2020/05/23

502-2. Хонконг эртний Венец болон хувирах уу - Конрад Зайц, Хятад дэлхийн гүрэн эргэн ирж байна

17-р зууны эхээр Хятадын зүүн өмнөд эргээр Европын худалдаачид үзэгдэх болж тэднийг баруун далайн зэрлэгүүд хэмээн нэрийджээ. Тэднийг зөвхөн Гуаньжоуд байрлаж, өвөл эхэлмэгц заавал нутаг буцах дүрэмтэй байв. Тухайн үед Их Британид хар тамхийг худалдаалахыг зөвшөөрч, Британийн колони Энэтхэг хар тамхины тариалангийн төв болж байсан ба Хятадын зах зээлд нэвтэрч чадсан цөөхөн барааны нэг нь энэхүү хар тамхи байжээ. 


Гэвч энэ үед Манж Чин улс хар тамхийг хориглож байв. Үүнээс улбаатай зөрчил үүссэн тул үүнийг зохицуулахаар 1793 онд Лорд Макартней эзэн хаанд бараалхжээ. Тэрээр барууны бүтээгдэхүүний давуу талыг харуулахаар их хэмжээний бэлэгтэй очсоныг Чин улсын хаан алба гувчуур өргөж байна хэмээн андууран хүлээн авчээ. Түүгээр үл баран хаанд бараалхах үедээ түүний өмнө сунан хэвтэж духаараа газарт 3 удаа мөргөх ёслолыг заавал гүйцэтгэхийг шаарджээ. 


Хэвтэж мөргөх талаар маргаан 7 хоног үргэлжилж Макартнейг нэг өвдөг дээрээ сөхрөн мэндэлчхийг зөвшөөрч. Гэвч тэрээр лордыг далай тэнгисээр хүрээлэгдсэн өчүүхэн арлын хүн ашиг сонирхол олохоор хүрэлцэн иржээ хэмээн хүлээн авч хариу өгсөн байдаг. Лорд буцахдаа маш заналхийлсэн дүгнэлттэй буцсан нь английн усан цэргийн хоёрхон онгоц л хятадын усан цэргийн бүх хүчийг устгахад илүүднэ гэсэн дүгнэлт юм. 


Далайн зэрлэгүүд ахин 20 жилийн хугацаанд төвөг удаагүйн энэ үед Европыг түйвээж байсан Наполеонтой л холбоотой болохоос хятадын дипломат аргын ач тус ер биш юм. Наполеон сүйрэнгүүт 1816 онд Лорд Амхерстээр толгойлуулсан төлөөлөгчид ахин ирсэн боловч сөгдөж мөргөх ёслолыг гүйцэтгэхийг шаардсанаас үүдэлтэй Ордны гадаа Британийн элч хятад түшмэдүүдийн хоорондох нанчилдаан болж айлчлал бүтэлгүйтжээ. 


1834 онд Британийн гадаад хэргийн сайд Палмерстон асуудлыг шийдвэрлүүлэхээр Шотландын усан цэргийн офицер Лорд Напиерыг илгээжээ. Гэвч Напиер Гуаньжоугаас хэтэрсэнгүй хятад түшмэдтэй үл ойлголцож удалгүй хумхай өвчин тусч нас баржээ. Напиер бурхан болохоосоо өмнө маш цөөхөн хүн ам суурьшсан хадан цохиот арал Хонконгийг байгалиас заяасан гоц сайн далайн зогсоол хэмээн үзэж тэмдэглэн авч мэдэгдсэн байдаг. 


Үүний дараа 1839 онд Бээжин Линь Зэсу түшмэлийг Гуаньжоу уруу томилж барууны зэрлэгүүдийн худалдаа болох хар тамхины худалдааг хориглохыг даалгажээ. Линь ирэнгүүтээ хар тамхины худалдааг хориглож Хатан хаан Викторид Британийн колони Энэтхэг дэх хар тамхиа устгахыг шаарджээ. Хариуд нь Британийн гадаад хэргийн сайд Палмерстон тэнгисийн флотыг илгээсэн байна. Британийн тэнгисийн флот үнэхээр сүйтгэл ихтэй, хятадууд дийлэхгүй гэдгээ мэдэнгүүт зэрлэгүүдийн дайралтыг өдөөсөн хэрэгт Линьг буруутган цөлж оронд нь Чишанийг томилон хэлэлцээр хийлгүүлсэн байна. 


Уг хэлэлцээрээр Хонконгийг эзэмших тусгай эрхийг Британид олгож, 6 сая долларын нөхөн төлбөр олгохыг зөвшөөрчээ. Гэвч гэрээ хэлцэл хийсэн 2-ыг Манж Чин улсын засгийн газар ч, Их Британийн засгийн газар ч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Чишинийг цаазаар аваачсан болно. Британи өөрийн элчийг яаралтай сольж өөр элч илгээн яаралтай эргийн боомтуудыг эзлэн бүсэлж Наньжинийг дайрахад бэлэн болмогц хятадууд шинэ элч илгээн ахин хэлэлцээр хийв. Энэхүү хэлэлцээрт өмнөх тохирсон дээр нэмэгдэж Нинбо, Шанхай, Сямень, Фужоу зэрэг далайн эргийн 5 боомтод байнгын төлөөлөгч болон өөрийн иргэдийг суурьшуулах, тэд зөвхөн Британийн хуульд захирагдах ёстойг нэмж оруулсан юм.


1841 оны 1-р сарын 26-нд Британийн тугийг Хонконгт мандуулж байх үед 15000 оршин суугчтай тариачдын ядуу тосгон байв. Британийн гадаад хэргийн сайд Палмерстон энэ арлыг нүцгэн хавцгай хэмээн тоомжиргүйхэн нэрлэжээ. 1949 оныг хүртэл Хонконгт хөгжил дэвшил огт үгүй байв. Гэтэл 1949 онд Чан Кайши хөөгдөж Мао Зэдун ялснаар Хятадад коммунист дэглэм тогтов. Энэ үед коммунизмоос зугтсан мэдлэг боловсрол, авьяас чадвар бүхий 1-2 сая дүрвэгч Шанхай, Шанси, Гуандин мужаас цагаачлан ирсэн нь Хонконгийн цэцэглэн хөгжих үндэс суурь болжээ. Ердөө л Чан Кайшиг даган гарч Тайванийг хөгжүүлсэнтэй яг адилхан зүйл Хонконгт тохиолджээ. 


Хятадад коммунист дэглэм тогтсон нь Их Британи өөрийн колонидоо анхаарал хандуулахаас аргагүйд хүргэж. Тэд яагаад ч юм Хонконгийг өөрийн түшиц бааз болон хэмээн үзэж тэтгэн дэмжих болов. Ямар ч ардчилал үгүй Хонконгт Хятад буцаан өгөх 4 жилийн өмнөөс ардчиллыг нутагшуулж, үүгээр дамжуулан нийт Хятадад нөлөөлж болно хэмээн үзэж байсан нь нэн сонин. Ийнхүү ердөө 4 жилийн хугацаанд Хонконгийн ардуудыг ардчилал, хүний эрхэд суралцуулж, хожим үүгээр далимдуулан нийт Хятадыг шахаж болно хэмээн тооцоолжээ.


Дэн Сяопин 1979 онд Гуандун, Фүжианд эдийн засгийн дөрвөн тусгай бүс байгуулж гадаадын хөрөнгө оруулалтыг татан дууджээ. Энэ үед газар, хөдөлмөрийн хөлс өндөр болсон Хонконг шинээр давшин орж ирсэн Тайланд, Малайз, Индонез, Филиппинтэй өрсөлдөх чадваргүй болж ирсэн цаг үетэй таарч Дэн Сяопиний саналыг дуртайяа даган эх газар уруу хөрөнгө оруулалт хийсэн болно. Эхлээд хил залгаа Шэнжэнийн тусгай бүс рүү, дараа нь Гуандун мужид бүхэлд нь ялангуяа Сувдан голын бэлчир, сүүлдээ бүх Хятад даяар хөрөнгө оруулалт хийсэн болно. Ингэснээр Хонконгийн бараг бүх үйлдвэр хятад уруу шилжин байрлаад байна. 


Зөвхөн зүүн өмнөд Хятадад л 400 мянган үйлдвэрт 5 сая хүн ажиллуулж байна. Хонконгт зөвхөн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, дизайныг зохиох, савлах, дэлхийгээр түгээж борлуулах ажил л үлджээ. Хонконгийн хүүхдийн тоглоомын хамгийн том үйлдвэрлэгч Harbour Ring л гэхэд 1992 онд Гуандунд 7 үйлдвэртээ 10 мянган ажилчин ажиллуулж байсан бол Хонконг дахь төвд нь 400-гаад ажилчин ажиллаж байв. Зөвхөн үйлдвэр байгуулахаас гадна 80-аад оноос үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн томоохон хөрөнгөтөн толгой баячууд хятад уруу их хэмжээний хөрөнгө оруулалт хийж хурдны зам, гүүр, тансаг зочид буудал, их дэлгүүр, баячуудад зориулсан орон сууц, конторын зориулалттай өндөр барилгуудыг барьж эхэлжээ. 


1997 оны 7-р сарын 1-нээс Хонконг Хятадын талд шилжсэн болно. 156 жилийн дараа буцаан өгөх үед нөгөөх нүцгэн хавцгай 6,7 сая хүнтэй, Лондон, Нью-Йорктой өрсөлдөхүйц хот болсон байв. Хонконг бол эдийн засгийн бүтцээрээ бараг цэвэр реэкспортын хот юм. 1995 оны байдлаар тус хотод импорт, экспортын 110000 пүүс, 540 мянган хүнийг ажиллуулж байв. Хонконг дэлхийн хамгийн гүн усан боомттой нь түүнийг реэкспортлогч улс болоход нөлөөлжээ. Тэд зүгээр нэг дамжин өнгөрүүлэгч бус дамжин өнгөрч буй зүйлд нэмүү өртөг оруулж ашиг олдог газар. Мөн Нью-Йорк, Лондонгийн дараа ордог дэлхийн банкны 3 дахь төв. Дэлхийн томоохон банк болгон энд төлөөлөлтэй бөгөөд 500 орчим банк бий. 


Далайн чанадад нийт 33 сая хятад амьдардаг гэдгээс 27 сая нь Зүүн Өмнөд Азид амьдарч байна. Эндээс Индонезод хятад угсааны хүмүүс хүн амын 3,5%-ийг эзэлж буй боловч биржид бүртгэлтэй хөрөнгийн 73%-ийг, хувийн 10 том пүүсийн 9-ийг эзэмшиж байна. Таиландад хүн амын 10%-ийг эзэлж, биржид бүртгэлтэй хөрөнгийн 81%, хамгийн том 4 хувийн банк, түүн дотор Bangkok Bank-ийг эзэмшиж байна. Малайзад хүн амын 29%-ийг эзэлж, биржид бүртгэлтэй хөрөнгийн 61%-ийг эзэмшиж буй бол Филиппинд хүн амын 2%, биржид бүртгэлтэй хөрөнгийн 50-60%, Сингапурт хүн амын 77%, биржид бүртгэлтэй хөрөнгийн 81%-ийг тус тус эзэмшиж байна. 


Зүүн Өмнөд Азийн хятад угсаатнуудын төв нь Хонконг болно. Томоохон бүлэг нэгтгэлүүд энд өөрийн салбар, банкнуудыг байгуулсны дотор Малайзын Kuok Group, Индонезийн Salim Group, Lippo Group, Таиландын Charoen-Pokphand Group орно. Эдгээр дээр нэмэгдэж хойд Америк дахь 5-6 сая, Өмнөд Европ дахь 940 мянга, Австрали, далайн орнууд дахь 540 мянган хятад угсаатнууд нэмэгдэнэ. Эдгээрээс АНУ-ийн Калифорни дахь сая гаруй хүнтэй бүлэг нэн чухалд тооцогдоно.


Хонконг нь хятад уруу хийгдэж буй хөрөнгө оруулалтын гол дамжлага нь, нэн ялангуяа эх газарт амьдардаггүй хятад гаралтай бизнесүүдийн цуглардаг гол төв нийслэл болно. Эндээс зөвхөн Хятад төдийгүй Зүүн Өмнөд Азид хийгдэж буй хөрөнгө оруулалтын хянаж удирддаг. Томоохон кино үйлдвэрлэгч бөгөөд АНУ-ийн дараа дэлхийд 2-рт ордог. Гэхдээ газрын үнийг дэндүү хөөрөгдсөнөөс газар, үл хөдлөх асар үнэтэй болж ажлын хөлс огцом нэмэгдсэн нь үйлдвэр үйлчилгээний газруудыг дайжихад хүргэсэн. Хятадад шилжихтэй зэрэг шахам Зүүн Азид дэгдсэн хямралаас одоог болтол гарч чадахгүй л байна. Хямралын улмаас ирэх жуулчид багассанаас дэлгүүрүүд хоосорч, зочид буудлууд эзгүйрэв. 


Гадаадын үйлдвэр, пүүсүүд өөрсдийн төвийг нэгэнт Сингапур, Бангкок зэрэг Зүүн Өмнөд Ази уруу шилжүүлж эхэлжээ. Хэт удаан олон жил үргэлжилсэн мөнгөний хомстол нь эдийн засгийг тасралтгүй уруудуулж, ажилгүйдэл урьд хожид үзэгдээгүй хэмжээнд хүрэв. Хонконг Тайванийн жишгээр өндөр технологийн аж үйлдвэрийн парк байгуулах зорилгоор Cyberport Informtaion Technology Park-ийг үндэслэсэн. Мөн хоёр дахь томоохон цогцолбор болох хагас дамжуулагчийн аж үйлдвэрийн парк Silicon Harbour-ийг байгуулсан. Энэ бүхнийг үндэслэн Хонконгийг электроникийн худалдааны төв болгохыг зорьсон ч нэг л бүтэл муутай байна. 


Өнөөдөр олон хүмүүс Хонконгийг мөхлийн замдаа эргэлт буцалтгүй орж хэрхэн худалдааны нийслэл хөдөөний хот болон хувирсан эртний Венецийн хувь тавилан хүлээж байгаа хэмээн үздэг. Гэвч Хонконг өнөөдөр болтол дэлхийн хамгийн орчин үеийн хот хэвээр л байна.