi-гаас 10 дахин жижиг байжээ. 1988 онд 43 чеболь 672 компанийг нэгтгэж байсан. 1984 онд гурван томоохон чеболь Samsung, Hyundai, Lucky-Goldstar дангаараа Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний 36%-ийг үйлдвэрлэж байв.
1910 онд Солонгосыг Япончууд эзлэн авах хүртэл Солонгос нь хөдөө аж ахуйн орон байсан учраас Солонгос дахь аж үйлдвэрийн дэд бүтцийг чухамдаа Япончууд хариуцан тавьсан болно. 1940 онд Солонгост бараг 700 мянган Япон иргэн аж төрж байсан бол мөн төдий тооны Солонгос иргэдийг олзлон Японд аваачин хүчээр хөдөлмөр хийлгэж байжээ. Дайны дараа эдгээр хүмүүсийн ихэнх нь нутагтаа буцсан нь аж ахуй эрхлэх асар их мэдлэгийг тэдгээр хүмүүс эх орондоо тээн буцсан болно. Ерөнхийлөгч Пак Жон Хи нь Япончуудын Солонгост явуулж байсан аж үйлдвэрийн бодлогыг ерөнхийд нь шууд хүлээн авч үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн болно.
Гэсэн хэдий ч Солонгосын чеболь нь Дайны өмнөх Японы зайбацу, дайны дараа кейрецу-гээс олон зүйлээрээ ялгаатай. Хамгийн эхний ялгаа нь аль нэг банк эсвэл санхүүгийн байгууллагыг тойрч үүсдэггүй. Энэ нь 1970-аад оныг хүртэл хувьчлагдах хүртлээ Солонгосын банкнууд төрийн мэдэлд байж ирсэнтэй холбоотой. Мөн тэр үед компаниуд банкны хувьцааны 8%-аас илүү хувьцааг худалдаж авахыг хориглосон хууль үйлчилж байсантай холбоотой. Энэ нь Солонгосын чеболийг засгийн газар өөрийн эзэмшлийн банкны системээрээ дамжуулан шууд хянахыг зорьж байсантай холбоотой. Иймээс Солонгосын чеболиудыг засгийн газраас зориуд дэмжиж гаргаж ирсэн гэж үздэг. Дараагийн ялгаа нь Солонгосын чеболь босоо бүтэцтэй бол Японы кейрецу хэвтээ бүтэцтэй. Томоохон чеболийн мэдэлд хүнд машины үйлдвэр, цахим техникээс авахуулаад нэхмэлийн үйлдвэр, даатгалын үйлчилгээ, жижиглэнгийн худалдаа зэрэг маш олон янзын салбарын аж ахуйн нэгжүүд багтдаг бөгөөд эдгээрийн хоорондох харилцаа нь илүү босоо нэгдэлтэй төсөөтэй. Эцсийн ялгаа нь чеболь нь төрөл саднын холбоон дээр суурилдаг учраас оролцогч компаниудын удирдлага нь хоорондоо төрөл саднын холбоотой хүмүүс дээр суурилдаг бол Японы кейрецугийн хувьд энэ төдийлөн ач холбогдолгүй. Түүнчлэн чебольд ёс мэт захиргааны төв аппарат байдаг бөгөөд санхүүгийн эх үүсвэр хуваарилах, ажлын төлөвлөлтийг хариуцаж, заримдаа боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхэд оролцоно.
Гэр бүлийн хувьд Солонгосчууд Хятадуудтай их төсөөтэй, эцгийн шугамыг баримтлах бөгөөд өв хөрөнгө эцгээс охинд хэзээ ч өвлөгдөхгүй. Эцгийн бүх хөрөнгийг ууган хүү өвлөн авдаг Японы уламжлал нь өв хөрөнгө төвлөрөн хуримтлагдахад чухал нөлөө үзүүлсэн бол хөвгүүдийн дунд хуваан өгдөг хятад уламжлал хөрөнгийн төвлөрлийг дан саармагжуулж ирсэн. Солонгос уламжлалд өв хөрөнгийг хөвгүүдийн хооронд хуваах боловч хятад шиг тэгш хуваахгүй. Ууган хүү бусдаас ёс юм шиг 2 дахин ихийг буюу өв хөрөнгийн тэн хагасаас багагүйг авах ёстой. Гэсэн хэдий ч баян эцгийн хөрөнгөөс хувь хүртэхийг хүсэгчид олон байж таардаг тул хоёр, гурван үеийн хооронд хөрөнгийг үрэн таран хийх явдал байнга байж иржээ. Хятадаас ялгаатай нь насанд хүрсэн хөвгүүд эхнэр хүүхдийн хамт эцгийн гэрт амьдарч нэгдсэн гэр бүл үүсгээд байдаггүй. Бага хөвгүүд нь хувь хөрөнгөө аваад Японых шиг өөрийн өрхийн аж ахуйг үүсгэн их гэрээсээ гарч явдаг. Солонгосын нийгэм түүхийнхээ хувьд Хятадаас харьцангуй удаан хугацаанд хамаарч ирснийхээ хувьд өрх гэрийн зан заншилд кунзийн ёс илүү нэвтэрсэн. Солонгос хэдийгээр Монгол, Хятад, Япончуудад эзлэгдэж байсан боловч Силла хааны үеэс хойш нэгдмэл хаант улс чигээрээ байсан. Хятад шиг улс орныг цэргийн эрхтнүүд биш сурвалжит мэргэд буюу янбан нар удирдаж ирсэн. Солонгосын удмын холбоо Хятадаас ч том буюу хүмүүс өвөг дээдсээ 13 буюу түүнээс дээших үеэс эхлэн тооцно. Үүнээс болж Солонгосчуудын 40 орчим хувь нь Ким овогтой, 18 орчим хувь нь Пак овогтой байдаг.
Гэр бүлийн уламжлалаас нь харахад Солонгосын бизнес асар том хэмжээтэй байдаг ч үнэндээ Японы корпорацаас илүү Хятадын пүүстэй адилхан. Хьюндай, Самсунг зэрэг аварга том корпорацын цаана мэргэжлийн удирдлага, хувьцаат компани, янз бүрийн хэлбэрийн удирдлага, өмчлөл, удирдлагын шаталсан хэлбэр зэрэг аливаа шинэчлэлд дургүй гэр бүлийн ухамсар нуугдаж байдаг. Daewoo, Ssangyong мэтийн аварга корпорац ямар ч өнөр өтгөн гэр бүл удирдаж чадах хэмжээнээс аль хэдийн халин гарч дунд шатанд олон тооны мэргэжлийн дарга нар ажиллаж буй боловч яг орой дээрээ гэр бүлийн хяналт харьцангуй чанга байсаар байна.
Солонгосын хамгийн том 20 чеболийн удирдлагын 31% хамаатнууд, 40% Гаднын хүмүүс, 29% нь тухайн компанид өсөж бойжсон хүмүүс байгааг судалгаагаар харуулжээ. 1980-аад оны эх гэхэд томоохон компанийн бүх ерөнхийлөгчдийн 26% нь үндэслэгч нар, 19% нь үндэслэгчийн хөвгүүд, 21% нь алба дэвшсээр түүнд хүрэгсэд, 34% нь гаднаас хөлслөгдсөн хүмүүс байжээ.
Хьюндай чэболийг үндэслэгч Чон Жу Ён долоон хүүтэй байсан нь тэднийг долоон ханхүү гэж нэрийдэх болж тус тусдаа салбар компаниудыг удирдах болжээ. Чэболийг үндэслэгчдийн хүүхдүүд өөр хоорондоо гэрлэх үзэгдэл нийтлэг бөгөөд Солонгосын эхний 100 компанийн удирдагчдын хүүхдүүдийн тэн хагас нь мөн өөр нэг чэболийн удирдагчдын хүүхдүүдтэй гэрлэж байсан бол үлдсэн тэн хагас нь засгийн газрын дээд түшмэл, цэргийн эрхтнүүд зэрэг хүрээллийг сонгожээ. Солонгосын чэболь нарын удирдлагын бүрэн эрхийг шилжүүлэх асуудал маш ноцтой бөгөөд чэболийг үндэслэгч нарын олонх нь ууган хүүдээ ажил хэргээ өгөх хүсэлтэй байдаг бөгөөд тэдгээрийн 65% нь чухамдаа тэгсэн байна. Гэвч ууган хүү нь үүнийг сонирхохгүй байвал яах вэ гэдэг асуудал маш хэцүү зүйл болоод байна. Самсунгийн ерөнхийлөгч Ли Бён Чуль 3н хүүтэй боловч ууган хүүгийн бие нь эрүүл мэндийн хувьд согогтой, компанийг удирдаж яавч чадахгүй нь илэрхий байв. Тэрээр 2 том хүүгээ алгасан бага хүүдээ эрх мэдлээ шилжүүлсэн нь Солонгосын гэр бүлийн бүх ёс, хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болж таарч ихээхэн эрсдэлийг дагуулсан юм. Энэ үйл ажиллагаа хэдийгээр амжилттай болсон ч 2 том хүү нь хяналтын багцыг гартаа авахыг оролдож болшгүй учраас үүнээс сэргийлэн хувьцааны үндсэн хэсгийг гэр бүлийн 2 санд нууцаар хуримтлуулж санхүүгийн нэлээд төвөгтэй нарийн ажиллагааг явуулснаар хэрэгжүүлсэн байна. Нэг чэбольд байгаад үндэслэгчийг нас барсны дараа хуваагдсан олон жишээг Солонгосын түүхээс харж болно. Тиймээс компани нь нээлттэй хувьцаатай байх нь нэлээд төвөгтэй асуудал болж хувирсан.
Өөр нэг гол ялгаа нь удирдлагын удирдах арга барилын ялгаа. Энд захирах, төвлөрүүлэх, захиргаадах арга барилыг удирдлага болгодог болохоос Япон шиг санал нэгдэх маягаар эсвэл Америк шиг эрх мэдлийн төвлөрлийг задлах арга барилыг хэрэглэдэггүй. Солонгос корпорацын удирдлагууд харьцангуй тогтвортой байх хандлагатай байдаг нь эдийн засгийн өсөлт нь тогтвортой байдагтайн л холбоотой. Компанидаа үнэнч ажилчдын цөм харьцангуй жижигхэн, амархан сольж болдог ажилтны хүрээтэй төдийгүй байн байн цомхтгол явуулдаг. Иймэрхүү зүйл Японд бол байдаггүй.
Хятаджсан Солонгос соёлын хүрээнд хэрхэн Самсунг, Хьюндай мэтийн аваргууд гарч ирснийг тайлбарлаж болох ганц хүчин зүйл нь Солонгосын төрийн хатуу чиг бодлого, Японы аж үйлдвэрийн загварыг хуулах гэсэн эрмэлзэл бүхий 1961-1979 он хүртэл алуулах хүртлээ төр барьсан ерөнхийлөгч Пак Жон Хи-тэй холбоотой үзэгдэл юм. Солонгосын төр бусад коммунист улстай дүйхүйц хэмжээгээр хувийн бизнест хамгийн их оролцдог улс юм. Тэрээр банкаар дамжуулан төрийн хяналттай зээл олгох, компанийг санхүүгээр дэмжих, торгох, зөвшөөрөл олгох, гаднын өрсөлдөөнөөс хамгаалах зэргээр бизнесийг төр нарийн чанд зохицуулж ирсэн юм.
Тайваньд Чан Кайши томоохон компанийг дэмжсэнээр нэг л өдөр гоминданы намын том өрсөлдөгч гарч ирнэ гэж үзэж байсан учраас төрийн оролцоотойгоор компаниудын томролтыг хязгаарлаж байсан бол Пак Жон Хигийн засгийн газар өөрийн үндэсний том компанийг дэлхийн зах ээл дээр японы кейрецугийн өрсөлдөгч болно хэмээн найдаж үндэсний компаниудыг хэргээр томроход нь тусалж дэмжиж ирсэн болно. Тэрээр засгийн газрын шууд олгодог маш бага хүүтэй зээл 1970 онд 47%-ийг эзэлж байсан бол 1978 онд 60-аад хувь болж өсжээ. Мөн түүнчлэн зөвхөн цөөн тооны компаниудыг сонгон онцгойлон харж үзсээр ирсэн байна.
Чэболийн томролт компанийг илүү сайн сайхан зүйлд хүргэнэ гэдэг бол урьдчилж хэлэхэд их хэцүү. Жишээ нь Самсунгийн чэбольд багтдаг маш олон компаниуд дотроос ганцхан Самсунг электроникс л дэлхийн хэмжээний хүчтэй тоглогч бөгөөд бусад нь түүний үр шимийг хүртэгсэд гэж үзэж болно.
Түүнчлэн чэболийн эзний гарт ихээхэн хэмжээний хөрөнгө төвлөрөх болсон нь Чан Кайшийн болгоомжилж байсан үр дүнг үзүүлж 1993 онд Хьюндайн үндэслэн байгуулагч Чон Жу Ён ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Иймд сонгууль дууссаны дараа Чоныг авилгын хэрэгт буруутган шоронд хорьсноор бизнес эрхлэгч нарт сануулга өгөв. Том хэмжээний корпорац байгуулах соёл байхгүй нийгэмд төрийн оролцоотойгоор том хэмжээний корпорацыг хэрхэн байгуулж болохыг Солонгосын туршлага харуулж байгаа боловч үүнийг даган дуурайх нь өөрөө маш том эрсдэлийг дагуулахаас гадна ийм соёл байхгүй хөрсөн дээр тогтсон Солонгос компаниудын цаашдын хувь заяа ч их бүрхэг байж мэднэ. Хьюндай, Самсунг мэтийн компаниуд нь үндэсний бахархал, брэнд болж нэгэнт чадсан учраас ийм компанийг задлан тараах нь маш их хохирол дагуулах учраас үүнийг эв нэгдэлтэй байх тал дээр төрөөс арга буюу компанийн дотоод хэрэгт оролцохоос өөр аргагүйд хүргэж байгаа болно.