Тайвань нь 400 жилийн өмнө малай-полинезийн уугуул оршин суугч бүхий арал байв. Уг аралд хятадын дүрвэгсэд үе үе очдог байж. 1590 онд Португаличууд энд анх зангуугаа хаяж 1633 онд Голландчууд залган авч суурьшжээ. Хятад манжид эзлэгдэх үед 100 орчим мянган хятадууд эх газраас зугтан очиж суурьшив. Тэд Кошинга генералын дор нэгдэн 1662 онд голландчуудыг тус арлаас хөөн гаргажээ. Гэвч 20 жилийн дараа эзлэгдэн Манж Чин улсын бүрэлдэхүүнд оржээ.
Хожим Хятад-Японы дайнд ялагдсан Манж Чин улс 1895 онд Симоносекийн гэрээгээр Тайванийг Японд өгчээ. 1945 онд япончууд дайнд ялагдах үед америкчууд Чан Кайшийн засгийн газарт Тайванийг буцаан өгсөн байдаг. Тайваньчууд 1947 онд гоминданы дэглэмийг эсэргүүцэн бослого гаргасан ч дарагджээ. 1949 онд Чан Кайши Мао Зэдунд ялагдан армийнхаа үлдсэн хэсгийн хамтаар Тайваньд зугтан очиж Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулав. Америкийн усан цэргийн 7-р флот тус арлыг хамгаалж байсны хүчинд Маод эзлэгдэлгүй үлдэж чаджээ.
1972 онд АНУ-ийн ерөнхийлөгч Никсон Хятадад айлчилснаар байдал өөрчлөгдөж НҮБ-д Хятадыг Тайвань төлөөлөхөө арга буюу больсон байна. 1979 онд АНУ-ийн ерөнхийлөгч Картер Хятадтай дипломат харилцаа тогтоон Тайваньтай холбоогоо таслав. Тайвань, Хятад 2 хоёул дэлхий дээр нэг Хятад байх ёстой гэдэг дээр санал нэг боловч аль алиныхаа засгийн газрыг хууль ёсных болох тал дээр үргэлж маргаантай байдаг.
1992 онд Тайваньд анхны парламентын сонгууль явагдаж Гоминданы намын Ли Дэн-хуй ерөнхийлөгчөөр сонгогджээ. Зян Зэмин Хонконгийн жишгээр нэг улс, хоёр систем гэсэн зарчмаар Тайваньтай нэгдэх санал тавьж, армийг нь үлдээхийг зөвшөөрсөн байна. Гэвч Тайвань жилийн жилд НҮБ-д элсэх өргөдлөө өгсөн хэвээр л байлаа. Иймээс Хятад Маогоос хойш анх удаагаа цэргийн хүчээр заналхийлэх арга хэмжээ авч 1996 онд агаарын болон тэнгисийн томоохон хүчийг хуримтлуулж цэргийн сургууль хийлгэн Тайванийн 2 боомтын өмнөх товлосон газрыг пуужингаар харважээ. Тэд Тайвань уруу 400 орчим пуужин харвах төхөөрөмжийг суурилсан байна.
АНУ энэ удаад өөрийн цэргийг сургуулилт хийж буй район уруу илгээснээр байдал намжжээ. Ли БНХАУ-ыг ардчилсан улс болсны дараа нэгдэх тухай ярьж болох юм гэжээ. 2000 оны сонгуулиар ардчилсан намын Чэн Шүй-бян ерөнхийлөгч болсон ч Чэн Лигийн бодлогыг үргэлжлүүлэхээ амлан өөрийгөө Хятадын 10 дахь ерөнхийлөгч хэмээн зарлажээ. Тэр "Хятад хүч хэрэглээгүй үед тусгаар тогтнолыг зарлахгүй, улсын нэрийн талаар асуудал үүсгэхгүй, нэгдэх асуудалтай холбоотой санал асуулга явуулахгүй" хэмээн мэдэгджээ.
70-аад оны үед дэлхийн эдийн засагт зүүн Азийн 4 орны асар хурдацтай эдийн засаг хүч түрэн орж ирснийг Азийн 4н бар хэмээдэг. Өмнөд Солонгос нь Японыг дуурайсан олон үйлдвэрийн нэгдэл бүхий концерныг байгуулж төрөөс хүчин чадлыг нь нэмэгдүүлэх замаар, Сингапур нь өрнийн болон Японы үндэстэн дамнасан хүчирхэг концернуудыг хөрөнгө оруулахыг уриалж дэмжлэг авснаар, Хонконг нь америк-Британийн тусламжаар тус тус гарч ирсэн бол Тайвань зөвхөн хятадын уламжлалт аж ахуй болох гэр бүлийн бизнес дээр тулгуурласан жижиг үйлдвэрүүд дээр түшиглэн гарч ирсэн тул Тайванийг энэ 4-өөс онцлон жинхэнэ бар хэмээдэг.
Чан Кайши зөвхөн арми дагуулж гарсан биш тэр үеийн тэргүүний эрдэмтэн сэхээтэн бүхий 2-3 сая иргэдийг дагуулан гарсан нь өнөөгийн Тайванийн хөгжлийн гол суурь болсон юм. Тэд Тайванийн оршин суугчдын 10%-ийг бүрдүүлж байв. Тайванийг хөгжлийн гарцад гарган ирсэн хүн нь үнэндээ Чан Кайшигийн хүү Чиан Зинго юм. Америкчууд ардчилсан чиг баримжааг сонгохыг хүчтэй шахах болсон тул Чиан Зинго нас барсны дараа анх удаа сонгууль явуулж Чиан Зингогийн орны хүн болох дэд ерөнхийлөгч Ли Дэн-хуй сонгогджээ.
1992 онд Ли нэгэн сонирхолтой мэдэгдэл хийсэн нь 2 хятад нэгдэж болно гэхдээ БНХУ гэсэн нэртэй байх ба БНХАУ-ын талаар ямар нэгэн яриа байхгүй хэмээж Хятад Тайвань шиг ардчилсан улс болох ёстой гэдгийг онцолжээ. Ли эх газрын хятадуудад тун дургүй, түүнийгээ ч шулуухан илэрхийлдэг нэгэн байв. Яриа хэлцэл дээр тэр тэднийг дэбил, усан тэнэг, мангуу хэмээн шулуухан хэлдэг байсан ч нөгөөдүүл нь түүнд хариу хэлдэггүй байжээ. 1995 онд Ли АНУ-ад хийсэн айлчлалын үед Тайванийг Бүгд Найрамдах Хятад Улс хэмээн онцолж ярьсан явдал Тайвань-Хятадын харилцааг бүрмөсөн муутгажээ.
Ер нь Америкийн 7-р флот байрласан явдал Хятадууд Тайвань уруу дайрах дайралтыг зогсоохоос гадна Тайвань Хятад уруу дайрах довтолгоог ч мөн адил зогсоосон болно. 1953 онд 7-р флотыг татсаны дараа анх удаа байдал эргэн хурцдаж Мао Тайванийн арлууд уруу хүчтэй гал нээхийг тушаажээ. Хариу цохилтыг агаараас Америкийн нисэх хүчин өгч, НҮБ-ийн АЗ-өөс гал зогсоох тухай тогтоол яаралтай гарснаар хямрал намдсан байна. Үүний үр дүнд 1954 онд Америк Тайванийг батлан хамгаалах гэрээ байгуулагджээ.
1958 онд энэ гэрээ хэр найдвартай болохыг турших зорилгоор хятад 29 хоногийн турш Тайванийг их буугаар галлаж, Америк-Хятадын яриа хэлэлцээ тасарсанд эсэргүүцлээ илэрхийлэх замаар дэлхий дахины анхаарлыг Хятад өөр дээрээ татан авчирсан юм. 1-р хямралыг Москва огт дэмжээгүйгээс үүдэж байсан бол энэ хямралын ард Москва байгаа гэж олон хүн үзэж байсан ба Москва ч Америк Хятад уруу довтолсон тохиолдолд хариу цохилт өгөх болно хэмээн мэдэгдэж байв. Үүнээс болж Америк-Хятадын харилцаа эрс хүйтэрч 10 гаруй жил царцсан юм.
Хрущев ч АНУ-ЗХУ-ийн харилцаа хурцатгасан, Москватай зөвлөлдөхгүй үйл ажиллагаа явуулсан, цөмийн дайны ирмэгт аваачсан хэмээн буруутгаж Бээжинтэй явуулж байсан цөмийн хөтөлбөрөө зогсоож, атомын бөмбөг нийлүүлэх ажиллагаагаа цуцлахад хүргэжээ. Харин гурав дахь хямралыг Ли дэгдээсэн юм. Энэ үед Америк бид Тайванийн асуудлыг шийдэхийн тулд 100 жил хүлээсэн ч чадна гэсэн Маогийн амлалт хүчинтэй эсэхийг Зян Зэминиэс лавлахад шуудхан үгүй гэж хариу өгсөн ба тэр амлалтыг 23 жилийн өмнө өгсөн, одоо 77 жил үлдсэн гэж хариулжээ.
Ардчилсан улс болсны дараа сөхөгдөн гарч ирсэн 2 хортой үр дагаврын нэг нь тайваньчууд 1947 оны 2-р сарын 28-нд Гоминданыг эсэргүүцсэн бослогыг цус урсган дарсан явдал сөхөгдөн гарч ирснээр шилжин ирэгсэд, нутгийн оршин суугчдын хооронд үл ойлголцох явдал ихэсжээ. Нөгөөх нь коммунистуудын эсрэг тэмцэлд Чан Кайши гэмт хэргийн триад бүлэглэлийг ашиглаж байсан ба тэд түүнтэй хамт Тайваньд ирж суурьшсан байсан. Сонгуулийн үед тэд байдал өөрчлөгдөж буйг анзааран ил гарч ирж сонгуульд оролцсоноор хууль тогтоох байгууллагад сонгогчдын 30% триадаас сонгогдсон болно. Эдгээр шалтгаанаас болоод 2000 оны сонгуулиар нутгийн уугуул иргэдийн нам болох Ардчилсан дэвшлийн намаас нэр дэвшигч Чэн Шүй-бян ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Тайванийн 18 хүн тутмын 1 нь үйлдвэрийн эзэн байдаг учир Тайваньд “Хэрэв гудамж уруу чулуу шидвэл пүүсийн эзнийг л ононо” гэдэг шог яриа гарчээ. Тайванийн эдийн засгийг шоргоолжны арми хэмээн Экономист сэтгүүл хочлон нэрлэсэн ба 90-ээд оны эцэс гэхэд хөдөлмөрийн насны хүн амын 80%-ийг хамарсан 1,2 сая жижиг, дунд үйлдвэр байлаа. Эдгээрийн зөвхөн нэг болох Алекс Хангийн гэр бүлийн бизнес болох Sunonwealth Company гэхэд л дэлхий дээрх бүх ноүтбүүкийн хөргөлтийн сэнсний 1/3-ийг дангаараа үйлдвэрлэж байв. 90-ээд оны сүүлээр Тайвань АНУ, Японы дараа компьютерын эд анги үйлдвэрлэгч 3 дахь орон болон гарч ирж, эд ангийн үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлийн 50-80%-ийг эзэлж байна. Жишээ нь 2000 оны байдлаар мониторын 58%, ноүтбүүкийн 49%, компьютерын эх хавтангийн 64%, сканнерын 91%-ийг хангаж байв.
Тайванийн компаниудын нэг онцлог нь асар их үйлдвэрлэлийг хэнд ч үл анзаарагдам үйлдвэрлэх явдал гэж болно. Дэлхийн хамгийн том эх хавтанг үйлдвэрлэгч First International Computer, Тайвань дахь мониторын 80%-ийг дангаараа үйлдвэрлэгч Lite in Technology зэрэг асар том компаниудыг үнэндээ хэн ч ажигладаггүй. Хулгана үйлдвэрлэх талаар дэлхийд 3-рт ордог Kye компани гэхэд л хэнд ч үл анзаарагдах гэр бүлийн бизнес байдаг. Тайвань 2000 онд дэлхийд үйлдвэрлэгдэж буй ноүтбүүкийн тэн хагасыг үйлдвэрлэсэн ч дэлхийд алдартай Compaq нэрээр худалдаанд гаргасан.
Дэлхийд нэртэй IBM, Compaq, Toshiba нар Тайванийн хэдэн мянган жижиг дунд үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдэж буй жижиг эд анги, Original Equipment Manufacturer-ийн бүтээгдэхүүнээс хамааралтай байдаг. Casio гэхэд л тооны машиныхаа эд анги, бүрдэл хэсгийн 80%-ийг Cal Comp-оос авдаг. Тайванийн Acer зэрэг маш цөөхөн компани л өөрийн нэрээр бүтээгдэхүүнээ гаргадаг.
90-ээд онд Тайваньчууд компьютерын эд ангийг үйлдвэрээс гадна хагас дамжуулагчийн үйлдвэрийг нэмж барьснаар өнөөдөр дэлхийн томоохон чип үйлдвэрлэгч улс болж чадсан. Тэд хэдийгээр чип зохиодоггүй боловч Америк, Европ, Япончуудаас их хэмжээний захиалга авч чип үйлдвэрлэгч гол улсын нэг болжээ. Өнөөдөр чипний хамгийн том үйлдвэр Тайваньд л байна. Аж үйлдвэрийн технологийн судалгааны хүрээлэн хэмээх үндэсний лабораторийг байгуулж, үүнийг тойруулан Синчү Парк хэмээх өндөр технологийн томоохон паркийг байгуулсан.
Синчү Парк дахь Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч компани дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч болохоор явна. Тайпэй дэх Сэнчүгээс гадна Тайнанд өндөр технололгийн 2 дахь паркийг байгуулсан. Тайванийн нэг онцлог нь түүний эдийн засаг маш олон жижиг дунд гэр бүлийн бизнес дээр суурилдаг учир 1997 оны Азийн хямралыг хамгийн эрсдэл багатай туулж чадсан юм.
Хонконгтой яг адил үйл явц арай хожуухан Тайванийг хамарч тэд зэргэлдээх эх газрын Фүжиан уруу хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн юм. Хожуу эхэлсэн шалтгаан нь 1987 оныг хүртэл Тайванийн засгийн газар эх газар уруу хөрөнгө оруулалт хийхийг хориглож байгаад түүнээ цуцалсанд оршино. Хамгийн түрүүнд шилжсэн үйлдвэр нь гутлын үйлдвэр бөгөөд хэт цөөхөн ажилчинтай гутлын үйлдвэр нь эх газарт шилжсэнээр хэдэн мянган ажилчинтай том пүүс болон өргөжиж Хятад өнөөдөр дэлхий дээрх хамгийн том гутал үйлдвэрлэгч улс болж хувираад байна. Жишээ нь Тайванийн Паочэн пүүс Найк, Рийбокийн спорт загварын гутал үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том гутлын үйлдвэр болж хувирав. Удалгүй компьютерын эд анги үйлдвэрлэгч үйлдвэрүүдээ шилжүүлж эхэлжээ.
Сувдан голын бэлчирт Primax 3 мянган ажилчинтай дэлхийн хамгийн том хулганын үйлдвэрийг барив. Хонконгчууд Гуандунийг хөгжүүлсэнтэй адил Тайваньчууд Фүжианыг хөгжүүлэв. Хонкогчууд Шэнжэнийг гарган ирсэн бол Тайваньчууд Сиамэнийг гарган ирэв. Сувдан голын бэлчирт Донгуан хэмээх тайвань маягийн хот бий болжээ. Тэнд 40 мянган тайваньчууд 3000 үйлдвэрт ажиллаж байна. Хөх мөрний бэлчир, Сүжоү хотын аж үйлдвэрийн паркад Тайваньчууд өндөр технологийн хөрөнгө оруулалтыг ихээр хийх болжээ.
Өнөөдөр хятадууд өмнөхөөсөө улам ухаалаг аядуу зөөлөн, аливаа зүйлд илүү нухацтай ханддаг, өндөр боловсролтой болжээ. Гэсэн ч маш ухаалаг хэдий өндөр боловсролтой залуу хүн ч хэрэв Тайвань тусгаар улс болохыг хүсвэл шууд дайран эзлэх ёстой хэмээн эрс шийдмэг хариулт өгч байна. Тэд улам бүр Америкаас үл айн, эмээхээ байсан. Тэд Тайванийг шууд цэргийн хүчээр эзлэх ёсгүй хэмээн хэдий ярьдаг ч Тайванийн талаас тусгаар улсын асуудлыг сөхөн тавивал цэргийн хүчээр эзлэх ёстой гэж үзэж байна. Тайвань ч үүнийг ойлгон Хятадыг коммунист чиг баримжаатай байгаа цагт одооны статусаа хадгалж үлдэхээс илүүг санаархахаа байжээ. Тэдний аль алин нь хэзээ нэгэн цагт хоёр хятад нэгдэх ёстой хэмээн үзсээр л байна.